“Устай” төсөв

Төсөв


Тооцооны бодит алдагдлын тухай бид ирэх оны намар тодотгол хийх үеэр сонсох байх


Хүмүүс өгсөн мөнгийнхөө хойноос яагаад санаа тавьдаггүй юм бол. Ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна гэж хэвлэлээр хэсэгтээ л шуугидаг. Удалгүй баталлаа хэмээн уралдан мэдээлэх нь бий. Уг нь төсөв бол УИХ- ын 76 гишүүний үзэмжээр хуваачихдаг баярын бялуу биш. Монгол хүн бүрт хамаатай бодлогын баримт бичиг. Ялангуяа, сонгуулийн шуурга арилсан энэ үед амлалтын шинжтэй, амттай төсвөөс аль болох татгалзаж, илүү ажил хэрэгч төслийг батлах учиртай. Шинэ Засгийн газрыг ингэж ажиллаасай хэмээн иргэд төдийгүй олон улсын түншүүд хүртэл хүлээж буй. Тэр тусмаа, өмнө нь өргөн барьсан төслөө эргүүлэн татсан. Бас төсвийн талаар жинтэй үг хэлдэг цөөн гишүүний нэг Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан төсөл гэдэг утгаараа хүлээлт илүү ч өндөр байсан биз.

Тэгвэл итгэл, хүлээлтийн аль алийг нь дагуулсан 2018 оны төсвийн төслийг сөхье. Өмнө нь бид орлогын тоймыг хөндөж байсан тул энэ удаад зарлагыг задлан харуулахаар зорилоо. Сангийн яамны өргөн барьснаар ирэх онд төсвийн зардал түүхэн дээд цэгээ дахин эвдэж, 10 их наяд төгрөг рүү дөхөх төлөвтэй.

Жилийн жилд данхар хэмээн гоочлуулсаар ирсэн төсвийн зарлага ирэх онд ч энэ нэрээ дахин зүүх нь. Ингээд зогсохгүй салбарын яамнаас ирэх оны төсвийн зарлагыг энэ оныхоос даруй 497.3 тэрбум төгрөгөөр нэмсэн. Харин Сангийн яамны өсгөж өргөн барьсан дүн дээр УИХ-ын гишүүд ч өөрсдийн “квот”-оо нэмэхээр байна. Ойрын хэдэн өдөр өрнөж буй УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар төсвийн зарлагыг дахин 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргаад байгаа аж. Зарлага ийн нэмэгдэхийн хэрээр төсвийн алдагдал тэлж таарна. Сангийн яамны өргөн барьснаар ирэх онд төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг давахаар байгаа. Гэтэл УИХ зарлагаа танах бус өсгөөд баталчихвал төсвийн алдагдал талийх нь тодорхой. Үүнээс үүдээд төсвийн цоорхой тэлнэ.

Энэ цоорхойг нөхөхийн тулд дахиад л өр тавина. Төсөв тойрсон ийм нэгэн өрийн хэлхээ тасралтгүй үргэлжилнэ. Гэтэл ийм өрийн тойргийг мэдэхийн дээдээр мэддэг төрийн түшээд тэлсэн төсвийг улам сунгахаар хичээж буй нь эх орноо бодсон мэргэн бодлого мөн үү. Төсвийн зарлагыг том зургаар харвал ийм дүр төрх бууж байна. Тэгвэл задлаад харвал төсвийн мөнгөний урсгал ерөнхийдөө гурван “гол” руу цутгана. Үүний дийлэнх буюу нийт мөнгөний 80 орчим хувь нь зөвхөн урсгал зардлыг чиглэдэг ба урсгал зардалд төрийн албан хаагчдын цалингаас эхлээд сумын сургуулийн дээврийн их завсар хүртэлх бүх зардал багтана. Ер нь төсвийн үнэн төрх том тооны цаана бүдгэрч орхидог. Төсөвт туссан, сонирхол татсан тоонуудыг тольдъё. Ирэх онд төсвийн хөрөнгөөр 59 сургууль, 90 цэцэрлэг шинээр барьж эхлүүлнэ. Үүний 36 сургууль, 47 цэцэрлэгийг нийслэлд барихаар төлөвлөжээ. Ингэснээр сурагчид гурван ээлжээр хичээллэж, балчир үрсээ азын сугалаагаар цэцэрлэгт явуулдаг байдал өөрчлөгдөх төлөвтэй. Мөн зарим замын ажлыг урагшлуулж, төв цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийг шийднэ гээд итгэл дагуулсан сайн мэдээнүүд бий.

Гэхдээ улстөржсөн, гал унтраасан шийдлүүд ч цөөнгүй. Төсөвт туссан олон тооноос ганцханыг л сугалахад л төрийн албан хаагчдад 56.2 тэрбум төгрөг олгохоор суулгачихаад байгаа. Арга ядсан энэ оролдлого үнэндээ цаг зуурын гал унтраах аргын сонгодог хэлбэр. Улсын төсөвт үлэмж хэмжээний дарамт болдог төрийн данхар бүтцийн шинэчлэх талаар ам нээхгүй атлаа ядарсан төсөв дээр дахиад ачаа нэмж буй нь яавч төсвийн мэргэн бодлого биш нь тодорхой.

• Сангийн яамны өргөн барьснаар ирэх онд төсвийн зардал 10 их наяд төгрөг рүү дөхөх төлөвтэй.

• Амттай төсвөөс аль болох татгалзаж, илүү ажил хэрэгч төслийг батлах учиртай.

• Салбарын яамнаас ирэх оны төсвийн зарлагыг энэ оныхоос даруй 497.3 тэрбум төгрөгөөр нэмсэн. Харин Сангийн яамны өсгөж өргөн барьсан дүн дээр УИХ-ын гишүүд ч өөрсдийн “квот”- оо нэмэхээр байна.

Ирэх оны төсөв ямар хэмжээний алсын хараагүй байгааг батлах дахин нэг жишээг өгүүлье. Аглаг бүтээлийн хийд хүрэх зам тавихад зургаан тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгажээ. Гэсэн атлаа шинжлэх ухаан, судалгааны лаборатори, био бэлдмэлийн үйлдвэрт зориулж 900 сая төгрөг суулгасан байгаа юм. Монгол Улс сангийн бодлогоор мэдлэгийг хэрхэн дэмжиж буйн баталгаа энэ. Татварын мөнгийг ийн ашиггүй зарцуулах атлаа өөрт халдаахад харин ч чамбай. Ганцхан жишээ хэлэхэд, УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын их засвар, тоног төхөөрөмжид 1.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Улс орны төсөв, санхүүгийн байдал хүнд байна гэсээр өнгөрсөн оноос эхлээд хэд, хэдэн төрлийн татварыг ар араас нь нэмж буй. Ирэх онд ч дахин хэдэн төрлийн татвар нэмж, иргэдийн халаасыг цоолохоор байгаа.

Гэтэл мөнгөгүй хэмээн ядарсан иргэд, бизнес эрхлэгчдийн хэтэвч рүү өнгийх атлаа өөрсдийнхөө зарцуулалтыг ийн тэлж байна. Төрийн ордны хэвлэгчийг солихгүй байлаа гээд төрийн ажил зогсчихгүй л байлтай. Иргэдийн хамгийн итгэл тээн хүлээж байсан ипотекийн зээлд шинэ засаг ийм бэлэг барив. Ипотекийн зээлээс Монголбанк нэрээ татсан тул байртай болох хүсэлтэй иргэд Засгийн газрыг итгэл тээсэн нүдээр ширтэх болсон. Тэгвэл Засгийн газрын ипотекийн зээлд зориулсан санхүүжилт нь 120 тэрбум төгрөг буюу энэ жилийнхээс нэг их өсөхгүй. Өөрөөр хэлбэл, ирэх жилд ипотекийн зээл олголт удааширсан хэвээр байх нь. Ипотекийн зээлийн их эрэлтэд гар татах атлаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гээд хяналт сул мөнгөний хүүдийнүүдэд тэрбум тэрбумаар мөнгө хуваарилсан байгаа юм. Энэ мэт ухаад байвал өө дэндүү олон. Ийм нэгэн “устай” төсвийг УИХ-аар хэлэлцэж байна.

Ирэх жилийн зөөлөн төсөв ойрын жилүүдийн татварын дарамтыг даллан дуудаж байдгийг сонгогчид ч, бизнес эрхлэгчид ч зөгнөх болсон. Ирэх оны төсөв үнэндээ бодлого биш эрх мэдэлтнүүдийн тал тал тийш зулгаасан зардлын тоон хүснэгт болчихож. Тооны ард ямар ч бодлого, агуулга алга. Харин тэрхүү бодлого, бодит тооцооны алдагдлын тухай бид ирэх оны намар хийх тодотголын үеэр сонсох байх.



САНАЛ БОЛГОХ