Засгийн газрын нөөц санг 14.1 тэрбум төгрөгөөр нэмнэ

Төсөв

Хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулахад 38.9 тэрбум төгрөг шаардлагатай

Хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын бүлгийн завсарлагаар хойшлоод байсан 2017 оны төсвийн тодотголыг өнөөдрөөс эхлэн бүх Байнгын хороодоор хэлэлцэнэ. УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарь ёсоор өнөөдөр дөрвөн ч Байнгын хороо уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байна.

“Шинэ Засгийн газар бүрдэж, төсвийн тодотголоо нарийвчлан авч үзсэний дараа хэлэлцүүлэх нь зүйтэй” гэсэн зарчмын байр суурьтай байгаа Ардчилсан намын завсарлагын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй. Харин сайдуудын томилгоо Ерөнхийлөгчийн өргөө хүрээд зогсчихоод буй. Ерөнхий сайд танхимынхаа бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барих хуулийн хугацаа маргаашаар дуусгавар болж буй тул өнөөдөртөө парламентын “босго” давах байх. Харин хуучин төсвийн тодотгол шинэ сайдуудыг хүлээх хугацаа байхгүй тул холбогдох Байнгын хороо асуудлыг хэлэлцээд явах нь.

Засгийн газраас өргөн барьсан Засгийн газрын нөөц санг 14.1 тэрбум төгрөгөөр нэмнэ төсвийн тодотголд тусгасан зарим өөрчлөлтийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаа Засгийн газрын нөөц сан, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах чиглэлээр ямар өөрчлөлт орж буйг тоймлон хүргэе.

Оны өмнөхөн Засгийн газрын нөөц санг нийт 19.8 тэрбум төгрөг байхаар баталсан байв. Гэвч эхний найман сарын байдлаар 20.7 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн. Үүний 16.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь олгоод байгаа аж. Ийнхүү нөөцийн санд төлөвлөсөн мөнгөнөөс ихээр гарахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар зохион байгуулсантай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, сонгуулийн төсвийг батлахдаа дахин санал хураалт болохыг тооцоолоогүй юм. Гэвч үүнд 7.2 тэрбум төгрөгийг зарцуулсан билээ.

Хуучин төсвийн тодотголд шинэ сайдуудыг хүлээх хугацаа байхгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтаас гадна өнгөрсөн хавар болон зуны улиралд байгалийн аюулт үзэгдэл болох ой, хээрийн түймэр ихээр гарсан. Мөн мал амьтны гоц халдварт өвчин хэд хэдэн газарт гарсан тул энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах шаардлага үүсчээ. Үүгээр учирсан хохирлыг барагдуулах, гамшгийн голомтод ажилласан иргэд, алба хаагчдын томилолт урамшууллын зардлыг нөхөн олгоход зориулагдана гэж төсвийн тодотголд тусгасан байна.

Энэ мэт нөхцөл байдлын улмаас Засгийн газрын нөөц санг 14.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байгаа аж.

Харин хурмитлагдсан өр төлбөрийг барагдуулах чиглэлээр нийт 38.9 тэрбум төгрөгийг тодотголын төсөлд тусгаад буй. Энэ мөнгөөр зарим төсвийн байгууллагад үүссэн өрийг барагдуулна.

Тодруулбал, шинээр нээгдсэн хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг төсвөөс олгох ёстой. Мөн төсөв батлагдсаны дараа нэмэгдсэн эрчим хүчний үнэ тариф, орон нутгийн шинэ барилга байгууламжийн ашиглалтын зардал зэрэг байна. Зөвхөн дээр өгүүлсэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудын өр төлбөрийг барагдуулахад 8.6 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгасан байна.

Гэхдээ дээрх өрийн 10 гаруй хувь нь 2016 оны эцэст үүсчээ. Энэ хэмжээний өр төлбөр үүсэх болсон шалтгааныг судалж үзвэл боловсрол, соёл, спорт болон эрүүл мэндийн салбарт хувийн хэвшил, орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ барилга байгууламжийн ашиглалтын нэмэгдэл урсгал зардал 44.3 хувийг эзэлж байна.

Мөн сумдад төвлөрсөн халаалтад холбогдсоны улмаас төсвийн байгууллагад үүсч тогтмол зардлын өр төлбөр 29.5 хувь, эрүүл мэндийн салбарт эмийн үнэ болон тоног төхөөрөмжийн шинэчилсэний нэмэлт зардал 16.3 хувьтай байгаа аж.

САНАЛ БОЛГОХ