“Uber” компани нисдэг таксины үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөгөө танилцуулав

Мэдээ

“Uber” компани нисдэг таксины үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөгөө лхагва гарагт танилцууллаа. Тус компанийн удирдлагын мэдээлснээр 2020 онд анхныхаа нислэгийг хийхээр төлөвлөжээ. Мөн энэхүү тээврийн хэрэгслийг 2028 оноос унаа хуваалцах үйлчилгээнд ашиглахаар тооцоолсон байна. Цэнэг хураагуураар ажиллах нисэх тээвэр нь харагдах байдлаараа жижиг онгоц болон нисдэг тэргийг хослуулсан мэт аж. Гол зорилго нь замын бөглөрлөөс үл хамааран хүссэн чиглэлдээ цаг алдалгүй хүрэх боломжийг хүн бүрт олгоход чиглэсэн гэж зохион бүтээгчид онцолж байна.

Мөн “Uber”-ийн удирдлага алсдаа энгийн автомашинаар зорчсоноос илүү хямд зардалтай болгоход анхаарч байгааг онцоллоо. Одоогоор хууль хэрэгжүүлэгч байгууллагаас нислэгийн зөвшөөрөл авах, нисгэгчийг сургах болон замын хөдөлгөөний менежментийн систем бүтээх зэрэг нь нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгаа голлох хүндрэлүүд болоод байна.




САНАЛ БОЛГОХ