Дусал ус, тачир өвсний гаслан
ЗГМ: Сэдэв
2000 оноос хойш Монгол орны чийг 3-22 хувиар багасчээ
Хэнтий аймгийн дэлгэрхаан сумын нэгэн малчин өвгөн “... Энэ хэдэн малыг дэлхий даахаа байлаа” хэмээн зурагтаар аргаа баран ярих нь тэр. Уур амьсгалын өөрчлөлт монгол ахуйд хэрхэн нөлөөлж буйг малчны ухаанаар тийнхүү тодорхойлсон нь цаг агаарын мэдээг сүүлийн хэдэн сар анхаарахаас аргагүй болсон чихэнд тийм ч “солгой” сонсогдсонгүй. Угтаа бол дэлхийн дулаарлын улмаас бэлчээрийн ургамал ховордож, мал маллах уламжлалт соёлоо гээсний уршгаар малчид цөхрөнгөө барж буйн тод илрэл нь тэр байлаа. Цаг агаарын урьдчилсан болон ажиглалтын мэдээг харьцуулж, нийцлийг тодорхойлох нь бараг л тархины дасгал шахуу ажил. Өнгөрсөн тавдугаар сарын хувьд аваад үзье л дээ. Урьдчилсан мэдээ гээр, хур тунадасны хэмжээ болон агаарын хэм олон жилийн дунджийн орчим байх нь гэж ойлгов. Гэтэл тухайн сард улаан шороо шуурсан халуун өдрүүдийг хүн ард хур бороо хүссээр үдсэн билээ. Сарын төлөв эсрэг чиг заасан юм.
• Цаг уурын станцын мэдээ уур амьсгалын өөрчлөлтийн үед тааж мэдэх аргагүй болжээ.
• Зуны дундаж температур нэг хэмээр дулаарахад л газрын бүрхэвчээс 100 мм орчим ус нэмж ууршдаг.
• Монгол хуурай уур амьсгалтай тул наранд цохиулах нь байж боломгүй үзэгдлийн нэг. гэвч...
Мөн Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын Хөдөө аж ахуйн цаг уурын хэлтсээс боловсруулдаг ажиглалтын мэдээ ч үүнийг нотоллоо. Улмаар ургамал ногоо хэдийгээр цагтаа цухуйсан ч ургалт хангалтгүй, мал тарга тэвээргээ авч чадах эсэх нь наймдугаар сар гартал эргэлзээтэй байв. Тавдугаар сарын цаг агаарын тойм мэдээнд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-4.5 хэмээр дулаан хэдий ч хур тунадасны хэмжээ хэвийн байсныг ЦУОШГ-ын цахим хуудаст тэмдэглэжээ.
Энэ бүхний шалтгаан цаг уурын станцын мэдээ буруу зааж байгаад биш, мэдээлэл боловсруулж, амьдралд ашиглах нь уур амьсгалын өөрчлөлтийн үед тааж мэдэх аргагүй болсны илрэл.
ХЭЗЭЭ Ч ЗЭРЭГЦЭХГҮЙ ШУЛУУНУУД
Дорноговь аймгийн эрдэнэ сумын нутагт 1992 оноос хойш Монгол орны агаар мандал дахь хүлэмжийн хийг хэмждэг байнгын хоёр станц ажиллаж буй. Уг үзүүлэлтээр 1992-2015 онд агаар дахь метан хийн агууламж тав, нүүрсхүчлийнх 12.7 хувиар нэмэгдсэн байна. Харин хур тунадас үүний эсрэг зүгт буюу аажим буурч байгаа нь ган, түймрийн давтамж нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч буйн үндсэн хоёр шалтгааны нэг нь. 1940- 2016 онд Монгол орны хур тунадасны хэмжээ 7-8 хувиар багасжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн төлөвийг судладаг П.Гомболүүдэв “Далайн гадаргын ус хэт халсны улмаас үүссэн их ууршилт Сибирь болон Монголын өвлийн хур тунадасны хэмжээг тодорхойлдог. Хэдий чинээ их ууршина төдий чинээ их цас ордог. Дэлхий дулаарч буй тул цаашид өвөл орох цасны хэмжээ нэмэгдэнэ” гэв. Гэхдээ монгол орны хувьд нийт тунадасны 20 хүрэхгүй хувь нь өвөл унадаг гэдгийг тэрбээр онцолсон. Өөрөөр хэлбэл, үлдсэн 80 гаруй хувийг нь бороо эзэлдэг байна. Сүүлийн 35 жил зуны тунадас 8-10 хувиар буурчээ.
Тиймээс энэ бол газар тариалан, мал аж ахуйн бэлчээрийн чийгшил хур тунадаснаас 100 хувь шалтгаалдаг манай орны хувьд таагүй мэдээ. Бас агаарын температур 1940 оноос хойш 2.26 хэмээр нэмэгдсэн нь сонсохыг хүсэмгүй үзүүлэлт. монгол орны уур амьсгалын төлөв байдлын 2015-2016 оны тайланд “2000 оноос хойш (2002, 2012, 2013 оноос бусад жилд) нийт нутаг дунджаар 3-22 хувиар хуурайшсан” гэжээ. Цаашлаад олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн хойд хагас илүү эрчимтэй хуурайшиж байгааг онцолжээ. Чийгшлийн индексээр 1981-2015 онд олон жилийн дунджаас бага чийгшилтэй 20 жил тохиосны 12 нь 2000 оноос хойш тэмдэглэгдсэн байгаа юм. Харин чийгшил ихтэй жилийн тоо 35 жилийн хугацаанд дунджаар гурван жилд нэг тохиож байсан бол шинэ мянганаас хойш таван жилийн давтамжтай болж, цөөрчээ.
ЦУОШГ-ын Хөдөө аж ахуйн цаг уурын хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг “Халуун өдрүүдийн үргэлжлэх хугацаа нэмэгдэж, хөрсний чийг алдагдсанаас малын гол идэш болсон нарийн өвс ховордож, лууль, шарилж зэрэг ургамал түрж ургаж байна” хэмээв. Агаарын температур нэмэгдэх тусам нуурын гадаргын ус, хөрс, ургамлын навчны сүвээр алдагдах усны хэмжээ нэмэгддэг байна. Зуны дундаж температур нэг хэмээр дулаарахад л газрын бүрхэвчээс 100 мм орчим ус нэмж ууршдаг гэсэн тооцоо бий аж. “Тэгэхээр хур тунадас нэмэгдээгүй, харин ч бага хэмжээгээр буурч байхад агаарын температур ихэссэний улмаас хөрсний чийгийн тэн цэл алдагддаг. Улмаар урга мал үндсээрээ ус, чийг авч чадахгүй доройтдог” хэмээн байгаль орчны гавьяат цаг уурч Л.Нацагдорж ярилаа. 2017 оны наймдугаар сарын сүүлчийн 10 хоногт гаргасан бэлчээрийн үнэлгээгээр нийт нутгийн 85 хувьд бэлчээр доройтсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
ХӨРСӨНД ЭЭЛТЭЙ Ч ХҮНД ХАЛТАЙ
Чийг нь хөрс, ургамлыг тэтгэдэг хэдий ч хэт халалтаас үүдэн ууршихаараа хүний аминд хүрэх эрсдэлтэй. Япон, Европ, АНУ гээд асар том мэдээллийн баазтай, техникийн хүчин чадал ихтэй, тооцоолол сайтай орнууд ч гэсэн хэт халуунаас хүн ардаа сэргийлж чадахгүй байна. 2013 онд Японд наранд цохиулж 900 хүн амиа алдсан бол 2015 онд Европт ийм шалтгаантай нас баралт хэдэн мянгаар хэмжигдсэн. Мөн Энэтхэг, Зүүн өмнөд Азид ч хэт халалт хүний амь насанд юу юунаас илүү заналхийлэх болсон билээ.
“Их чийг, их халуун нь хүний биед үзүүлэх дулааны дарамтыг нэмэгдүүлдэг” хэмээн Л.Нацагдорж тайлбарлалаа. Тэрбээр 1980-аад оны дундаас 2007 он хүртэлх хэт халалт, агаарын чийгийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсан нэгэн. Дулаарлын эрчим дэлхийн дунджаас бараг гурав дахин эрчтэй явагддаг Монголд наранд цохиулах үзэгдэл нэмэгдэж байна гэдэг дүгнэлтэд тэрбээр хүрчээ. Уг нь Монгол хуурай уур амьсгалтай тул наранд цохиулах нь байж боломгүй үзэгдлийн нэг. Зуны улиралд агаарын чийгийн хэмжээ бараг 70-80 хувьд хүрдэг Европт болон далайд ойр улс орнуудад хүмүүс наранд цохиулж амиа алдах нь харьцангуй элбэг. Гэтэл Монголд зуны улиралд чийг 20-30 хувь л байдаг байна.
Гэсэн хэдий ч өдөр нь 33, шөнө нь 20 хэмээс халуун өдөр гурваас дээш өдрөөр үргэлжилбэл Монголын хувьд наранд цохиулах эрсдэл бий болдог аж. Учир нь аадар борооны дараа халуун өдрүүд удаан үргэлжилснээс хөрс чийгээ их хэмжээгээр алдаж, хэт халалттай нийлж хүний эрүүл мэндэд аюул учруулдаг байна. Эрүүл мэнд ба халуун агаарын хамаарлыг 30 орчим жил судалж буй Л.Нацагдорж аадар борооны дараах хэт халалтад цохиулж, эрүүл мэндээрээ хохирч буй тохиолдол нэмэгдэж буйг анхааруулсан юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй