Зах зээлээ тэлэх урлаг буюу брэндинг

Мэдээ

Ялгарлын шийдэл нь нийгэм, соёл, байгаль орчны үнэ цэнэ бүтээх

Ази, Номхон далайн бүсийн 4.5 тэрбум хүнтэй зах зээлд Монгол Улс өсөлттэй бус өрсөлдөөнт зах зээл болж буйг маркетингийн шилдгүүд онцолж байна. 1990 онд Монгол Улс гурван банктай байсан бол одоо 13, тэр үед барилгын гурван компани байсан бол өдгөө 600-аар нэмэгдэж, 10 зочид буудал нь 400 болж олширсон гээд 3.1 сая хүнд ахдахаар их өсөлт бараг салбар бүрд бий болжээ. Шинэ орон сууцны эрэлт нийлүүлэлтээсээ давдаг байсан цаг ард хоцорч, 2015 оны нэгдүгээр улирал гэхэд нийлүүлэлт нь 60 мянгаар давсан. Үүнээс үүдсэн зах зээлийн шок одоо ч гүйцэд арилаагүй байна. Ийм нөхцөл байдал, энэ ширүүн өрсөлдөөнд бизнесийн ямар шийдэл, юуг эрхэмлэсэн брэндинг тэсэж үлдэх вэ гэдгийг онцолсон Өсөлтийг хамтдаа хайх нь сэдвийн дор Ази, Номхон далайн орнуудын ес дэх удаагийн чуулган өнгөрсөн долоо хоногт бизнесийн салбарт өрнөсөн онцлох үйл явдал байлаа.


ТЕХНОЛОГИ ХӨГЖИЖ БУЙ Ч БИД ХҮН ХЭВЭЭРЭЭ

Хүмүүсийг хэрэглэгч бус хүн талаас нь харж, хэрэгцээг нь хангах бус асуудлыг нь шийдвэрлэхэд чиглэсэн бараа бүтээгдэхүүний хөгжүүлэлт маркетингийн трендийг бий болгож буй аж. Тиймээс ч үүнд чиглэсэн реклам сурталчилгаа хүмүүст хүрдэг талаар зохион байгуулагч MMCG компанийн захирал Д.Бум-Эрдэнэ “Өсөлтийг хамтдаа хайх нь” илтгэлдээ дурдсан. Тухайлбал, “Ariel” угаалгын нунтгийн Энэтхэгийг байлдан дагуулсан “Аав нар ч гэсэн яагаад хувцсаа угааж болохгүй гэж” реклам хоёр тэрбум хүнд хүрч, борлуулалтын орлогыг 76 хувиар нэмэгдүүлж, 22 орны 16 хэл дээр хүлээж авсан аж. Уг сурталчилгаа Энэтхэгийн нийгэмд тэсрэхэд бэлэн байгаа жендерийн асуудлыг хөндсөнөөрөө ийнхүү амжилтад хүрсэн байна. Улмаар энэтхэг эмэгтэйчүүдийн 75 хувь нь хувцсаа угаах нь эмэгтэй хүний хийх ажил, 80 хувь нь гэр бүлээ асрахын хажуугаар ажил эрхлэх ёстой гэсэн ойлголтыг эвдэж чаджээ.

Чуулганд 15 орны 60 гаруй шилдэг мэргэжилтэн оролцжээ
Тэгвэл харандаа үйлдвэрлэгч Parcel компани брэндээ өөрсдөө тарьсан модоор үйлдвэрлэдэг. Улмаар хүүхдүүдийг дэлгэц ширтэхийн оронд хүссэнээ зурах сэдэл төрүүлснээрээ нийгмийн болоод байгаль орчны үнэ цэнийг бүтээсэн байна. Рекламдаа AR технологийг ашиглан Parcel харандааг ширэнгэн ойн устаж үгүй болсон амьтад болгон хувиргаснаараа олон сая хүүхдийн зүрх сэтгэлд хүрч, нийгмийн асуудлыг шийдвэрлэж буйг Д.Бум-Эрдэнэ үзүүлсэн нь Монголын маркетруудын бүтээлч сэтгэлгээг задлах нэг жишээ болов. Хиймэл оюун ухааны тусламжтай брэндийг зах зээлд нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлдэг Ai.Agency агентлагийн Стратеги хариуцсан захирал Дэйв МакКаоны онцолсноор брэндинг, коммуникацийн ирээдүй нь аливаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид бус хүнд зориулж бүтээж буй дээр тогтох аж. Харвардын их сургуулийн судалгаагаар хүний зүрхэнд хүрч, сэтгэл хөдөлгөж чадсан бараа бүтээгдэхүүн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 74 хувиар, борлуулалтыг 2.5 хувиар нэмэгдүүлдэг байна. Тиймээс ч брэндийн сэтгэл хөдөлгөх үнэ цэнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. Маркетингийн туршлагатай судлаачид амжилттай брэндингийн 70 хувь сэтгэл хөдөлгөх үнэ цэнийг онцолсон шийдвэр дээр үндэслэдэг хэмээн үздэг. Харин үлдсэн хувь нь сав баглаа боодол, дэлгүүрийн тохижилт, барааны үнэ зэрэг үйл ажиллагааны гүйцэтгэлээр үнэлэгддэг байна.


МЯНГАНЫХАН БА ТЕХНОЛОГИЙН ХАМААРАЛ

Судалгааны тусламжтай бизнесийн модель, бүтээгдэхүүн үйлчилгээ, сурталчилгааны контентоо хэн хурдан өөрчилж, 4.5 тэрбум хүнтэй Ази, Номхон далайн зах зээл рүү тэлж чадсан бизнес амжилттай байх цаг үе айсуй. Харин энэ том зах зээлийн гуравны нэгийг өмнөд хөрш бүрдүүлж байна. Тэгвэл Хятад хэрэглэгчийн онцлог юу вэ, энэ том зах зээлийг өнөөдөр хэн авч яваа талаар “Pegasus”-ийн үүсгэн байгуулагч Виктор Юань Юүэ сонирхолтой илтгэл тавив. Дэлхийн зах зээлд гарах брэндингийн хамгийн том худалдан авагч нь мянганыхан гэгдэх 1985 онд төрөгсөд. Маркетингийн судалгааны байгууллага яагаад технологийн компани болох шаардлагатай нь магадгүй мянганыхны онцлогтой холбоотой байж болох. Шинэ техник технологи, гоо сайхны бүтээгдэхүүн, аялал жуулчлал гээд эрчээ авч буй бизнесийн салбаруудын гол хэрэглэгчид нь мянганыхан болж буй аж.

БНХАУ-д гар утсаар мэдээлэл хүлээж авдаг нийт хэрэглэгчдийн 52 хувь нь мянганыхан бол 34 хувь нь X үеийнхэн гэгдэх 1961-1981 онд төрөгсөд байдаг байна. Мөн тэдний энэхүү эрэлтийг дагаад цахим худалдаа ч цаашид өргөжих хандлагатай. Тэдний 20 хувь нь цахим худалдааны идэвхтэй хэрэглэгч бөгөөд дахиад 60 хувь нь хэрэглэх хүсэлтэй. Түүнчлэн тэдний дийлэнх нь аялах дуртай бөгөөд цахим хэрэглээнийх нь 30 гаруй хувь ном, 26 хувь нь энтертайнмент контент эзэлдэг байна. Харин Хятадын хувьд цахим худалдааны дийлэнхийг буюу 43.2 хувийг гоо сайхан, хүүхдийн бүтээгдэхүүн жин дардаг бол цаашид эрүүл мэнд, дижитал бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх сонирхолтой байдаг аж. Харин хувцас, цүнх, гоёл чимэглэл зэрэг нь хэзээд ач холбогдол нь буурдаггүй бүтээгдэхүүн аж.



САНАЛ БОЛГОХ