БНХАУ-ын тэргүүлэх банкнуудын зээлийн хүүгийн цэвэр ашиг 10-15 хувиар өсөв

Мэдээ

Энэ оны III улиралд БНХАУ-ын тэргүүлэх дөрвөн банкны зээлийн хүүгийн орлого хоёр оронтой тоогоор өслөө. Даваа гарагт танилцуулсан тайланд тусгаснаар “Industrial & Commercial Bank of China”, “Bank of China”, “Agricultural Bank of China”-ийн зээлийн хүүгийн цэвэр ашиг 15 хувиар өссөн байна. Харин “China Construction Bank”-ийн хувьд өнгөрсөн долоо хоногт 10 хувийн өсөлт танилцуулж байсан юм. Эдгээр банкнуудын эерэг үзүүлэлт нь хөрөнгө, зээлийн чанар сайжирч байгааг илтгэлээ гэж шинжээчид онцолжээ. Мөн "Банкны үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй эдийн засгийн орчин, хуулийн зохицуулалт болон шинэ технологийн эрсдэл буурч байна" гэж “China International Capital”-ийн захирал мэдэгдэв.

БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн 30 их наяд юаниар хэмжигдэх БНХАУ-ын өрийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байгаа аж. Энэ хүрээнд бодлогын уялдааг сайжруулах, банк хоорондын зээлийг хумих ажлуудыг хийжээ. Түүнчлэн моргейж болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын зорилгоор зээл хүсэгчдийн тоо өссөн нь дээрх банкнуудын ашиг нэмэгдэхэд түлхэц өгсөн байна. Хэдий тийм боловч цалингийн өсөлтийн хурд моргейжийн зээлийн өсөлтийг гүйцэхгүй байгаа нь ирээдүйд хүндрэл учруулж болзошгүй байгаа юм.




САНАЛ БОЛГОХ