Квотын хоригт өртсөн экспорт

ТОМИЛОЛТ


Тавантолгойн зам дээр жолооч нар тав хонож байна

Монголын экспортын нүүрсний гол зангилаа болсон Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өдөрт 500-600 автомашин нэвтэрч байна. Хилээр шалган нэвтрүүлдэг автомашины тоо гурав дахин хумигдсан нь энэ. Ингэснээр урьдын урт дараалал өмнийн говьд улам нэмэгджээ. Тэр хэрээр ажилгүй зогсох автомашины тоо олширч, жолооч нар ихэнх цагаа урт дараалалд өнгөрүүлж байна.

Эдийн засаг энэ оны эхний хагаст 5.3 хувиар өсөхөд голлох үүрэг гүйцэтгэсэн нүүрсний экспортын хэмжээ багасаж, хил дээр болон уурхайн аман дээр хонон өнжин жолооч нар ээлжээ хүлээнэ. Оны эцэс гэхэд 30 сая тонныг өмнөд хөрш рүү нийлүүлэх төлөвлөгөө энэ байдлаараа талаар болж мэдэх нь. Богинын тээвэрт буюу Цагаанхаднаас Гашуунсухайтын боомтын хооронд яваа Д.Энхсайхан гэхэд 20 км газар хоёр хоног явж байж хяналтын бүсэд ирсэн байна. Түүний хувьд энэ сар гарсаар гурав дахь удаагаа хил гарахаар зогсож байгаа аж. Одоогоос гурван сарын өмнө сард хамгийн багадаа уртын тээвэрт 6-7 удаа явдаг байсан тэрбээр нэг удаагийн уртын тээвэрлэлтээс 700 орчим мянган төгрөгийн цалин авдаг байжээ. Харин богинын тээвэрлэлтийн цалин уртынхаас хоёр дахин бага.

Нүүрсний тээвэрт яваа жолооч нар автомашиндаа амьдрах бөгөөд өдөрт 1-2 удаа өөрсдөө кабиндаа хоолоо хийж иддэг байна. Уртын тээвэр буюу Гашуунсухайтаас Тавантолгойн орд хүртэлх авто замын ойролцоох заг, тоорой, говийн ургамал өөрийн өнгө төрхөө хэдийнэ гээжээ. 2009 оноос хойш байнгын үйл ажиллагаатай болсон Гашуунсухайтын боомтын ачаалал 2011 онтой харьцуулахад эрс нэмэгдсэн байна. Хэдий ийм боловч боомтын нөхцөл байдлыг Ганцмодтой харьцуулахад туйлын ядмаг. 1992 онд үйл ажиллагаагаа зэрэг эхэлсэн хоёр боомтын хөгжил тэнгэр, газар шиг хол зөрүүтэй байгаа юм.

Гашуунсухайтын боомтын ачаалал 2011 онтой харьцуулахад эрс нэмэгдсэн
Гашуунсухайтаас эхэлж буй автомашины сунайсан урт дараалал 50 орчим км үргэлжилнэ. Говийн хуурай агаарт цагаан тоос тортог мэт манан байнга үүснэ. Ялангуяа салхи, шуурга ихтэй өдөр бол өмнөх замаа олж харахад хүндхэн гэж Д.Энхсайхан хэлсэн юм. Тавантолгойн бүлэг ордоос нийт 7000 орчим хүнд даацын тээврийн хэрэгсэл өмнөд хөршид нүүрс зөөж байна. Гашуунсухайтын боомт цайны цаггүйгээр 12 цагийн турш ажиллах бөгөөд манай сонины сурвалжлах баг очиход зургаан замынхаа дөрвөөр нь нүүрс тээвэрлэсэн автомашиныг гаргаж байв.

Шалтгааныг нь тодруулахад, Хятадын нүүрсний татан авалттай холбоотой хэмээн товчхон хариу өгсөн юм. Харин Хятадын тал зөвхөн хоёр замаар нүүрс хүлээн авч байлаа. Хэрэв өмнөд хөрш нүүрс хүлээн авах замаа нэмэгдүүлж, хяналт, шалгалтаа зөөлрүүлсэн нөхцөлд Гашуунсухайтын боомтоор өдөрт 3000-3500 тээврийн хэрэгсэл дангаар нэвтрүүлэх боломжтой юм байна. Тавантолгойн ордоос экспорт хийж буй “Эрдэнэс тавантолгой”, “Энержи ресурс” болон орон нутгийн Тавантолгойд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас квот тогтоосон нь экспортод сөргөөр нөлөөлжээ.

Хятадын нүүрсний татан авалтаас экспорт шалтгаална

Ж.Мөнхбат /Гашуунсухайт боомт дахь Гаалийн газрын Хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга/

-БНХАУ-ын талаас нүүрсний татан авалт тааруу байгаа. Үүнтэй холбоотойгоор нүүрсний тээвэрлэлт Улсын баяр наадмаас хойш удаашрах болсон. Өмнө нь буюу тав, зургадугаар сарын үед өдөрт дунджаар 1500-1600 автомашин боомтоор нэвтрүүлж байсан. Харин долдугаар сараас хойш хилээр гарах нүүрсний тээвэрлэлт 2-3 дахин хумигдсан. Өдөрт 500-600 нүүрс ачсан автомашин хилээр нэвтэрч байна. Нүүрсний экспорт хил дээр саатахад манайхаас шалтгаалсан зүйл байхгүй. Гол шалтгааныг эхэнд дурдсан. Хятадын тал өдөрт 600 хүрэхгүй автомашин хүлээн авч байгаа нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байна. Боомтын төвөөс хойш 50-60 км үргэлжилсэн урт дараалал үүссэн. Энэ нь өдөр болгон харилцан адилгүй. Хятадын тал өчигдөр гэхэд 800 гаруй машин татан авсан.  Ингэснээр урт дараалал багассан.

Кабиныг нэмэгдүүлсэн нь цаг хугацаа хэмнэх боломж олгосон

Б.Мэндбаяр /Гашуунсухайт боомтын Аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх алба хариуцсан орлогч дарга/

-Хил хамгаалах байгууллагаас хүнд даацын автомашины хилээр орох, гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил нэвтрэх баримт бичиг шалгагчийн 14 кабиныг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Ингэснээр тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд цаг хугацаа хэмнэх нөхцөл бүрдсэн. Боомтоор нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа жолооч нарын хил нэвтрэх эрхийн бичгийг хамгийн багадаа нэг минутын дотор багтаан шалгадаг болсон. Манайх нийт гарах чиглэлд найман урсгал замтай. Үүний зургаа нь нүүрснийх бол үлдсэн хоёр замаар “Оюутолгой”- н зэсийн баяжмал гардаг. Хятадын тал Коммунист намын XIX Их хурал болж байгаа тул хил, гаалийн хяналтаа чангатгаж байна гэж манай талд мэдэгдсэн.

Үүний өмнө ӨМӨЗО-ы 70 жилийн ойн үеэр хилийн нэвтрэн өнгөрүүлэх үзлэг, шалгалт мөн нэмэгдсэн. Энэ болгоноос шалтгаалж манай улсын нүүрсний тээвэрлэлт саармагжсан. Түүнээс хууль бус бараа, бүтээгдэхүүн хилээр гарлаа, үүнтэй холбогдуулж манайх үзлэг, шалгалтаа чангатгасан гэж мэдэгдээгүй. Хил, гааль дор бүрнээ тухайн холбогдох байгууллагатай нь үүсээд байгаа нөхцөл байдлын талаар уулзсан. Тэр болгонд Хятадын томоохон баяр, хурал болж байгаа тул дээрх арга хэмжээг авсан гэдгээ илэрхийлсэн.

“Мими”-тэй холбоотой зөрчил эрс багассан

Б.Наранбаатар /МХЕГ-ын Гашуунсухайт боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга/

-Мал, малын гаралтай бүтээгдэхүүн болон эмийн ургамал, самар хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол сүүлийн нэг жилийн хугацаанд гарсан. Үүнийг тухай бүрт нь илрүүлж, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Хүний сэтгэцэд нөлөөлөх “мими”-тэй холбоотой зөрчил эрс багассан.

Гааль болон манай байгууллагын хамтарсан шалгалтын үр дүнд 12 кг “мими”-г олж илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. 2012, 2013 онд нүүрсний уртын тээвэрт хятад жолооч нар их явдаг байсантай холбоотойгоор уг бодисын хууль бус хэрэглээ бий болсон. Олон хоног нүүрс тээвэрт явахдаа унтахгүйн тулд “мими”-г хэрэглэдэг байсан. Манай улс үүнийг зөвшөөрдөггүй. Хятадын хувьд сүүлд хориглосон. Тээвэрт явж байгаа жолооч нарын 100 жолооч тутмын нэг нь хятад. Цаашид 100 хувь монгол жолооч нар яваад ирэхээр “мими”-тэй холбоотой зөрчил улам багасах болов уу.


САНАЛ БОЛГОХ