Орон сууцны үнэ метр квадрат нь 1.2-1.4 сая төгрөг байх боломжтой

Бүтээн байгуулалт


Иргэд орон сууцны хөөсөрсөн үнэ буухыг хүлээж байна

Орон сууцны зах зээлийн өнөөгийн байдлын талаар Монголын барилгачдын холбооны Ерөнхийлөгч М. Батбаатартай ярилцлаа.

-Энэ өдрүүдэд УИХ-аар шинэ сайдуудыг томилж байна. Шинэ Засгийн газар барилгын салбарт ямар бодлого баримтлах бол. Та ямар хүлээлттэй байгаа вэ?
-Жил гаруйн хугацаанд Монголын барилгын салбарын бүтээн байгуулалт зогсонги байдалд ороод байна. Тэр дундаа ард түмний дунд хамгийн хэрэгцээтэй байсан найман хувийн ипотекийн зээл олголт зогсонги байдалд орсноос болоод энэ салбарт нэлээн асуудал хуримтлагдчихлаа. Эдгээр асуудлыг өөр өнцгөөс харж, эрчтэй, хурдтай шинэчлэлийг барилгын салбарт хийх байх аа гэсэн итгэлээр шинэ Засгийн газрыг харж байна.

-Барилгын салбарын хөгжил идэвх ипотекийн зээлтэй шууд холбогдож байгаа. Энэ зээлийг цаашид хэвийн олгох боломж байгаа болов уу?
-Энэ Засгийн газрыг анх байгуулахаас эхлээд Монголын барилгачдын холбооны зүгээс орон сууцны ипотекийн зээлийг яг гольдрилоор нь хөгжүүлье гэж хэлж байсан. Арваад жилийн өмнө үнэт цаасны хоёр дахь зах зээл буюу орон сууцаар барьцаалсан үнэт цаасны зах зээлийн механизмыг оруулж ирье гэсэн. Тэр нь орон сууцны Засгийн газрын бонд. Улмаар ипотекийн зээлийн тусдаа эх үүсвэртэй болох асуудал байгаа. Энэ саналыг олон удаа тавьсан. Монголын барилгачдын холбооны зүгээс санал боловсруулаад Төрийн орон сууцны корпораци, Монголын банкуудын холбоо, Худалдаа хөгжлийн банкинд санал дэвшүүлээд гурван сар болж байна. Сая Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ сайд нартай уулзаж байхад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд "орон сууцны Засгийн газрын бонд гаргахад анхаар" гэсэн чиглэл өгсөн. Ерөнхийлөгчийн хэлсэн орон сууцны бонд гэдэг нь бидний яриад буй үнэт цаасны хоёр дахь зах зээл гэсэн үг.

-Зэх зээлд орон сууцны эрэлт сулраад байхад үнэ буурахгүй байна. Яагаад тэр юм бол?
-Орон сууцны зах зээлд судалгаа хийдэг хэдэн том байгууллага манайд бий. Гэхдээ эдгээр байгууллагаас зах зээлд буй орон сууцнаас хэд нь зарагдаж, үнэ яаж буурч өсөж байна гэдэг өнгөц судалгаа хийдэг. Гэтэл бодит мэдээллийг Засгийн газарт өгч чадахгүй байна. Орон сууцыг хямд өртгөөр бариад өндөр үнээр зардаг байдал үеэ өнгөрөөсөн. Мөн цаад талд нь худалдан авагчид дандаа жирийн иргэн, албан хаагчид. Харин тэдэнд өөрсдийнх нь худалдаж авах чадварт нь таарсан дундаж үнэтэй орон сууц хэрэгтэй байна. Түүнийг нь Засгийн газарт ойлгуулж чадахгүй байгаа юм. Тиймээс шинэ Засгийн газар зах зээлийг бодитоор харах хэрэгтэй. Одоо зах зээлд бэлэн байгаа 30 гаруй мянган орон сууц яагаад зарагдахгүй хоёр жил болчихов?
Зөвхөн хөөсөрсөн үнийг нь буухыг хүлээгээд байгаа юм. Тиймээс үүнийг гаргаж ирэх судалгааны баг хэрэгтэй байна.

Орон сууцаар барьцаалсан үнэт цаасны зах зээлийн механизмыг оруулж ирье
-Таны харж байгаагаар өнөөгийн байдлаар орон сууцны үнэ буурах боломжтой гэсэн үг үү?
-Бүрэн боломжтой. Метр квадрат нь 1.2-1.4 сая төгрөг болж байж миний дээр хэлсэн зорилтот бүлгүүд орон сууцаар хангагдах боломжтой. Үүний цаана Засгийн газрын маш том бодлого явах ёстой. Тэгж байж агаарын бохирдол, гэр хорооллын тэлэлт зэрэг асуудлуудыг шийднэ. Тиймээс нэмүү ашгийн төлөө бус жирийн ард түмнээ орон сууцаар хангах зорилго руу Засгийн газар анхаарах хэрэгтэй.

-Таны хэлсэнчлэн барилгын компаниудыг бонд, ипотекийн зээл гэх мэт олон талаар дэмжих боломжтой. Өөр ямар дэмжлэг хэрэгтэй байна. Эсвэл барилгын компаниуд төрийн дэмжлэг хүлээхгүйгээр өөрсдөө үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж байна уу?
-Одоо бол тун хэцүү болсон. Яагаад гэвэл зах зээл нь зогсонги байдалд байсаар байгаад барилгын компаниуд богино хугацаа, өндөр хүүтэй зээлийн өрийн сүлжээнд орчихлоо. Тиймээс өрийн сүлжээнээс гаргах ажлыг салбарын яамнаас бодлогоор дэмжих ёстой. Арилжааны банкууд нэг удаа зээлийн төлөлтийг нь хойшлуулж, хугацааг нь сунган, хүүг нь багасгадаг ч юм уу. Өөрөөр хэлбэл барилгын компаниудыг амсхийх боломж өгөх хэрэгтэй. Тэгж байж бүтээн байгуулах салбар нь өндийж, бусад нь дагаад босно. Тиймээс шинэ өнцгөөс, бодит байдлаар хандах байх аа.

-Барилгын компаниуд зөвхөн ипотекийн зээл гэлтгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулах олон аргыг хэрэглэж байна. Тухайлбал банкаар дамжуулахгүй хувь зээл гаргаж байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бол аргаа барсан ажил л даа. Орон сууцан дээр төрийн бодлогын дэмжлэггүйгээр урт хугацааны зээлийг иргэдэд өгөх бололцоо байхгүй. Тиймээс зорилтот бүлгүүдэд барилгаа зарж буй компаниудыг дэмжих хэрэгтэй. Орон сууцны үнэт цаас гаргах замаар зорилтот бүлэгт зориулан орон сууц барьж буй компанийг дэмжих хэрэгтэй байна. Тухайлбал гэр хорооллыг А, Б, В гэсэн бүс болгоод тэнд орон сууц барьсан компанийг дэмжин, үнэт цаасны бонд чиглүүлж болно. Ингэж чиглэсэн бодлого явуулж байж хямралаас гаргана.

-Барилгын компаниуд төлөвлөсөн газар дээрээ илүү олон айлын орон сууц барих, зай талбайн хүртээмжтэй байдлыг худалдан авагчдад олгохгүй хохироох гэх мэт оло асуудал байдаг. Энэ байдал дээр мэргэжлийн холбооны зүгээс ямар дүгнэлт хийдэг вэ?
-Орон сууц барьж байгаа компани бүрийг барилгын компаниар төлөөлүүлж болохгүй. Хөрөнгө оруулалт хийн, зураг төслөө гаргуулчихаад тэндээ туслан гүйцэтгэгчээр бариулж байгаа нь маш олон. Тэдгээр хөрөнгө оруулагчид зөвхөн ашгийн төлөө явж байгаа учир жижиг талбайд олон барилга бариулах гэх мэт асуудал үүсээд байна. Гэхдээ одоо бол зорилтот бүлэгт зориулсан, гэр хорооллын дахин төлөвлөлт хийсэн төлөвлөлт рүү орно.

-Барилгын түүхий эд талаасаа манайх дотоодоосоо хэр хангаж чадаж байна. Цементийн тухайд үндэсний хэд хэдэн компаниуд ашиглалтад орсон байгаа шүү дээ?
-Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр нэлээн бодлого явуулсан. Өндөр хүүтэй зээл аваад үйлдвэр барьчихсан компаниудын бүтээгдэхүүн бас өндөр дүнтэй гарч ирээд байна. Үүнд төр бодлого явуулж, бүтээгдэхүүнийг хямдруулах боломж олгох хэрэгтэй. Тэгж байж тал талаасаа нэг цэгт очно.

-Тэгэхээр дотоодын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үнэтэй байна гэж та бодож байна уу?
-Үнэтэй байна. Тиймээс Эрээнээс хямд материал оруулж ирж байна. Гаднаас хямдхан ч чанаргүй бүтээгдэхүүн оруулж ирж байгаа байдлыг л төр бодлогоор өөрчлөх ёстой юм.

САНАЛ БОЛГОХ