Орчин цагийн бизнесийн шүтэлцээн

Нийгмийн хариуцлага


Нийгмийн хариуцлага нь бизнес урт наслах амин дэм

Хорвоог зөвхөн зоосны нүхээр хэмждэг богино бизнес хол явж, урт насалдаггүйг бизнес эрхлэгчид ойлгочихож. Тиймээс ашгийн хойноос улайрахаас илүү, нийгэм болоод эх дэлхийд халгүй бизнесийн үйл ажиллагааг чухалчилж эхэлжээ. Өнгөц харваас буяны ч гэж ойлгогдохоор энэ арга барилыг олон улсад нийгмийн хариуцлага хэмээн нэрийдээд цөөнгүй жилийг үдэж байгаа. Гэхдээ “Нийгмийн хариуцлага” гэх энэ ажил хэрэгч нэр томьёоны мөн чанар, гүн утгыг монголчууд ухаж ойлгож чадсан уу. Зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй олон нийт, төр засгийн хэмжээнд ч бүрэн ойлгож авсан болов уу. Баярын өдрүүдэд балчир үрс, өндөр настанд бэлэг тараана. Үүнийгээ “Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна” хэмээн хэвлэлээр сайрхана. Өглөг, барьцын шинж агуулсан энэ үйлдлийг нийгмийн хариуцлага гэж ойлгож болох уу.

Тэмдэглэлт ой, түүхэн баярын үеэр олонтаа харагддаг нийтлэг энэ төрх үнэндээ нийгмийн хариуцлагыг бүрэн илэрхийлдэггүйг судлаачид онцолж байна. Гэхдээ нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж байна гээд тэрбум, тэрбумаар нь хөрөнгө цацаж, өглөг, барьц өргөн барь гэсэн үг ч биш. Нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг бизнес энгийнээс эхэлдэг. Татвараа цагт нь төлөхөөс, цалингаа цагт нь тавихаас нийгмийн хариуцлага эхэлнэ. Цаашлаад цасанд дарагдсан гадна талбайгаа цаг тухайд нь цэвэрлэхээс, цахилгаанд хэмнэлттэй гэрлийн чийдэн ашиглах нь хүртэл нийгмийн хариуцлагын нэг хэсэг. Тиймээс ийм өргөн хүрээ, нарийн хэлхээг хамардаг нийгмийн хариуцлагыг ухаарч ойлгох, хэрэгжүүлж, хэвшүүлэх нь чухал байна.

Татвараа цагт нь төлөхөөс, цалингаа цагт нь тавихаас нийгмийн хариуцлага эхэлнэ
Харамсалтай нь, дэлхий дахинд хөгжөөд бараг хагас зуун жил болж буй энэ ойлголт манайд тун өнгөц. Өглөг, хандиваас хэтэрдэггүй боловч үүнийгээ нэг их гавьяа байгуулсан шиг сайрхах нь олон. Манайд хамгийн нийтлэг энэ үзэгдэл дэлхийд маркетингийн хамгийн амтгүй арга болж, сонирхол татахаа больсон. Хэдийгээр бизнес нь ашгийн үйл ажиллагаа ч гэлээ нийгмээс тасарсан үйлдэл биш. Энэ нийгмийн нэг эд, эс болохынхоо хувьд эргээд нийгмээ ивээн тэтгэж байж, тэр бизнес оршин тогтноно гэсэн энгийн зарчим түгээмэл болж. Нийгэм хийгээд бизнесийн энэ нарийн шүтэн барилдлагыг ойлгосон ухаантай бизнес эрхлэгчид илүү таатай нийгмийн тогтолцоог бий болгох замаар өргөжин тэлээд, эргээд эх дэлхий, олон нийтийн зүгээс ашиг хүртэх боллоо.

Нийгмийн хариуцлага нь тухайн компанийн хэтийн хөгжлийн баталгаа болоод зогсохгүй, улс орны эдийн засаг, санхүүгийн системд нэн тустай амин дэм болдог юм. Өмнө нь нийгмийн хариуцлагыг үр ашиггүй зардал хэмээн үздэг байсан бол харин ч энэ нь тухайн компанийн орлогыг мэдэгдэхүйц дэмждэг хүчин зүйл болохыг бизнес эрхлэгчид ойлгож эхэлж. Үүнийг баталсан олон төрлийн судалгаа бий. Тухайлбал, McKinsey-ийн олон улсын судалгаагаар нийгмийн хариуцлага нь чадварлаг хүний нөөцийг татах, үр өгөөжийг сайжруулан өртөг бууруулах, өсөлтийн шинэ боломж бий болгох давуу талтайг харууллаа. Цаашлаад өрсөлдөх чадварыг улам дээшлүүлдэг. Ингэснээр компанийн өрийн өртөг 40 ба түүнээс дээш хувиар буурч, орлого 20 хүртэлх хувиар өсөх боломжтой гэсэн дүн гарчээ.

Улмаар хөрөнгө оруулалт татахад илүү хялбар болдог байна. Нийгмийн хариуцлага энэ мэтээр компанид хосгүй давуу тал авчирдаг. Ингэснээр дам байдлаар ашигт ажиллагаанд нөлөөлж, капиталын өртөг буурах, ажилтнуудын ажлын байрны тогтвортой байдал өсөх зэрэгт нөлөөлдөг. Гэтэл үр ашиггүй зардал биш харин ч үнэлж баршгүй давуу тал авчирдаг нийгмийн хариуцлагын тухай ойлголт манайд сул байгаа нь юутай харамсалтай. Энэхүү бүүдгэр зураг зөвхөн бизнес эрхлэгч төдийгүй олон нийт, төр засагт ч хамаатай болохыг Монголын компанийн засаглалын төв мэдээлж байна. Үнэндээ дотоодын компаниуд дундаас яг энэ нь нийгмийн хариуцлагыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна гээд хэлчих аж ахуйн нэгж ховор болохыг судлаач онцолсон.

• McKinsey-ийн судалгаагаар нийгмийн хариуцлага нь бизнест өсөлтийн шинэ боломж бий болгодог.

• Харамсалтай нь, дэлхий дахинд хөгжөөд бараг хагас зуун жил болж буй энэ ойлголт Монголд тун өнгөц.

• Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхгүй байна хэмээн бизнес эрхлэгчид рүү чичлэх бус үүнд төр, олон нийт оролцох нь чухал.

Гэхдээ Германы “Конрад- Аденауэр” сангаас бэлчээрийн мал аж ахуйтай Монгол Улсын сүүний зах зээл дэх дараах жишээг нийгмийн хариуцлага гэж үзэх боломжтой хэмээн дүгнэжээ. Дотоодын сүү үйлдвэрлэгч компаниуд хилийн чанадаас хуурай сүү авчраад дотоодод шингэрүүлж, борлуулах нь санхүүгийн хувьд харьцангуй ашигтай. Тэгвэл нэгэн компани Монгол орны таван аймаг, хөдөө орон нутгийн 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч сүлжээнээс сүү авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ингэснээр зөвхөн хэрэглэгчдийг чанартай сүүгээр хангаад зогсохгүй малчид, орон нутгийн иргэдийг тогтмол орлоготой болгож, амьдралын түвшинг нь дээшлүүлж буй. Ер нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлснээр оролцогч талууд бүгд хождог. Энэ бол нийгэмд хөнөөлтэй бизнес эрхлээд олсон ашигтай харьцуулахааргүй үнэ цэнэтэй хожил. Дээрээс нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх нь зөвхөн компанийн шийдэл, санаачилга биш. Үүнийг өдөөх хөшүүрэг нь олон нийт, төр засаг. Олон нийт-төр засаг-бизнес гэсэн гурван тал нэг цэгт төвлөрч, нийгмийн хариуцлага батжина. Нэг үеэ бодоход хувийн хэвшлийнхэн орлогынхоо тодорхой хэсгийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд зарцуулдаг болж. МҮХАҮТ-аас хувийн хэвшлийнхний нийгмийн хариуцлагад зарцуулдаг хөрөнгийн судалгааг хийжээ.

Нийт 256 аж ахуйн нэгжийг хамруулсан судалгаанд оролцогчдын 8.3 хувь нь 0-10, 33.4 хувь нь 10-50 сая төгрөг. Харин 10.5 хувь нь 50-100, 16.9 хувь нь 100-500 сая төгрөг, 11.0 хувь нь 500 саяас нэг тэрбум төгрөг, 20 хувь нь нэг тэрбумаас дээш төгрөг зарцуулдаг нь тогтоогджээ. Эндээс харахад бас ч багагүй мөнгө зарцуулдаг болох нь харагдана. Компанийн үйл ажиллагаа тэлэхийн хэрээр нийгмийн хариуцлага нь улам чамбайрч, хөрөнгө оруулалт нь нэмэгддэг гэх нийтлэг зүй тогтол бий. Гэхдээ зөвхөн том гэлтгүй ямар чиглэлд үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарахгүйгээр аж ахуйн нэгжүүд нийгэмд хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэх ёстойг мэргэжилтнүүд ярьж байна. Нөгөө талд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ гээд тусгайлан мөнгө зарцуулахгүй ч өөрийн үйл ажиллагааг шударгаар, хэрэглэгч, байгаль орчинд хохирол учруулахгүйгээр эрхэлж байвал хариуцлагаа тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж байна гэсэн үг аж.

Монголын компанийн засаглалын хөгжлийн төвийн судалгаагаар манай орны бизнесийн орчин, хууль эрх зүй, улс төрийн орчин, олон нийтийн зүгээс хариуцлагатай бизнесийн алхмуудыг сайн дэмждэггүй гэсэн дүгнэлт хийжээ. Тэгэхээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхгүй байна хэмээн бизнес эрхлэгчид рүү чичлэх бус бид өөрсдөө ч энэ төрлийн үйл ажиллагааг өдөөх хүч нь болох хэрэгтэй байна.



САНАЛ БОЛГОХ