Харангадах эсвэл хордох харгис сонголтын өмнө

ЗГМ: Цуврал


Урантай усаар ундаалсаар байх уу

Усгүй бол хүн гурваас илүү хоног тэсэхгүй, эрүүл амьдрахын тулд өдөрт хоёр литр ус уух ёстой гээд дусал усны үнэ цэнэ алтнаас илүүг ойлгуулсан олон баримт бий. Усны төлөө хүн төрөлхтөн дайтаж, усны нөөцтэй улс сүр хүчээ гайхуулж, усанд түшиглэсэн улс төрийн бодлого эрчээ авсан цаг үед бид амьдарч буй. Тиймээс ч усны хангамж аливаа улсын бодлогын тэргүүнд бичигддэг. Өнөөдөр хүн төрөлхтний гурван хүн тутмын нэг нь усаар гачигдаж байна. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ тоо цаашид ч өсөх хандлагатай. Үүнээс гадна дээрхээс салгаж ойлгох ёсгүй нэг зүйл нь усны эрүүл ахуй. ДЭМБ-ын дүн мэдээгээр жил бүр 842 мянган хүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй уснаас болж нас бардаг гэх тоо бий. Харин цэнгэг гол мөрөнтэй манай улсын хувьд усны эрүүл ахуй төдийлэн тулгамдсан асуудал биш гэж албаныхан хэлдэг. Гэвч бодит байдал үүнээс өөр байна.

Дэлхийн дулаарлын нөлөө хүчтэй явагддаг манай оронд гол мөрөн ширгэж, жил ирэх тусам гадаргын усны нөөц хомсдож буй нь эцэстээ гүний уснаас өөр сонголт үлдээхгүй нь бололтой. Төвийн бүсийн усны хэрэглээний 65 хувийг бүрдүүлдэг гүний ус эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх нь тун эргэлзээтэй болжээ.

Саяхан ЭМШУИС, АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэмтэд нийслэлийн гүний усанд уран агуулагдаж байгааг санамсаргүйгээр тогтоосон. Тухайн үед нийслэлийн долоон дүүрэг дэх хяналтаас гадуурх гүний усан дахь хүнцлийн хэмжээг тогтоохоор зөвшөөрөлгүй ухсан 129 худгаас дээж авч шинжилжээ. Гэтэл дээжээс нь уран илэрсэн байна. Бүр ДЭМБ-ийн зөвлөмжид заасан 15 мкг/л хэмжээнээс их гарсан нь үнэхээр ноцтой юм. Тодорхой хэлбэл, нэг литр усанд 0.01-57.2 мкг ураны агууламжтай буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс бараг дөрөв дахин их байв. Орон сууцны ойр орчим, гэр хороолол дундах аль ч гүний худгийн усанд ураны агууламж яах аргагүй өндөр гарсан. Ураны эх үүсвэрийг нарийвчилж судлаагүй учир байгалийн гаралтай гэж таамаглаад, гүнзгийрүүлэн судлахыг зөвлөмждөө санал болгожээ. Тус судалгааны англи хэл дээрх бүрэн эхэд хөрс, усанд агуулагдах ураны хэмжээг хэдий чинээ нарийвчилж судална, төдий чинээ хар тугалга, хүнцэл, мөнгөн ус зэрэг хүнд металлын харилцан хамаарлыг илүү тодорхой болгох бололцоотой.

Мөн уранаас үүдсэн эрүүл мэндийн хохирол, түүнийг хэрхэн шийдвэрлэх нь улаанбаатарчуудын өмнө хурцаар тавигдана гэдгийг бичжээ. Тухайн үед судалгааг зөвлөмжийн хамт нийслэлийн удирдлагад танилцуулж, улмаар шаардлага хангаагүй худгуудыг хаах төдийгөөр урантай ус “уухаа больжээ”.

Нийслэлийн Статистикийн газрын 2013 онд явуулсан тооллогоор Улаанбаатарын хэмжээнд 5331 гүний худаг тоологдсон байна. Үүнээс 2237 нь холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй байв. Өөрөөр хэлбэл, эрүүл ахуйн хувьд хэр зэрэг ус хэрэглэж байгаа нь тодорхойгүй. Нийт худгийн 50.8, зөвшөөрөлгүй худгийн 40.1 хувь нь ундны усны зориулалтаар ашиглагдаж байна. Түүнээс хойш дөрвөн жил улирч, нийслэлийн хүн ам жилд 40 гаруй мянгаар нэмэгдэж, дийлэнх нь гэр хороололд шингэсээр, гүний ус хэрэглэж буй.

Гэтэл тэд ямар ус ууж байгаагаа мэддэг иргэн хэр олон бол. Төвийн шугам сүлжээгээр Туулын ус уудаг орон сууцныхан яах вэ гэхэд гэр хороололд амьдарч буй 200 орчим мянган өрх уранаар хордсон, эрүүл мэндэд онц аюултай хүнд металлын агууламжтай усаар байгаа нь айдаст автуулж байна. Мэргэжлийн байгууллага ч энэ талаар тусгайлан анхаарч, тогтмол арга хэмжээ авдаггүй.

2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас боловсруулсан Ундны усны чанар, аюулгүй байдлын тухай зөвлөмжид урантай холбоотой нэг ч өгүүлбэр байхгүй. Чанар, аюулгүй байдал хангасан ундны усны найрлагад агуулагдах хүнд металлын хэмжээг хар тугалга, хүнцэл, селенээр хязгаарласан байх юм. Гэтэл Монгол Улсын MNS 0900:2016 стандартад зааснаар ундны усны байгалийн гаралтай химийн үзүүлэлтэд уран 30 мкг/л байна гэж заажээ. Өөрөөр хэлбэл, үндэсний стандартдаа ус нь уран агуулдаг, түүний зөвшөөрөгдөх дээд хэмжээ нэг литрт тийм байна гээд заагаад өгчихсөн. Харин үүнээс хэтэрсэн хэмжээтэй усыг хүн амын хэчнээн хувь нь хэрэглэж байгаа ямар ч мэдээлэл алга. Энэ талаар “Ураны агууламж үздэг газар байхгүй. Шинжилгээг нь хийе гэсэн ч өндөр үнэтэй гээд хасагддаг. Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж, гурван төлөөлөгч дэмжсэн ч хасагдсан” хэмээн Мичиганы их сургуулийн эрдэмтэдтэй дээрх судалгааг хийсэн Ц.Болормаа хэлсэн юм.

Улаанбаатарын гүний усанд уран их хэмжээгээр агуулагдаж байна
Гэтэл иргэдээ хайрладаг барууны орнуудад усан дахь ураны агууламжийн өчүүхэн бага хэсгийг ч хүний эрүүл мэндэд аюул учруулна гээд тогтмол мониторинг хийж, хяналт тавьдаг байна. Тэр ч бүү хэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг тогтоосон судалгаа бий. Хэдийгээр олборлоогүй ураны цацраг идэвх бага байдаг ч ус, агаар, хүнсээр дамжиж хүн болон амьтны биед орсон уран нь хамгийн түрүүнд бөөрний үйл ажиллагааг муутгадаг аюултай. Хамгийн анх ийм төрлийн судалгааг 1998 онд хийж байсан гэж судлаачид тэмдэглжээ.

Мөн урантай ус тогтмол хэрэглэх нь хүний зүрхний агшилт, тэлэлтийг эрчимжүүлж, зүрхний эмгэг үүсгэдэг. Ураны хордуулдаг дараагийн бай нь яс бөгөөд хүний тулгуур эрхтний уян хатан чанарыг алдагдуулдаг талаар Финландад 2005 онд судалж тогтоосон аж. 2009 онд Европын Хүнсний аюулгүй байдлын хороо нийтийн шугам сүлжээний 5474 дээжид ураны шинжилгээ хийхэд дунджаар 2.2 мкг/л агууламжтай байсан тул хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх ангилалд оруулсан байна.

Харин монголчууд энэ үзүүлэлтээс хэдэн арав дахин өндөр агууламжтай урантай усаар өдөр, цаг, минут бүр ундаалж бйна. Тиймээс л хяналт, шинжилгээгээ яаралтай сайжруул гэдэг зөвлөмж өгчихөөд байхад өнөөг хүртэл энэ ноцтой хэрэглээг нуув. Үнэндээ монголчууд харангадаж үхэх үү, хордож үхэх үү гэсэн хоёр сонголтын байна гэхэд хатуудахгүй. Энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд шийдвэрлэж, зон олныг нөмөрсөн аюулаас гэтэлгэх шаардлагатай байна.


САНАЛ БОЛГОХ