Намрын "амт" хаяанд иржээ

Хөдөө аж ахуй


Ногоочид нарийн ногооны тариалалтаа нэмэгдүүлжээ

Намрын хамгийн амттай бөгөөд шимтэй бүхэн нэг дор “цуглараад” байна. Хөрснөөс сугалаад удаагүй, шороо нь гүйцэд арилаагүй шар төмс, лууван, аварга хулуу, цэцэгт байцаа, самар, нэрс, тарвас гээд шинэ ургац “Мишээл экспо” төвийн гадна талбайд таныг хүлээж байна.

Энэ намрын хувьд төмс, хүнсний ногооноос гадна нарийн ногоо өргөн сонголттой байгааг дуулгая. Цагаан лууван, цэцэгт байцаа, олон төрлийн чинжүү, навч, жууцай буюу гогод гээд нарийн ногоо өнгө алаглана. Мэдээж, монголчуудын хэзээний танил өргөст хэмх, улаан лооль, хулуу, хар хаш ч хүнсчдийн лангуун дээр өрөөстэй байна.

“Энэ жил нарийн ногооны тариалалтаа нэмсэн” хэмээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ногоочин Л.Чимгээ хэлж байна. Учир нь сүүлийн жилүүдэд хүлэмжээс голдуу “мэндэлдэг” нарийн ногооны хэрэглээ манайд мэдэгдэхүйц өссөн. Хэрэглэгчдийн эрэлтийг дагаад ногоочдын тариалалт ч өөрчлөгдсөн нь энэ. Дээрээс нь нарийн ногоо нь бусад бүтээгдэхүүнээс өндөр үнэтэй байдаг нь энэ төрлийн хүнс тарих бас нэг шалтгаан болсныг ногоочид учирлаж байна. Өөрөөр хэлбэл, үнэ болон эрэлт харьцангуй өндөр байгаа нь нарийн ногооны тариалалт цэцэглэх таатай “хөрс” болжээ. Зарим ногоочид хүнсний ногоогоо угааж, хэрэглэгчдэд хүргэж байна. Энэ нь бас хэрэглэгчдийн хүсэлтийг даган тэдний үйлчилгээ өөрчлөгдөж буйн нэг жишээ.

Тэрчлэн бүх төрлийн ногооноос гадна амтат зөгийн бал, аньс, нэрс, самар, тарвас, амтат гуа гээд хамгийн амттай идээ, ундаа элбэг, дэлбэг. Шинэ ургацын ногооны амтыг сонирхох худалдан авагчдын хөл ч тасрахгүй байна.

• Үнэ болон эрэлт харьцангуй сайн байгаа нь нарийн ногооны тариалалт цэцэглэх таатай “хөрс” болжээ.

• Өргөст хэмх, улаан лооль зэрэг зарим бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс өндөр байгааг иргэд өгүүлэв.

• Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-25 хүртэл “Мишээл экспо” төвд үргэлжилнэ.

Жил бүрийн есдүгээр сард болдог “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаагаар хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс харьцангуй хямд борлуулдаг. Учир нь, дамжлага бүрт үнэ нэмдэг олон шат дамжлагыг халж, ногоочдоос хэрэглэгчдийн гарт шууд хүргэж буй тул үнийн хувьд харьцангуй хямдардаг. Ингэснээр хэрэглэгчийн гарт хямд хүнс хүрэхээс гадна ногоочид ч бүтээгдэхүүнээ ахиу үнээр борлуулах боломж бүрдэнэ. Өмнө нь дамын наймаачдын хэлсэн хямд үнээр ногоогоо “өгчихдөг” байлаа. Одоо бол боломжийн үнээр борлуулж буйгаа ч ногоочид хэлж байв.

Дамын наймаачид хэт хямд үнээр ногоочдоос ургац бөөндөж аваад, хэрэглэгчдэд өндөр үнээр борлуулдаг нийтлэг жишиг байсан. Харин үүнийг халсан тул шинэ ногооны үнэ зах зээлийн үнээс харьцангуй хямдарсныг худалдан авагчид хэлж байлаа.

Гэхдээ өргөст хэмх, улаан лооль зэрэг зарим бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс өндөр байгааг иргэд өгүүлэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НЗДТГ хамтран зохион байгуулж “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаа өргөн сонголттой үүдээ нээгээд байна. Уг худалдаанд эх орны үржил шимт нутгуудаас ирсэн 200 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож байна. Мөн ногооны худалдаатай зэрэгцээд сүү, ус, ундаа зэрэг дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг “Мишээл экспо” төвийн дотор талбайд борлуулж байна. Товчхондоо, Монголын гэх тодотголтой хүнсний бүх бүтээгдэхүүнийг энд борлуулж байна. Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-н хүртэл “Мишээл экспо” төвд үргэлжилнэ.

Үүнтэй зэрэгцээд шинэ ургацын хүнсний ногоог нийслэлийн хэд хэдэн цэгт борлуулах аж. Хэдийгээр шинэ ногоо хэрэглэгчдийн гарт хүрээд эхэлсэн ч улс орон даяар ургац хураалт үргэлжилж байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр энэ сарын 19-ний байдлаар ургац хураалт 25-40 хувьтай байна. Үүнээс үр тарианы хураалт 25 хувьтай байгаа бол төмс 31.5, хүнсний ногооны 49 хувийг хураан авчээ. Энэ намрын ургац хураалт өмнөх жилүүдийн түвшинд үргэлжилж буйг албаны хүн мэдээлсэн. Ялангуяа, тариалангийн түшиц нутгууд болох Сэлэнгэ аймагт ургац хураалт 30-40 хувьтай байна. Гэхдээ ирэх өдрүүдэд дийлэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Иймд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд салбарын яам, тариаланчид, орон нутгийн удирдлага хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ сарын 23-наас эхлэн нийт нутгаар дулаарах аж. Ургацын урьдчилсан тооцоогоор Монгол Улс энэ намар 271.8 мянган тонн үр тариа хураан авна. Үүнээс буудай 259.2, төмс 102.3, хүнсний ногоо 75.7 мянган тонныг тус тус хураан авахаар төлөвлөж байна. Мөн 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал авах аж.

САНАЛ БОЛГОХ