Өсөлттэй зах зээлийн ухралт

Хөрөнгийн зах зээл


Монгол Улс хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтаас мултарлаа

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ хагас сарын өмнө хоёр их наяд төгрөгийн босго давсан. Ингэснээр сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн билээ. Гэвч өнөөдөр манай хөрөнгийн зах зээл хүндхэн байдалд ороод байна. Олон улсын индекс тодорхойлогч FTSE Russell компани Frontier зах зээлийн ажиглалтын жагсаалтаасаа Монголыг хассан гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын бүртгэлтэй компаниудыг гадаад зах зээлтэй холбож өгөх боломж хумигдаж байгаа юм.

Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсад тодорхойлогч индекстэй болгох зорилт ч энэ байдлаараа удааширч мэдэх нь. Шалтгааныг нь тодруулбал, төлбөр тооцооны Т+2 системийг эргэн нэвтрүүлж чадаагүйн улмаас ийнхүү хатуухан шийтгэл ногдуулж байгаа юм байна. FTSE Russell компани өнгөрсөн сард хийсэн жилийн үнэлгээний хурлаараа дээрх шийдвэрт хүрч, Хөрөнгийн биржид албан ёсоор мэдээллээ ирүүллээ. Үнэт цаасны арилжааны хэлцэл хийгдсэнээс хойш ажлын хоёр хоногийн дараа төлбөр тооцоо гүйцэтгэдэг тогтолцооноос болж манайх өрсөлдөх чадвараа алдах болов. Тэрчлэн үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага, кастодиан банкны үйлчилгээ дутуу дулимаг байгаа нь дээрх байдалд сөргөөр нөлөөлжээ.

Уг нь олон улсын төлбөр тооцооны системийг манай улс 2012 онд нэвтрүүлж, индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч FTSE Russell компанийн хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтад багтсан юм. Төлбөр тооцооны Т+2 системийг 2015 онд урьдчилсан төлбөрт систем рүү эргүүлэн ухраасан, зах зээлийн төлбөр тооцооны эрсдэлийг хаах төлбөрийн баталгааны санг тараасан зэрэг шалтгаан нь уг жагсаалтаас хасагдахад нэрмээс боллоо. FTSE Russell компанийн хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтаас Монголын хөрөнгийн зах зээл зүүгдэж явсаар ийнхүү мултарлаа. Үүнтэй хамт мөн албан ёсны зэрэглэлтэй болох боломжоо ч давхар алдаж байна. Олон улсад хөрөнгийн зах зээлийн зэрэглэл тогтоодог хоёр үндсэн байгууллагын нэг нь FTSE Russell. Тус компанийн үнэлгээний дараагийн хурал ирэх оны гуравдугаар сард болох юм. Энэ үед шаардлагатай өөрчлөлтүүдийг манайх дотооддоо хийж дуусгаад, эргэн ажиглалтын жагсаалтад хамрагдах боломж уг нь бий.

Гэвч ажиглалтын жагсаалтаас хоосон үлдсэн зах зээлд итгэх хөрөнгө оруулагч олдох уу гэсэн асуулт хариулт нэхнэ. Даанч FTSE Russell индексийг дагаж хөрөнгө оруулдаг 3.5 их наяд ам.долларын хөрөнгө бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай зах зээлээс холдож байгаа нь тун харамсалтай. Хуучин жагсаалт руу шилжлээ гэхэд бараг хагас жилийн зай бий. Тодотгох индексгүй зах зээл олон улсад “нэрийн хуудас”- гүй гэсэн үг. Ийм нөхцөлд хэн бидэнтэй хорших билээ. “Хөгжиж буй зах зээл”-ийн ажиглалтын жагсаалтаас зэрэглэлээ ахиулж чадаагүй нь Монгол Улс “гэрийн даалгавар”- аа тааруу хийсэн гэсэн үг. FTSE Russell нь дэлхийн санхүүгийн төв Лондон хотноо байрладаг бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 250 мянга гаруй индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон зах зээлд мэдээлж байдаг.

Хөрөнгийн зах зээл дээр ус, агаар шиг чухал болсон индексийн мэдээллийг тэд түгээж амьдардаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 11 компани бий. Уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа эдгээр компани Канадын хөрөнгийн биржийг сонгосон нь олон улсад Монголыг төлөөлөх индекс байхгүйтэй давхар холбоотой юм. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын банкууд шийдвэр гаргахдаа FTSE-г гол эх сурвалжаа болгодог. Харамсалтай нь, манай улсын хувьд хөгжиж буй зах зээлийн тойргийн гадна үлдлээ.



САНАЛ БОЛГОХ