Сураг төдий цэвэршүүлэх үйлдвэрийн өгөөж

Уул уурхай


Олон улсын зах зээлд гарах боломж

Дэлхийн зах зээл дэх үнэт эдлэлийн эрэлт жил ирэх тусам нэмэгдэж байна. Ялангуяа, алтны орцтой гоёл чимэглэлийн хэрэглээ уг таваарын үнийн өсөлтөд голлох нөлөө үзүүлэх болов. Тэрчлэн хөгжиж буй орны төв банкууд алтны нөөцөө зузаатгах, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг хадгалах зорилгоосоо хазайсангүй. Энэ нь шаргал металлд зориулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ цаашид өсөхөд хүргэлээ. Ер нь гадаад валютын нөөцөөр тухайн орны мөнгөн тэмдэгтийн чансааг тодорхойлдог. Үүгээр хэмжиж үзвэл, манай улсын валютын албан нөөц энэ оны наймдугаар сард 1.5 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөх үетэй харьцуулахад 40.05 хувиар нэмэгдлээ. Иргэд, аж ахуйн нэгжүүдээс зөвхөн энэ онд 20 тонн алт худалдан авах зорилт дэвшүүлсэн Монголбанк өнгөрсөн сарын байдлаар 16.8 тонн алт худалдан авснаа олон нийтэд зарлалаа. Төгрөгийн ханшийн төлөвийг тодорхойлох алт тушаалт амжилтаа ахиулж байгаа нь энэ.

Нэг сумаар хоёр туулай буудах боломж
Үүнээс гадна эдийн засгаа сэргээхээр эхлүүлсэн “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд цэвэршүүлэх үйлдвэрийн сураг тодорсон юм. Ийм үйлдвэр байгуулбал алтыг олон улсын зах зээлд шууд борлуулах боломж бүрдэнэ. Ингэснээр үнэт металлын эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, жижиг болон дунд үйлдвэрлэл хөгжих эхлэл тавигдах учиртай. Энэ нь эдийн засгийн өсөлтөд дэм болох хөшүүрэг. Дотоодод олборлон баяжуулж байх жишээтэй. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн технологи дотроос хамгийн дэвшилттэй, өндөр үр ашигтайг Өмнөд Африкийн Минатавру гэж үздэг. Цөөн хүн ажиллуулж, жилд 24 тонн алт цэвэршүүлдэг, хаягдал хамгийн бага гаргадаг, орчныг бохирдуулдаггүй эл технологи өдгөө ч эрэлттэй хэвээр. Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэрээс алтны худалдааг ил тод болгох арилжааны систем рүү шилжих зайшгүй шаардлагатай. Ингэхийн тулд алтны бирж байгуулахаас аргагүй. Тус бирж олон улсын зах зээлийн үнэд тулгуурлан спот болон фючерсын гэрээний хүрээнд арилжаа хийх, улмаар алтны худалдаа илүү амар хялбар болох юм.

Биржийн гол зорилго нь алтны үнийн тогтвортой байдлыг хангах төдийгүй бичил уурхайгаар олборлосон алтыг олон шат дамжлагагүйгээр зах зээлийн үнээр шууд худалдах боломжийг бүрдүүлдэг. Алтны бирж байгуулснаар гарах давуу тал нь бэлэн бус төлбөр тооцоо нэмэгдэж, далд эдийн засгийн хэмжээ хумигдах юм. Үүний зэрэгцээ мөнгөний эргэлт хурдсаж, татварын хяналт ч сайжирна. Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй банк болон даатгалын үйлчилгээ орон нутагт өргөжих төдийгүй агуулах, тээврийн үйлчилгээ ч хөгжих боломжтой билээ. Эрдсийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад алтны бирж байгуулах дэд бүтэц харьцангуй сайн бүрдсэн. Шаргал металлын худалдааг шилэн болгоход биржийн үүрэг, цэвэршүүлэх үйлдвэрийн оролцоо өндөр байх нь гарцаагүй.

САНАЛ БОЛГОХ