Таван хуулийн төслийг эргүүлэн татлаа

Мэдээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас зарим хуулийн төслийг татан авах хүсэлт гаргажээ. Тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслийг парламентаас татав. Тодруулбал, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл болон Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг “царцаав”. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон УИХ-аас томилогддог албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нарт хариуцлага тооцох, эгүүлэн татах эрхийг сонгогчдод нээлттэй болгохоор тусгасан. Тухайлбал, улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эгүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр эсвэл дөрвөн жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.

Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж, хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан байв. Улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлого, тогтолцоо, удирдлага алдагдсан учир үүнийг зохицуулахаар Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын хөтөлбөрийн холбогдох заалт, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байв. Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын албан хүсэлтэд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл багтжээ.


САНАЛ БОЛГОХ