Уламжлал, шинэчлэл хослох цаг

Мэдээ


Өдөр тутмын сонины хөгжлийн гарц нь технологийн шийдэл

Өдөр тутмын сонины эрин үе дууссан, өнөөгийн нийгэмд сонин уншдаг хүн байхгүй болсон, сонин бол хөгшин хүмүүст зориулсан хэрэгсэл гэх мэтчилэн өдөр тутмын сонинтой холбоотой таагүй мэдээллүүд хөвөрсөөр. Техник технологийн эрин үед өнөөгийн залуус хэрэгцээтэй мэдээллээ цахим ертөнцөөс шуурхай авдаг болсон учир хэвлэл мэдээллийн салбарт өдөр тутмын сонины эзлэх байр суурь хумигдаж байгаа нь тус салбарынхны санааг зовоосон асуудал болж буй. Тиймээс өдөр тутмын сонинуудын хөгжил өнөөдөр ямар түвшинд явж байна вэ, ирээдүйд тулгарах сорилт юу байх вэ гэдгийг хэлэлцэхээр Монголын өдөр тутмын сонины холбооноос санаачлан өдөр тутмын сонинуудын анхдугаар форумыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Монголын өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, тус холбооны гүйцэтгэх захирал С.Гантогоо, нийтлэлч Баабар, шог зураач С.Цогтбаяр, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Монголын үнэн”, “Үндэсний шуудан”, “Өглөөний сонин” “Зууны мэдээ”, “Улс төрийн тойм”, “Ардчилал”, “Засгийн газрын мэдээ” зэрэг өдөр тутмын сонины ерөнхий эрхлэгч нар болон сэтгүүлчид оролцож, гал тогоондоо тулгамдаж буй асуудлаа өргөн хүрээнд ярилцлаа. Форумын эхний хэсгийн илтгэлийг Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Э.Долгион тавив. Тэрбээр “Үнэн хэрэгтээ бүхий л цаг үед нийгмийг манлайлж, тэргүүлж байсан, ирээдүйд ч тийм байх хэвлэл бол сонин” хэмээн онцолсон юм. Түүний хэлсэн үгийг доор бүрэн эхээр нь нийтэлснийг уншаарай.

Цахим орчны хөгжил, дижитал технологийн эрин үе ирж, мэдээлэл гэрлийн хурдаар тархаж байгаа өнөө үед зөвхөн сонины салбар л хамгийн удаанаар хөгжиж байгааг форумд оролцогчид хэлж байлаа. Ялангуяа, дэд бүтцийн асуудлыг хөндөхгүй өнгөрч болохгүй байв. Тухайлбал, өнөөдөр эмийг хүртэл шуудангаар хүргэдэг болчихоод байхад сонингийн хүргэлт ХХ зууны хэвээрээ байгааг сэтгүүлч Г.Мөнхбаясгалан сануулсан. Энэ мэт шалтгааны улмаас сонины борлуулалт нэмэгдэхгүй, захиалагчдын тоо хумигдаж байна.

Гэхдээ өнөө хэр уламжлалт сонин унахгүй байгаа нь шалтгаантай. Юу гэхээр, уншигчдын 90 хувь нь цахим сайтаас авсан мэдээллээс илүүтэй сонин дээр гарсан мэдээ, мэдээлэлд итгэдэг гэсэн судалгаа байна. Үүнд л өдөр тутмын сонины амин сүнс оршиж буй юм. Яагаад уламжлалт хэвлэл буюу сонин зах зээлээс арчигдаж, цахим сайтууд энэ орон зайг нөхөж чадахгүй байна вэ гэсэн асуултын хариултыг та авчихлаа. Иргэд сонинд итгэдэг учраас тэр. Сонины редакци үргэлж долоо хэмжиж, нэг огтол гэсэн зарчмыг баримталдаг юм. Сонин дээр гарсан мэдээ, сурвалжилга, нийтлэл, ярилцлага зөвхөн тухайн сэтгүүлчийн бүтээл гэхээс илүү редакцийн олон дахин шүүлтүүрээр шүүж, тунгааж гаргасан бүтээгдэхүүн байдаг учраас сониныг бусад хэвлэлээс илүү үнэ цэнэтэй болгодог гэдгийг форумд оролцогчид хэлж байлаа.

Нөгөөтэйгүүр, сонин чанартай контент үйлдвэрлэдэг ч дижитал орчинд байр суурь, шийдлээ олж чадахгүй байгаа нь асуудлын гол болоод байгаа юм. Үүнийг хөндөж, шийдвэрлэх нь тус форумын бас нэг гол зорилго байлаа.

Форумын хоёрдугаар хэсэгт олон улсын сонины зах зээл ба эдийн засгийн мэдээллийн ач холбогдлын талаар “Засгийн газрын мэдээ сонин”-ы ерөнхий эрхлэгч Б.Дуламхорлоо сонирхолтой илтгэл тавьсан юм. Тэрбээр өдөр тутмын сонинууд уламжлалт сонин хэмээх олон нийтийн хуучирсан ойлголтыг өөрчилж, технологийн дэвшилтэй хөл нийлэх, үүний тулд салбартаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэйг хэлж байлаа. Хамгийн гол нь сонины салбарт сэтгүүлчдийн сайн контентыг борлуулах шилдэг менежерүүд хэрэгтэй байгааг онцолсон юм. Форумын үеэр анх удаагаа “Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг”-ийг үзэглэв. Энэ санаачилгаар дамжуулан хэвлэл мэдээллийн салбарын дөрөв дэх засаглалын үүргийг улам бүр тодотгохыг зорьж байгаа юм. Тунхагт өдөр тутмын сонинуудын редакциуд эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэн, шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхээр заажээ. Тэрчлэн Монголын өдөр тутмын сонинууд анх удаагаа ёс зүйн тунхгаа албажууллаа. Ёс зүйн тунхгийг албан бусаар бүхий л өдөр тутмын сонин үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. Харин энэ удаагийн форумаар дээрх тунхагт нэг үзэл бодолтойгоор нэгдэж, баталгаажуулав. Тунхагт аливаа мэдээллийн бодит байдлыг баталгаажуулж, олон талын эх сурвалжаар нотлогдсон мэдээллийг нийтлэх шаардлагыг онцолжээ. Түүнчлэн өдөр тутмын сонины хэвлэн нийтлэх эрх чөлөө нь зөвхөн тухайн мэдээллийн үнэн бодит байдлаар хязгаарлагдахыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохоо тусгасан юм.


САНАЛ БОЛГОХ