Монгол хүний амь нас 300 сая төгрөгөөс хямд гэв

ЗГМ: Цуврал


Хотын дарга та дулаан өрөөнөөсөө цухуйж, бодит байдалтай танилцана уу

“...Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчдэг ердөө 300 үхрийн асуудал л энд яригдаж байна. Төрд эдгээр үхрийг устгалд оруулсны нөхөн төлбөр болох 300 сая төгрөг байхгүй. Тиймээс махны экспорт яригдаж байгаа энэ үед танай нийтлэлийг олон нийтэд хүргэмээргүй байна” хэмээн Сонгинохайрхан дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга хээвнэг хэлэв. Мал, хүн хоёр нь зэрэгцэн хогон идэштэн болсон дүр зураг, бодит байдлыг бид “Улаанбаатарчуудад тавагласан Улаанчулуутын хог” нийтлэлээрээ хөндсөний дараа эрх мэдэлтнүүдээс ирсэн хариу үйлдэл энэ. Уг нь энэ бол нийслэл хотын 1.3 сая иргэний хүнсний аюулгүй байдалтай холбоотой маш том асуудал.

Гэтэл нийт хүн амын бараг л тал хувийнх нь эрүүл мэндэд заналхийж буй, бүр цаашилбал үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд эрх баригчид махны экспорт төдийхнөөр хандаж сууна. Хотын төвөөс 15-хан км-ийн зайд үхэр сүрэг хэдэн зуугаараа хогийн цэг дээр идээшилж, түүний мах, сүүг хотынхон хүнсэндээ хэрэглэсээр байгаа ноцтой асуудлыг нэг тийш шийдэж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байж гадаадын том том төсөл ярьж байгаа нь өөрөө эмгэнэл юм. Нийслэлийн ногоон бүсэд малтай айл суурьшуулахыг хориглох тухай НИТХ-ын шийдвэр уг нь бий.

Гэхдээ энэ шийдвэр хэзээ ч хэрэгждэггүйг бид хангалттай харлаа. Ном ёсоороо бол тухайн мал юугаар хооллож, ямар орчинд төхөөрч, махыг нь хэрхэн тээвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж байгааг нэгд нэгэнгүй хянаж байх учиртай. Уг нь нэг үхрийн нөхөн төлбөрийг нэг сая төгрөгөөр тооцож олгодог юм байна. Гэтэл нийслэл болоод мэргэжлийн хяналтын байгууллага, мал аж ахуйн бодлого хариуцсан яам нь өнөөдөр 1.3 сая иргэнийхээ эрүүл мэнд, амь насыг үл тоон 300 сая төгрөгт гар татаад сууж байна. Бидний бэлтгэсэн сурвалжилгын дараа иргэд сэжиг хүрмээр муу муухай махаар хооллож буй тухайгаа олон нийтийн сүлжээгээр болон редакцид илэрхийлж, таслан зогсоох хэрэгтэйг ахин дахин сануулж байсан. Тэд ийм махыг шударга хөдөлмөрийнхөө хөлсөөр авч, үр хүүхэд, гэр бүлдээ идүүлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байна. Тиймээс махны экспортоос илүү монгол хүний амь нас, эрүүл мэндийг чухалчлах ёстой гэдгийг эрх мэдэлтнүүд сайн тунгаана уу.

Бидний амыг таглах гэж оролдохынхоо оронд ядахдаа эхлээд хогийн цэгээ бүрэн хашаалчихвал асуудал амархан шийдэгдэх биш үү. Даруйхан хогоо хамж, хашаа хатгаж, үхэрнүүдийг устгалд оруулахын оронд төрийн эрх мэдэлтнүүд ажлаа ийм л хандлагаар явуулж байна. Уг нь энэ асуудалд мэргэжлийн хяналтын байгууллагууд хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой. Гэвч өнөөг хүртэл чих нь таглаатай, нүд нь аниатай хэвээр. НИТХ-ын дарга С.Амарсайхан болон нийслэлийн Засаг дарга С.Батболд та нэг өдөр дулаан өрөөнөөсөө цухуйж, бодит байдалтай газар дээр нь танилцаад үзээрэй. Хэрэв эрх мэдэлтнүүд дорвитой арга хэмжээ авахгүй бол бид энэ асуудлыг үр дүнд хүртэл нийтлэх болно.

Манай нийтлэлийн дараа СХД-ийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Мөнгөн-Эрдэнэ бидэнтэй утсаар холбогдсон юм. Ингээд бидний хооронд өрнөсөн яриаг хүргэж байна.

-Байна уу?
-Байна. Сэтгүүлч Бямбасүрэн мөн үү. Нийтлэлтэй чинь холбоотой асуудлаар холбогдож байна. Сайтад гарсан “Улаанбаатарчуудад тавагласан Улаанчулуутын хог” гэдэг материалыг чи шэйрлэсэн байна.

-Хэн бэ, хаанаас холбогдож байна вэ?
-Сонгинохайрхан дүүргээс холбогдож байна. Бид танай нийтлэлийг үндэсний аюулгүй байдал талаасаа олон нийтийн сүлжээнд нэг их битгий тараасай гэж бодож байна. Та нар ямар зорилгоор энэ нийтлэлийг бичсэн бэ. Хог идсэн малын махны талаар нийтлэл олон нийтийн сүлжээгээр тарвал дараа нь бид гадаад зах зээлд махаа борлуулахад хүндрэл учирна. Ялангуяа, гадаадын эрх бүхий хүн харчихвал манай бусад махыг борлуулахад асуудал, хүндрэл гарах магадлалтай. Энд ердөө 300 үхэрний асуудал л яригдаж байгаа.

-Монгол хүний, ялангуяа улаанбаатарчуудын хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Та бүхэн махны экспорт ярихаасаа өмнө хог иддэг үхэрнүүдийн асуудлаа цэгцлэх ёстой юм биш үү?
-Яг үнэндээ дан ганц дүүргийн хэмжээнд энэ асуудлыг авч, шийдвэрлэхэд хүндрэлтэй. Хууль нь энэ асуудлыг шийдвэрлэж болохгүй байгаа юм. Учир нь тэдгээр үхэр хувь хүний амьдралаа залгуулж байгаа өмч учраас, мөн өмчөө яах нь тухайн хүний шийдвэрлэх асуудал болоод байгаа тул бид шууд устгалд оруулж болохгүй байна.

-НИТХ-аас мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсчлэл гаргаж, тогтоол журам боловсруулсан. Энэ хүрээнд асуудалд хандаж болохгүй хэрэг үү?
-НИТХ-аас гаргасан тогтоол Үндсэн хуулиар олгосон хувь хүн өмчтэй байна гэсэн зүйл заалтаас давахгүй байгаад асуудлын гол оршиж байна. Бид шаардлага тавихад малчид “Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу хаана ч амьдрах, хаана ч мал маллах эрхтэй” гэж хэлдэг. Хоёрдугаарт, тухайн хүний өмчид төр ямар нэг байдлаар оролцвол нөхөн төлбөр төлөх зохицуулалттай. Ингээд нөхөн төлбөрийг нь яаж төлөх вэ гэсэн асуудал үүсдэг. Малчид сүүний үйлдвэрийн үнээ байсан гээд зах зээлийн үнэлгээгээ нэг сая төгрөгөөс дээш хэлдэг. Тэгэхээр 300 үхрэнд 300 сая төгрөгийг төрөөс гаргана гэсэн үг. Ийм хэмжээний мөнгө бидэнд байхгүй. Гэхдээ энэ жилийн хувьд эздэд нь шаардлага тавьж, нэг нэгээр нь устгуулж байгаа.

-Таны яриагаар хог идсэн 300 үхрийн махыг улаанбаатарчууд энэ онд идэж дуусгах ёстой юм байна. Малчид үхэрнүүдэд хог идүүлж тарга тэвээрэг авахуулж, нядлаад идшэнд борлуулдаг гэдэг нь илэрсэн. Ингээд дахиад бяруу худалдаж авдаг юм билээ. Ийм чөтгөрийн тойрогт орчихсон заваан бизнесийг зогсоох ёстой юм биш үү?
-Тийм асуудал гарвал Зөрчлийн тухай хуулиар бүгдийг нь торгоно. Дараа жил ийм асуудал гаргахгүй ээ.

-Дараа жил гэдэг чинь утгагүй асуудал шүү дээ. Хог идсэн үхрийн махыг идэж, сүүг нь уусан хүн хэдэн жилийн дараа ямар өвчнөөр өвчилж, мөнх бусыг үзүүлэх бол. Нэг хүний амь нас 300 сая төгрөгөөс ч илүү үнэ цэнэтэй байх ёстой шүү дээ?
-Бид мах, сүүг нь МХЕГ-ын лабораторийн шинжилгээнд өгч үзсэн. Хариу нь янз бүр гарч байна лээ. Сүүг нь уухад аюулгүй байна гэсэн бол зарим сүүний дээж өөрчлөлттэй гарсан. 300 үхэр маллаж байгаа 30 гаруй хүн бий. Тэдэнд шахалт, шаардлага тавихаар “Миний малыг устгавал, өөрийгөө шатаана” гэж сүрдүүлдэг. Нэг талаар нийтэд дэлгэж ярих том хэмжээний асуудал мөн ч бид өнөөдөр гадаад зах зээлээ бодолцох ёстой шүү дээ.



САНАЛ БОЛГОХ