500 мянган төгрөгт багтах өвлийн бэлтгэл

Мэдээ


Өвлийн хуучин дугуй нэг бүр нь 35-60 мянган төгрөгийн үнэтэй

Дүн өвлийг өнтэй давахын тулд жолооч нар автомашиныхаа тос тосолгоо, дугуй гээд зарим зайлшгүй зүйлийг солих шаардлагатай болдог. Тэгвэл өвлийн улиралд автомашинаа бэлдэхэд хэдий хэмжээний зардал гарахыг тооцохоор “Өгөөмөр” техникийн захын үнэ ханшийг судаллаа.
Тэнд Япон, Хятад улсаас оруулж ирсэн шинэ болон хуучин дугуйны үнэ брэндээсээ хамаарч харилцан адилгүй үнэтэй байна. Хотын авто замын хөдөлгөөнд оролцож буй суудлын нийт авто машины тоог маркаар нь ангилсан графикаас харахад хамгийн олон буюу 164.3 мянга орчим нь Тоёота маркийн автомашин хөлөглөдөг.

Тиймээс худалдаанд Японы зах зээлээс оруулж ирсэн дугуй, эд ангиуд эрэлттэй байдаг аж. Тэгвэл суудлын автомашины Японоос оруулж ирсэн өвлийн хуучин дугуй эдэлгээнээсээ хамаарч, нэг бүр нь 35-60 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин цоо шинэ өвлийн дугуй өргөн сонголттой байх бөгөөд брэндээсээ шалтгаалан төрөл бүрийн үнэтэй. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн Hankook брэндийн шинэ дугуйны нэг бүрийн үнэ 160-185 мянган төгрөгийн ханштай байхад япон болон хятад дугуйных 120-150 мянган төгрөгт хэлбэлзэнэ. Мөн Монгол дахь албан ёсны борлуулагч болон авто сүлжээгээр худалдаж буй дугуйнууд хамгийн багадаа 195 мянган төгрөгөөс эхэлж байна. Шинэ жолооч нарт зөвлөхөд өвлийн дугуй нь бүх улирлын дугуйнаас илүү зөөлөн резинтэй замтай барьцах чадвар сайтай байх ёстой тул дугуйгаа сонгохдоо хээг нь сайтар харж, ялангуяа арзгар хээтэй дугуй авахыг туршлагатай жолооч нар зөвлөж байна.

Монголын зах зээлд олон төрлийн хөдөлгүүрийн тос борлуулж байна. Ямар хөдөлгүүрийн тос сонгох, аль нь сайн болохыг мэдэхгүй байгаа бол зөвлөмж хүргэе. Хөдөлгүүрийн тосыг ерөнхийд нь минерал, хагас синтетик, бүтэн синтетик гэж гурав ангилдаг. Өвлийн нөхцөлд хагас болон бүтэн синтетик тос ашиглах нь зөв сонголт болно. Зах зээлд хөдөлгүүрийн тос ангиллаасаа хамаарч үнийн хувьд өргөн сонголттой байна. “Өгөөмөр” техникийн захад Mobil тос дөрвөн литрийнх нь 25, Dragon, Kixx 24 мянган төгрөгийн үнэтэй байсан бол тосны шүүр 5000-8000, Аляск тосол 10 литр нь 25 мянган төгрөгийн ханштай байв.

• Аккумлятор муудсанаас шатахуун зарцуулалт ихэсдэг. Техникийн зах дээр аккумлятор шинэ нь 100-250 мянга, хуучин нь 60-80 мянган төгрөгийн үнэтэй.

• Дулаан гражид машинаа тавихад нэг өдрийн 8-10 мянган төгрөг гэж тооцвол сард 240-300 мянган төгрөг төлөх тооцоо гарч байна.

• “Нарантуул” худалдааны төвд суудлын автомашины хучлага 120-150 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна.

Харин томоохон авто засварын төвүүдэд хөдөлгүүрийн тос захаас харьцангуй дээгүүр үнэтэй байна. Тодруулбал, Shell тосны үнэ хөдөлгүүрийн ангиллаас хамааран 31-110, Catsrol болон Mobil тос 11-60 мянган төгрөгийн ханштай. Харин ENEOS 12-46, Kixx 25-56, Dragon 9000-42000 төгрөг гээд өргөн сонголттой байна. Нэмж мэдээлэхэд, өдөр тутам автомашинаа гадаа хонуулдаг жолооч нарт 5W-тэй бүтэн эсвэл хагас синтетик тоснууд тохиромжтой. Хагас болон бүтэн синтетик тосны хооронд үнийн дүнгийн хувьд 30-40 мянган төгрөгийн ялгаа байгаа тул өөрийн боломжоороо сонголтоо хийгээрэй.

Ингээд дугуй болон тосоо сольсон нөхцөлд машиныхаа хөргөлтийн шингэнийг нэмэх эсвэл солих цаг нь болсон эсэхэд анхаарахад гэмгүй. Учир нь хөргөлтийн шингэнийг 1-3 өвөлд зайлшгүй нэг бүтэн солих шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Хөргөлтийн шингэн нь автомашиныг хөлдөөхгүй, хүйтэнд автомашины найдвартай байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үнийн хувьд 8000- 28000 төгрөг. Өвлийн бэлтгэлээ хангахын тулд зайлшгүй хийх ёстой үйлчилгээ биш боловч гидрийн шингэн, кроп болон редукторын тосоо нэг шалгаад үзэхэд гэмгүй. Гидрийн шингэнийг солихгүй удаан явснаас гидрийн насос гэмтэх, дуу орох, жийрэг муудах, шингэн алдахад хүрдэг. Харин кроп болон редукторын тосыг удаан солихгүй явбал араа удаан солигдох, хүнд явдалтай болох, редукторын хацар, зүрх араа гэх мэт эд ангиуд гэмтэнэ. Муудсан, ажиллагаагүй болсон тослох материал нь таны автомашины хүч дамжуулах ангийг хангалттай хэмжээнд тосолж чаддаггүйн улмаас эдэлгээний хугацааг түргэсдэг муу талтай.

Түүнчлэн шөнөдөө 40 хэм хүрч хүйтэрдэг манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд сайн аккумулятортай байж л өвлийг өнтэй давах юм. Тиймээс аккумлятор муудсан бол аль болох шинэ аккумулятор худалдан аваарай. Техникийн зах дээр аккумлятор шинэ нь 100-250 мянга, хуучин нь 60-80 мянган төгрөгийн үнэтэй байна. Аккумлятор муудвал шатахуун зарцуулалт ихэсдэг. Сайн аккумулятор авсан байхад автомашин тань жавар тачигнасан өглөө нэг дараад л асна. Ингээд өвлийн бэлтгэлд анхаарахын тулд явах эд ангитай холбоотой зөвлөгөө, үнэ ханшийн мэдээллийг хүргэлээ.

Тэгвэл автомашины хучлага, татлага, холбогч гээд ахуйн зориулалттай эд хэрэглэлийн үнэ ханшийг танилцуулъя. Хучлага нь автомашиныг салхины урсгалаас хамгаалж тос, тосолгооны шингэн, аккумлятор зэргийг хөлдөхөөс сэргийлдэг. Өвлийн улиралд дулаан граж олддоггүй төдийгүй үнэ нь тэнгэрт тултлаа өсдөг. Дулаан гражид машинаа тавихад нэг өдрийн 8-10 мянган төгрөг гэж тооцвол сард 240-300 мянган төгрөг төлөх тооцоо гарч байна. Тиймээс автомашины хучлага хийдэг компани болон хувь хүмүүсийн үнийг сонирхлоо. “Нарантуул” худалдааны төвд суудлын автомашины хучлага 120-150 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна. Мөн захиалга авч, оёж өгч байгаа гэдгийг худалдагчид хэлэв. Тэгвэл захиалгаар суудлын бүрээс оёдог газрууд ч зах зээлд 95-120 мянган төгрөгөөр нийлүүлж байна. Иймд өвлийн гурван сард бараг нэг сая төгрөг гарздаснаас нэг удаа 150 мянган төгрөгөөр машиндаа хучлага авбал харьцангуй хямд тусах төдийгүй олон жил хэрэглэх үр ашигтай юм.

Сүүлийн үед хучлага хулгайлах хэрэг гарч байгаа тул хучлаган дээрээ шүршдэг будгаар машиныхаа дугаарыг бичих, 5000 төгрөгийн үнэтэй гинж худалдан авах, урд талын хоёр дугуйгаагаа гишгүүлж дарах гэх мэт арга хэрэглэхийг зөвлөж байна. Өвөл хатуу резинтэй шил арчигч үүргээ гүйцэтгэж чаддаггүй тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, осол аваар хийх эрсдэл гардаг. Тиймээс шил арчигч муудвал даруй солиорой. Үнийн хувьд чанараасаа хамаарч 8000-12000 төгрөгийн хооронд байна. Мөн жижиг мэт боловч анхаарахгүй өнгөрч болохгүй зүйл гэвэл сэгсгэр алчуур. Хүйтэн үед өдрийн цагаар машинаа халаах тохиолдол цөөнгүй гардаг. Ингэхдээ дөнгөж орсон цасыг буулгахад сэгсгэр алчуур зайлшгүй хэрэг болдог. Машин дээр тогтсон цасыг буулгахгүй удсанаас мөс болж, хусахаас нааш арилдаггүй. Ялангуяа, эмэгтэй жолооч нарт зайлшгүй байх ёстой эд бол сэгсгэр алчуур юм. Мөн автомашиныг чирч асаах, дулаан граж руу зөөх шаардлага тохиолддог. Энэ үед зориулалтын уян татлага хэрэглэх эсвэл холбогч танд хэрэг болно. Ингээд дээрх үнэ ханшаас тооцвол хамгийн багадаа 500 мянган төгрөгийн өртгөөр өвлийн бэлтгэлээ базааж, өнтэй өвөлжих юм байна.



САНАЛ БОЛГОХ