Монголын сагсчдын түүхэн амжилт

Спорт


Токиогийн олимпийн хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөг багтсанаас хойш энэ төрөл олны анхаарлын төвд орж, ач холбогдол нь нэмэгдсэн. Тэгвэл Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн төрлийн багийн спортын тивийн аваргыг нутагтаа зохион байгуулж, хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор алтан медалийг нь гуядаж авлаа. Ингэснээр манай залуус ирэх жил Филиппинд зохиогдох ДАШТ-д өрсөлдөх нь бараг тодорхой болж байна. Эрэгтэй баг эхний шатанд Бахрейнийг 22:11, Японыг 21:16- гаар зовлон багатай хожиж, хэсгээ итгэл төгс тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд Тайванийг 21:13, хагас шигшээд Австралийг нэмэлт цагт 19:17- гоор, финалд Шинэ Зеландын хүчтэй багийг 19:14-өөр буулгаж авлаа.

Манай энэ баг өмнө нь Азийн танхимын болон тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртэж, гранпри тэмцээнүүдэд олонтаа оролцсоноор гар нийлж, цочроо арилсан нь ялалтад хүрэх гол хүчин зүйл болсон юм. Монголын багийн Э.Дөлгөөн тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тамирчнаар шалгарч, байр дээр баяр нэмлээ. Казахстаны багийн А.Котенко тэмцээний турш 47 оноо авч, бүх тоглогчийг тэргүүлэв. Харин Монголын багийн Г.Цэнгүүнбаяр 34 оноогоор энэхүү жагсаалтын аман хүзүүнд бичигджээ. Мөн Э.Дөлгөөн 31 (5-д), Д.Дэлгэрням 20 (13-т), Э.Цэрэнбаатар 17 оноо (18-д) авсан нь манайхан багаараа тун жигд тоглож байсныг илтгэнэ.

Энэ жил ДАШТ-д өрсөлдөж, хасагдах шатанд шалгарч байсан Катарын шигшээ хэсгээс гарч чадаагүй нь энэ удаагийн тэмцээний гол дуулиан боллоо. 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн ангиллын дэлхийн чансаанд 191 орон бичигддэг. Манай багийн тухайд урьд өмнө үзүүлсэн амжилтаар дэлхийд 31-д, тивдээ дөрөвт эрэмбэлэгдэж байв. Монголын дээр Япон (дэлхийд 15), БНХАУ (17), Казахстан (22) залардаг. Өчигдөр бидэнтэй аваргын төлөө тоглосон Шинэ Зеландын тухайд дэлхийн чансааны 23-д жагссан төдийгүй энэ жилийн ДАШТ-д тоосоо өргөсөн чадварлаг баг. Гэхдээ Монголын залуус хүчтэй өрсөлдөгчөөсөө огт бэргэлгүй тоглож, түүхэн амжилтын эзэн болсон нь гайхалтай. Ирэх жилийн ДАШТ-ий тухайд тив тивдээ дээгүүр эрэмбэлэгдсэн шилдэг 20 баг өрсөлдөх учиртай. Монголын шигшээ энэ жил Азийн аварга болсноор тивийнхээ чансааг ахиулах сайхан боломж бүрдсэн юм. Тиймээс олимпийн төрлийн спортын ДАШТ-д түүхэндээ анх удаа оролцох сайхан боломж бидний өмнө байна.


САНАЛ БОЛГОХ