НҮБ том гүрнүүдийн ашиг сонирхолд нийцэхгүй байна

Ярилцлага


Дэлхийн II дайнаас хойш тогтсон НҮБ-ын бүтцийг өөрчлөх асуудал хөндөгдлөө

НҮБ-ын 72 дахь удаагийн ассамблейн талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор С.Баясгалантай ярилцлаа.

-НҮБ-ын Ерөнхий ассамблейн нээлтэд шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар анх удаа оролцож, байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татлаа. Энэ ассамблейгээс бид ямар үр дүн хүлээж болох вэ?
-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нь аядуу зөөлөн үзэлтэй, хүний эрхийг дээдлэгч хүн. Харин АНУ- ын Ерөнхийлөгч Дональд Трамп эсрэгээрээ чанд хатуу байр суурь баримталдаг. 72 дахь удаагийн Ерөнхий ассамблейд Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-д шинэчлэл хийх санал гаргасан нь олны анхаарлыг татлаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн улс дэлхийн II дайнаас хойш тогтсон НҮБ-ын бүтцийг хүлээн зөвшөөрөх, эсэх нь томоохон асуудал дагуулж мэдэхээр байна. Хамгийн гол нь, 1945 оноос хойш НҮБ дэлхийн аюулгүй, тогтвортой, энх тайван байдлыг хангах үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж чадаагүй хэмээн Трамп үзэж байна. Тэрбээр НҮБ-ыг том бүтэцтэй, институци сайтай ч хэдхэн дипломатууд уулзаж, цагаа дэмий өнгөрөөдөг газар болсон учир ажил хэргийн чанарт шилжих хэрэгтэй гэж шүүмжилсэн. Ялангуяа, АНУ НҮБ-ын төсвийн 22 хувийг дангаар бүрдүүлж байгаа тул үргүй хоосон зардал гаргахгүй хэмээн үзэж буй юм. Харин Трампын хатуу бодлого, байр суурьтай БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар зөрчилддөг учраас энэ удаагийн ассамблейд оролцоогүй. Гэхдээ энэ удаагийн чуулганаар НҮБ бодлогын хүрээнд хүний асуудалд гол анхаарлаа хандуулна гэсэн уриалга гаргасан нь сайшаалтай. Үүний тулд эхний ээлжинд Хойд Солонгос болон Ираны асуудлыг шийдэх шаардлагатай байна.

-Олон улсын судлаачид НҮБ- аас гаргаж буй бодлого болон уриалга нь бусад орнуудын эрх ашигтай төдийлэн нийцдэггүй хэмээн шүүмжилдэг. НҮБ-д шинэчлэл хийвэл хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ?
-НҮБ-ын уриалгыг бүх орон хүлээн зөвшөөрдөг хэдий ч том гүрнүүдийн ашиг сонирхолд арга барилын хувьд нийцэхгүй байгаа нь асуудал дагуулж буй. Трамп Хойд Солонгос болон Ирантай холбоотойгоор НҮБ-ын шинэчлэлийн асуудлыг оруулж ирсэн. Тэрбээр дэлхийн баруун хагаст, ялангуяа Венесуэл, Куба зэрэг оронд энхтайван, тогтвортой байдал, хүний эрхийг дээдлэх асуудал тээг болж байгааг тодотгоод социализм, коммунизмыг дэмжихгүй гэдгээ маш тодорхой илэрхийлсэн. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх нэг арга нь НҮБ-ын шинэчлэл гэсэн томоохон байр суурийг илэрхийлсэн.

-НҮБ 72 дахь удаагийн Ерөнхий ассамблей болж байгаа энэ цаг үед олон улсын хэмжээнд анхаарал татах үйл явдлууд өрнөж байна. Ялангуяа, Хойд Солонгосын талаарх АНУ-ын илэрхийлж байгаа байр суурь Трампын бодлоготой ижил байна гэхэд эргэлзээтэй. Судлаач хүний хувьд үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бодлоо илэрхийлдэг болохоос биш, төдийлэн бодлогын хэмжээнд ярьж чаддаггүйг судлаачид шүүмжилдэг. Өнгөрсөн хугацаанд Трамп Хойд Солонгосын талаарх байр сууриа хүчтэй илэрхийлж, айлган сүрдүүлж, бүр цэргийн хүч төвлөрүүлнэ гэж үзлээ. Гэсэн ч энэ нь төдийлэн амжилт олсонгүй. Иймд Трамп болон түүнийг шүүмжилдэг судлаачид нэг зүйл дээр санал нэгдээд буй. Энэ нь нэгэнт цөмийн туршилт хийсэн Хойд Солонгосыг зогсоож чадаагүй хойно энэ талаар ярихад оройтсон гэж үзээд дорвитой арга хэмжээ авахыг чухалчилсан. НҮБ- аас хоосон хориг тавьж, тогтоол гаргаад ямар ч нэмэргүй байгаа учир илүү бодит арга хэмжээ авах ёстой, үүний тулд НҮБ-ын оролцоог нэмэгдүүлэх ёстой гэсэн уриалгыг ассамблейн үеэр Трамп гаргаад байна.

-Социализмийн үзэл баримтлалтай орнууд цөөн бий. Гэхдээ АНУ-ын ардчилал төгс ардчиллын жишээ биш хэмээн үздэг хүмүүс ч байна. Тэгвэл энэ цаг үед том гүрний удирдагчид Мьянмарт болж үйл явдлын талаар байр сууриа илэрхийллээ. Таны хувьд үндэсний цөөнхийг хөөж гаргахыг хэрхэн дүгнэж байна?
-Мьянмарт тохиолдсон улс төрийн нөхцөл байдал дэлхийн өнцөг булан бүрт байдаг, байсаар ч ирсэн. Тэр болгоныг ноцтой хэмжээнд авч үзэж, тусгаж байгаагүй. Яагаад Мьянмарыг ингэж онцгойлж үзэж байгаа нь ардчиллын цогтой тэмцэгч Ан Сан Сучитай холбоотой байх. Тэрбээр хагас цэрэгжилтийн дэглэмийн эсрэг он удаан жил тэмцэж, түүний тэмцлийг НҮБ болон ардчилсан орнууд дэмжсээр ирсэн. Гэтэл үнэндээ дефакто удирдагч Ан Сан Сучиг хүний эрхийн байгууллагаас үндэсний цөөнхийн эрсэг, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж байна хэмээн үзсэн нь Мьянмарын асуудал олон нийтийн анхаарлын төвд хүрээд байгаа юм.


САНАЛ БОЛГОХ