Төсөвт хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй

Байр суурь


2018 он эдийн засгаа өөд нь татах хариуцлагатай жил

Эдийн засагч Б.Найдалаатай ирэх оны төсөв, мөнгөний бодлого, банкны салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд ярилцлаа.

-Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж батлах өдрүүд хаяанд ирчихлээ. Таны харж байгаагаар 2018 онд ямар сорилт, бэрхшээл бидний өмнө байна вэ?
-Улс төрийн ямар нэгэн сонгууль ирэх жил тохиохгүй. Энэ нь эдийн засагт эрүүл, зөв бодлого хэрэгжих чухал цаг хугацаа болж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор юу хийх, юуг хийж болохгүй нь тодорхой болчихсон. Тиймээс хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улс байгаа боломж, нөөцөө бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай. Ингэснээр эдийн засаг дунд болон урт хугацаанд тогтвортой Төсөвт хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй хөгжих, одоогийн багахан ололтоо бэхжүүлэх хөрс суурь бүрдэх юм. Богино хугацаанд төгрөгтэй харьцах валютын ханш тогтвортой байх төдийгүй нүүрсний экспорт ихээхэн саарахгүй болов уу. Инфляцын дарамт бага байх нь.

-Мөнгө, төсвийн бодлогын уялдаа холбоог сайжруулах талаар их олон жил ярьж байна. Тодорхой ахиц, дэвшил өнгөрсөн хугацаанд гарсан уу?
-Төсвийн сахилга бат алдагдсан. Үүнийг мөрдүүлэх хууль, тогтоомж амьдрал дээр хэрэгжсэнгүй. Харин ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага эргээд төсвийг эрүүлжүүлэх, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоонд тодорхой ахиц, дэвшил гаргаж мэдэхээр байна.

-Банкны салбарт хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй хийх ёстой юу. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар сая хуулийн төслийг нь УИХ-д өргөн мэдүүллээ.
-Тийм ээ. Санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг дангаар бүрдүүлж буй банкны салбарт хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх хэрэгцээ, шаардлага байсан. Энэ хүрээнд ирэх жил хуулийн шинэчлэл багагүй хийгдэхээр харагдаж байгаа. Эдгээр ажлын үр дүнд банкны салбарт бодитой томоохон өөрчлөлтүүд гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

• Улс төрийн ямар нэгэн сонгууль ирэх жил тохиохгүй. Энэ нь эдийн засагт эрүүл, зөв бодлого хэрэгжих чухал цаг хугацаа болж байна.

• Бодлогын хүүгээ одоогийн түвшинд хадгалах, магадгүй ялимгүй бууруулах боломж, нөхцөлийг эрэлхийлэх орон зай төв банкны өмнө гарахыг үгүйсгэхгүй.

• Нөхцөл байдлыг харахад, ипотекийн зээлийг өсгөх бус одоогийн түвшинд барих бололтой.

-Эдийн засгийн төлөв байдал ямар байна вэ. 2018 оны мөнгөний бодлого эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Ер нь эдийн засаг сэргэж байгаа үед бодлогын хүүгээ бууруулах хэрэгтэй юу?
-Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдах дүр зурагтай байгааг дурдсан. Үүнтэй холбоотойгоор мөнгөний бодлогоо хэт тэлэхгүй байх. Өөрөөр хэлбэл, Монголбанк тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхгүй гэж харж байна. Харин эдийн засгийн тогтвортой байдлыг улам бэхжүүлэхэд цаашид бодлогоо хандуулахаар байгаа. Мөн бодлогын хүүгээ одоогийн түвшинд хадгалах, магадгүй ялимгүй бууруулах боломж, нөхцөлийг эрэлхийлэх орон зай төв банкны өмнө гарахыг үгүйсгэхгүй. Ирэх жилийн мөнгөний бодлого инфляцын дарамтгүй эдийн засгийн өсөлтөд чиглэж байна.

-Банкны салбарын “эрүүл мэнд”-эд ямар өөрчлөлт гарахаар байна вэ?
-Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үзүүлэлт өндөр дүнтэй хэвээр байна. Энэ нь эдийн засагт сайн үзүүлэлт биш. Банкны салбарын бүтцийн өөрчлөлт, хууль эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотойгоор дээрх байдал сайжрах боломжтой. Монголбанк банкуудын өөрийн хөрөнгийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Энэ нь тухайн банк тэлж, томор гэсэн бодлогын шаардлага гэж ойлгож байгаа.

-Ипотекийн зээлийн эрч саараад байна. Монголбанк тус орон сууцны хөтөлбөрөөс гарч, Засгийн газарт бүрэн шилжүүлэхээр болсон. Гэвч орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд маш олон байна. Эрэлт, хэрэгцээ их боловч эх үүсвэр хангалттай биш байгаа. Засгийн газарт 100 хувь шилжүүлсэн нөхцөлд илүү олон өрх байртай болох боломжтой юу?
-Ипотекийн зээл нийгмийн захиалга болсон сайн хөтөлбөрийн нэг. Гэвч эх үүсвэр нь зах зээлийн жамаар бус Монголбанк төгрөг хэвлэх замаар санхүүжүүлж ирлээ. ОУВС-гийн зүгээс Засгийн газарт шилжүүлэх нь илүү оновчтой гэж үзсэн. Үүний дагуу төв банк дээрх өөрчлөлтийг хийж байна. Засгийн газарт орон сууцны хөтөлбөрийг даатгах нь зөв. Цаашид уг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд засаг их мөнгөтэй эсвэл олон улсын зах зээлд хямд мөнгө босгох хэмжээний чадавхитай байх ёстой. Бодит хөрөнгө дээр тулгуурлах нь илүү үр ашигтай. Нөхцөл байдлыг харахад, ипотекийн зээлийг одоогийн түвшинд барих бололтой.

-2018 оны төсөвт бодит өөрчлөлт хэр байна вэ. Тоон үзүүлэлтээс илүү чанар, агуулгын хувьд дэвшил гарсан уу?
-Төсвийн алдагдлыг бууруулахын тулд тооны ард дахь агуулгыг сайжруулах ёстой. Цаас үйлдвэрлэх бус асуудлаа эрэмбэлэх нь чухал. Одоо бол бүгдэд нь хүртээх гэсэн зарчим баримталж байна. Энэ нь төсвийн үр нөлөөг багасгадаг. Үүнийг өөрчлөхгүй бол хариуцлага сайжрахгүй. Эдийн засаг хүнд, өрийн дарамт өндөр байгаа гэх боловч төрийн албаны зардал буурсангүй. Зардлаа танахын тулд төрийн албаны шинэчлэлийг эхлүүлэх ёстой. Төсөв нь бодлогын төлөвлөлт байдаг. Сайтар төлөвлөж байж хөгжлийн тулгамдсан асуудлаа шийднэ. Түүнээс тоо өөрчиллөө гээд асуудал өөрөө шийдэгдэхгүй. Төлөвлөлт тааруу байх нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байдаг. Тэгэхээр төсөвт хандах одоогийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Төсвийн менежмент чухал.


САНАЛ БОЛГОХ