Эхийн хэвлийд эрсэдсэн амь

ЗГМ: Сэдэв


Монгол эмэгтэйгээс эрүүл хүүхэд мэндлэх нь өдрийн од шиг ховордох нь

Хэвлийг минь бүлээцүүлэх алгын чинээ үрээ харж чадалгүй буцаана гэдэг амьдын хагацал үзэж буйгаас ялгаа юун. Хүүхэдтэй болохыг хүсээд ч олддоггүй олон эмэгтэй байдаг ч ганц олдсон үрээ сар ч хүрэхгүй хугацаанд сэтгэлдээ өлгийдөөд буцааж буй эмэгтэйчүүд эрс олширч байгаа нь харамсалтай. Эхийн хэвлийд үр тогтсон эхний долоо хоногт олон сая эс шинээр бий болж, командлагдсан юм шиг хуваарилалтад орж хүний бие махбод, эд эсийг бүрдүүлдэг. Дөрөвхөн долоо хоногийн дараа ургийн нурууны ясны суурь тавигддаг байна.

Харин тав дахь долоо хоног буюу нэг сартайд ургийн мэдрэлийн тогтолцоо хөгжиж эхэлдэг аж. Ийм их гайхамшгаар бүтсэн бүтээл хорвоод хүн болох гэж ирсэн байхад амийг нь таслахдаа амьтны амь хороохоос ч амар хялбарт тооцдог болжээ. Өнгөрсөн онд гэхэд Монгол Улсын 18316 “иргэн”-ийг эхийн хэвлийгээс нь буцаасан гунигт мэдээ байна. Эрүүл мэндийн яамнаас гаргасан өнгөрсөн жилийн статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд амьгүй төрсөн мянган ураг тутмын 6.8 хувь нь өсөлтгүй бол нийслэлд 7.8 хувь нь өсөлтгүй жирэмслэлт гэсэн тооцоог гаргажээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хэвлий дэх ураг өсөлтгүй болж байгаагийн шалтгаан нь амьдралын буруу хэвшил, эрүүл мэндийн байдал, агаар болон орчны бохирдолтой шууд хамааралтай гэж эрдэмтэд нотолж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн амьдралын буруу хэвшил нь өндөр хөгжилтэй орнуудад ч сөрөг үр дагавар учруулаад буй.

Өнгөрсөн онд 18316 "иргэн"-ийг эхийн хэвлийгээс буцаасан гунигт мэдээ бий
Өдгөө дэлхийд жилд дунджаар шинээр 130 гаруй сая иргэн мэндэлснээс 7.6 сая нь төрөлхийн гаж хөгжилтэй байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр гаж хөгжилтэй төрсөн эдгээр нярайн 3.2 сая нь хорвоог орхиж, 3.6 сая нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй амьдардаг байна. Ази Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад ч энэ дүр зураг онцлох асуудал болоод байгаа аж. Тэгэхээр гаднын орнуудын хөндүүр сэдэв болоод байгаа өсөлтгүй жирэмслэлтийн эмгэнэл манай орны хувьд ч улаан гэрлээ анивчуулж байна. Уг нь Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, иргэдээ урт удаан, эрүүл энх бүтээлчээр амьдрах таатай орчныг бүрдүүлнэ гэж заасан. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд болон ураг, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар ч холбогдох үг, өгүүлбэрийг тун гоёор дурдсан байдаг. Гэвч өнөөдрийн монголчуудын амьдралд бодлогын хэрэгжилт туйлын хангалтгүй байна.

ХОРТ УТАА УРГИЙН ЖИНД ШУУД НӨЛӨӨЛДӨГ

Гадаа гудамжинд халтирч унахаас эхлээд хорт утаагаар амьсгалж, сөрөг нөлөө ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл бус орчинд амьдарч, өдөр бүр эрсдэлтэй нүүр тулж байгаа нь хэвлий дэх үрээ алдаад нулимс урсгаж буй ээжүүдийн гунигийг нэмж байна. Улаанбаатарт амьдарч байгаа иргэд өвлийн гурван сар, хавар, намрын нэг сар гээд жилийн 150 хоногийг хорт утаанд өнгөрүүлдэг. Түүнчлэн зуны гурван сар, хавар, намар гээд үлдсэн долоон сарыг бүтээн байгуулалтын үе буюу тоосжилт ихтэй орчинд харшилд дарлуулж үднэ. Ингээд бодохоор Улаанбаатар хотын иргэд жилийн 365 хоног эрсдэл дунд амьдарч байгаа юм.

Өвлийн улиралд нийслэлийг бүрхэн манантуулж, хоолой гашуун оргиулсан хорт утаа эхийн хэвлий дэх ургийн жинг 138.2 граммаар бууруулж, эрхтэн тогтолцоог гэмтээх болон эндэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Тодруулбал, агаар дахь хүхрийн давхар исэл 30.48, азотын давхар исэл 42.96, нүүрстөрөгчийн дутуу исэл 29.96, том ширхэгт тоосонцор 34.88 граммаар ургийн жинг бууруулж хэвийн жинг алдагдуулдаг аж. Ургийн жин алдагдсанаар хүүхдийн зүрхний цохилт удаашрах, эрхтэн тогтолцоо доголдох зэрэг ноцтой эрсдэл үүсч шууд амь тасрах нөхцөлд хүрдэг. Үүгээр ч зогсохгүй эхийг үргүй болгох, цаашлаад амь насанд нь нөлөөлөх аюул хөшигний цаана үлддэг байна.

НИЙГМИЙН СТРЕСС Ч НЭГ ШАЛТГААН

Эдийн засаг хямарсан энэ үед иргэд өнөө маргаашийн идэх хоолоо аргацааж байгаа үед эмэгтэйчүүд жирэмслэнэ гэдэг маш том үүрэг хариуцлага дагуулдаг. Тиймээс иргэд амьдралаа дээшлүүлэхийн тулд жирэмслэлтээс сэргийлэх, эсвэл өөрийн хүсэлтээр үр хөндүүлэхээс өөр аргагүйд хүрдэг байна. Эрүүл мэндийн яамны статистик үзүүлэлтээс харахад өсөлтгүй жирэмслэлт гэсэн оноштой эмэгтэйчүүдийн ихэнх нь 2-3 удаа үр хөндүүлсэн байдгаас 27-28 долоо хоногтой жирэмсний өсөлт зогсох тохиолдол гардаг байна.

Өөрөөр хэлбэл, олон удаа үр хөндөлт хийлгэсэн, үрэвсэлт өвчнөөр өвчилсөн хүний умайн хана үр хөврөлийг хүлээж авах, түүнийг тэжээх орчин болж чаддаггүй аж. Тиймээс эхсээс тэжээл авч чадахгүй болсон ураг өсөлтгүй болдог гэдгийг төрөх эмнэлгийн эмч нар хэлэв. Саяхан л гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг хүндэтгэлтэйгээр тодруулж, Монголын хүн ам өсөн нэмэгдэж буйг сүр дуулиантай тунхагласан атал хорвоод дуу нь цангинаж амжилгүй эхийн хэвлийгээс буцсан 18 мянга гаруй “иргэн”-ий эмгэнэлийг нэг ч удаа хэлэлцэхгүй байгаа нь харамсалтай. Энгийн иргэнээс эхлээд төрийн эрх мэдэлтнүүд дор бүрнээ энэ асуудлыг нэн тэргүүнд тавихгүй бол монгол эмэгтэйгээс эрүүл хүүхэд мэндлэх нь өдрийн од шиг ховордох нь.


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Нийгмийн орчин, эхийн эрүүл мэндтэй холбоотой


Сүүлийн жилүүдэд өсөлтгүй жирэмслэлт нэмэгдэх нь эрс олширлоо. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Б.Мөнхцэцэгээс тодрууллав.

-Эхийн хэвлий дэх ураг зулбах нь нэмэгдэж байгаа шалтгаан нь юу вэ?
-Өсөлтгүй жирэмслэлт өмнө нь ховор тохиолддог байсан бол сүүлийн гурван жил эрс нэмэгдэж одоо хэвийн үзэгдэл мэт болоод байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Өнөөдөр эрт өсөлтгүй жирэмслэлтийн 50-иас илүү хувь нь халдварт өвчин, хоол хүнсний хэрэглээ, орчны бохирдол болон эхийн эрүүл мэнд ялангуяа агаарын бохирдолтой шууд холбоотой. Мөн нийгмийн стресс, нийгмийн байдал, зохисгүй хүнсний хэрэглээ, бэлгийн замын халдварт өвчин, үрэвсэл зэрэг олон асуудал үүнд нөлөөлж байна.

-Үр хөндөлт ч өсөлтгүй жирэмслэлтэд нөлөөлж байгаа юу?
-Тийм ээ. Олон удаа үр хөндөлт хийлгэх болон хожуу жирэмслэлт ч үүнд ихээхэн нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, олон удаа үр хөндөлт хийлгэсэн, үрэвсэлт өвчнөөр өвчилсөн хүний умайн хана үр хөврөлийг хүлээж авах, түүнийг тэжээх орчин болж чаддаггүй.

-Ураг өсөлтгүй болгож буй үр хөндөлт эдийн засагтай холбоотой юу?
-Амьдралын боломж тааруу, хэрэглэж байгаа хүнс нь эрүүл бус байгаагаас их шалтгаалж байна. Мөн өвлийн улиралд агаарын бохирдол шууд нөлөөлж байгаа. Эрүүл хүүхэдтэй болох, эсэх нь гэр бүл төдийгүй улс орны хариуцлага. Учир нь хүүхэд бол улс орны ирээдүй. Тиймээс ээж болох бэлтгэлийг охин байхаас нь хийх ёстой. Мөн гэр бүл төлөвлөлт хийхдээ эхнэр, нөхөр хоорондоо ярилцаж, хэзээ хүүхэдтэй болохоо төлөвлөх шаардлагатай. Хэрэв иргэд эдийн засагт толгой өвтгөхгүй, амьдарч буй орчиндоо сэтгэл хангалуун байж чадвал уг асуудал газар авахгүй.

-Өсөлтгүй жирэмслэлтийн үед тохиолдох гол хүндрэл нь юу вэ?
-Жирэмсэн болсон л бол эмчийн хяналтад орох шаардлагатай. Хамгийн гол нь эхний гурван сартайд мэргэжлийн эмчид үзүүлж шаардлагатай бүх шинжилгээг өгч өсөлтгүй болохоос сэргийлэх ёстой. Хэрэв шинжилгээгээр өөрчлөлттэй гарвал эмч нь эмчилгээ хийж арга хэмжээгээ аваад явна. Гэтэл эхчүүд шинжилгээ өгөхгүй явсаар өсөлтгүй болсон хойно нь эмнэлэгт ханддаг. Өсөлтгүй жирэмслэлтийн гол хүндрэл нь цус алдалт. Ингээд их хэмжээний цус алдалттай шокийн байдалтай ирэх тохиолдол олон байна.

-Охид, бүсгүйчүүд өсөлтгүй жирэмслэлтийн талаар мэдлэг мэдээлэл хэр байдаг вэ?
-Манайд ирж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь өсөлтгүй жирэмслэлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байдаг. Тэр битгий хэл жирэмсний болон төрөх тухай ойлголтгүй байна. Тухайлбал, жирэмслэлт гэж юу вэ, жирэмсэн эх эхний гурван сард юуг анхаарах, ямар халамж тавих ёстой талаар ямар ч ойлголтгүй. Хүүхдээ 10 сар тээгээд төрөх хугацаа нь болоод төрж байгаа ээжүүд ч төрөх тухай ойлголтгүй байх тохиолдол элбэг тохиолддог. Гэхдээ бүгдийг жирэмсэн эмэгтэй рүү чихэж болохгүй. Манай анхан шатны байгууллага ачааллаасаа хамаарч тухайн ээжид бүрэн мэдээлэл өгч чадахгүй байна.


САНАЛ БОЛГОХ