Аймгууд эдийн засгийн “эрх чөлөө” хүсэж байна

Орон нутаг

Орон нутгийн өмчит компани, аж ахуйн нэгж байгуулах нь олширчээ

Аялал жуулчлалын тулгуур төв гэгдэх Хөвсгөлд хангайн бүсийнхэн хоёр өдөр чууллаа. Гэхдээ аймаг болгон өөрсдийн эрх ашиг, хувийн амбийцаа энэ удаа хойш тавьж, зөвхөн бүс нутгийн хөгжлийн төлөвөө хамтдаа хэлэлцэв. Чуулганы зорилго ч ийм байсан юм. Нэг нь нийтийн төлөө гэдэг шиг орон нутгийн удирдлагууд хөгжлийн бодлогынхоо уялдаа холбоог нэг дор ийнхүү уралдууллаа. Хангайн бүс гэсэн нэгэн дээвэр дор багтах боловч аймгууд тэр болгон ажил хэрэгч түвшинд ингэж уулзаад байдаггүй ажээ. Үүнийгээ ч чуулганы үеэр хэлж байсан юм.

Аймгууд өрсөлдөх чадварын судалгааны үр дүнд түшиглэн бүсийн хөгжлөө өөрсдөө тодорхойлох болсон. Ийм жишиг 2015 оноос хэвшиж буй. Хангайн бүсийн хувьд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлд илүү ач холбогдол өгч байна. Эдгээр салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага их байгаа аж. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл хамгийн эрэлт хэрэгцээтэй санхүүгийн бүтээгдэхүүн болжээ. Гэвч зээлийн санхүүжилт хомс байдаг учраас хүссэн болгон нь үүнийг аваад байж чаддаггүй байна. Үйлдвэрлэлийг дэмжсэн зээл эзнээ олохгүй байгааг чуулганд оролцсон цөөнгүй оролцогч учирлаж байсан юм. Үүнтэй адилхан жишээ 2016 онд болсон Говийн бүсийн чуулганаар гарч байв.

“Орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр шинээр бий болгоход бага хүүтэй, урт хугацаатай зорилтот зээл нэн шаардлагатай байдаг” хэмээн Хөвсгөл аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ж.Сарангэрэл ярилаа. Энэ нь дан ганц Хөвсгөлөөр хэмжигдэхгүй. Өвөрхангай, Архангай, Баянхонгорт мөн адил давтагдана. Хангайн бүсийн зургаан аймагт бизнес эрхлэх орчин хангалттай бүрдэж амжаагүй байна. Орон нутагт үйлдвэрлэл хэдий бага багаар хөгжиж байгаа боловч тэлж, томорсон нь цөөн. Борлуулалтын сүлжээ хумигдмал, бүтээгдэхүүн бэлтгэх түүхий эдийн нийлүүлэлт тогтвортой бус учраас улирлын шинж чанартай байна.

Саахалт айлын санаа нэг. Хил залгаа орших зургаан аймагт ажлын байр мөн л “толгойн өвчин” болсоор. Энэ нь хангайн бүсээр тогтохгүй уул уурхайн үйлдвэрлэл багатай аймаг болгоны өмнө тулгарч буй бэрхшээл юм. Аялал жуулчлалыг аль аль нь тэргүүлэх салбараа нэгэн дуугаар болгосон атлаа уул уурхайн салбарт хангай бүсийн аймгууд хаалттай бус нээлттэй бодлого баримтлах сонирхол тээж яваа нь энэ чуулганаар ил болчих шиг санагдсан. Эдийн засгийн тамир тэнхээгээ сэлбэхэд уул уурхай чухал гэж тэд үзэцгээж байна. Тиймээс орон нутгийн өмчит компани, аж ахуйн нэгж байгуулах замаар зарим нэг ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаагаа зах зухаас нь дуулгасан юм. Баянхонгор, Хөвсгөл аймаг орон нутгийн өмчит компанийг хэдийнэ шинээр байгуулжээ. Харин нутгийн иргэдтэй уулзахад ихэнх нь эсэргүүцэж байв. Өөрөөр хэлбэл, уул уурхайг хангайн бүсийн иргэд дэмжихгүй байна.

Аймаг бүрт ашигт малтмал бий. Үүнийгээ дараад суух бус тодорхой хэсгийг нь ашиглах, улмаар ажлын байрны тоог тэр хэрээр нэмэгдүүлэх гарцыг чуулганд оролцсон аймгийн бодлого тодорхойлогчид хөндөж байсан юм. Гэвч хариуцлагагүй уул уурхайн балаг хөвөрсөөр байгаа өнөөгийн нөхцөлд үүнийг яаран шийдэхэд эрт гэмээр. Тиймээс болгоомжтой хандахаас аргагүй. ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Уул уурхайгаас гадна өөр хөгжих боломж олон бий. Ялангуяа хангайн бүсийн зургаан аймагт аялал жуулчлалын асар их нөөц байна” гэв. Тэрбээр аймгуудын уул уурхайн салбарт баримтлах дээрх бодлогыг төдийлэн дэмжихгүй байгаагаа нуусангүй.

Үйлдвэрлэлийг дэмжсэн зээл эзнээ олохгүй байгааг цөөнгүй оролцогч учирлаж байсан

“Бодлогын уялдаа-Байгальд ээлтэй бүс” гэсэн чуулганы уриа тодотгол ч уул уурхайг онцлоогүй. Хэдий ийм боловч аймгууд эдийн засгийн “эрх чөлөө”-г хүсэж байна. Тэд улсын нэгдсэн төсвөөс татаас авч бус өөрсдөө төсөвт орлого төвлөрүүлдэг хэмжээнд бие даах сонирхол тээж явна. Өмнөговь аймаг шиг улсын төсвөөс огт хамааралгүй, илүү их мөнгөн дээр ажиллах, орон нутагтаа тэр хэмжээгээр томоохон хөрөнгө оруулалт хийж чаддаг болох “амбийц”-аа зарлаагүй ч ил болголоо. Үүнд хүрэх хамгийн хялбар бөгөөд дөт замыг уул уурхай гэж харж байна. Дэлхий нийтээр байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийг онцлох болсон. Энэ жишигт нийцүүлэх бодлогыг хангайн бүсийн аймгууд гаргаж тавих цаг ирээд байна. Үүний “магнай”-д нь уул уурхайгаас илүү хөдөө аж ахуй, аялал жуулчлал, инноваци шингэсэн салбар хурдлах болов уу.

САНАЛ БОЛГОХ