Монголын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь болж өсжээ

Мэдээ

Монгол Улсын ядуурлын түвшин 2014 онд 21.6 хувь байсан бол 2016 онд 29.6 хувьд хүрч найман пунктээр өсжээ. ҮСХ болон Дэлхийн банкны хамтран тооцсон судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд нийт 907.5 мянган иргэн ядууралд өртсөн байна. Мөн ядуурлын гүнзгийрэлт 7.7 хувь, ядуурлын мэдрэмж 2.9 хувь болж 2014 онтой харьцуулахад өссөн дүнтэй гарлаа. Харин 2014 онд ядуурлаас гарсан иргэд 2015-2016 онд эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас эргээд ядууралд орсон болохыг судалгааны дүн харуулж байгаа юм. Тухайлбал 2015, 2016 онд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй зэрэг нь хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн байна. Үүнээс гадна энэ удаагийн судалгааг анх удаа аймгуудын түвшинд тооцон гаргаснаараа онцлогтой. Хот, хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшнийг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгджээ. Хөдөө орон нутагт 2016 онд ядуурлын түвшин 2014 оныхоос 10.1 пунктээр өссөн байна.

Энэ нь ядуурлын шугамын дөнгөж дээр байсан өрхүүд эдийн засаг, нийгэм болон байгаль цаг уурын тодорхой хүндрэлд өртөж, эргээд ядуурлын шугамын доор орсон дүр зурагтай байгаа юм. Мөн ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага харин Говьсүмбэр аймагт хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг судалгаанд онцолжээ. Бүс нутгийн хувьд зүүн бүсэд ядуурал 12.5 пунктээр, баруун бүсэд 10 пунктээр, Улаанбаатар хотод 8.4 пунктээр нэмэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ