Хариуцлагын даатгалын хар цоорхой

ЗГМ: Сэдэв


Хураамжийн 53 хувийг жолооч нарын 5-6 хувь нь нөхөн төлбөрт авч байна


“Үнэхээр хэрэгтэй шүү. Даатгалын ашиг тус их. Манай хүн хоёрдугаар сард даатгалаа сунгуулснаас хойш бараг дөрвөн ч удаа осол хийсэн. Машин маань дугуй муутайгаас гадна тоормоз нь сайн барихаа больчихсон тул үе үе зам дээр хүндхэн байдалд орно оо, бид хоёр. Гэхдээ даатгалаар шийдүүлчихдэг нь сайхан юм даа” хэмээн танил эмэгтэй маань саяхан хууч хөөрөх зуураа ярьсан юм. Жолооч болоод зургаан жилийг үдэхдээ азаар нэг ч осол гаргаж, өртөж байгаагүй тул даатгалын ач холбогдлыг би төдий л мэдрээгүй. Гэхдээ жолоочийн даатгалынхаа гэрээний хугацааг дуусахад дуртай, дургүй сунгуулдаг. Гэтэл энэ улсын нийт хүн амын 20 гаруй хувьтай тэнцэх тооны жолооч жил бүр дунджаар 43 мянган төгрөг жолоочийн даатгалын хураамжид төлдөг байх юм. Хураамжийн орлого 2016 оны байдлаар 26.6 тэрбумд хүрсэн. Харин энэ их мөнгөний талаас илүү нь нийт жолоочийн ердөө 5-6 хувийнх нь хариуцлагагүй үйлдлийг дахин дахин “өөхшүүлэхэд” зарцуулагддаг юм байна гэдгийг өнөөдрийг хүртэл мэдээгүй явж. Одоогоос таван жилийн өмнө Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

Уг хуулиар жолооч нарыг жилд 12.5-53 мянган төгрөг төлөөд хэдэн ч удаа зам тээврийн осол үйлдэж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох “дархан эрх”- тэй болгосон гэхэд мушгисан болохгүй юм. Найз эмэгтэй шиг маань жилд дөрвөн удаа даатгалаа дуудаж, ослын хохирлыг барагдуулсан тохиолдол ч олон байдаг юм байна. Энэ он гарсаар эхний 10 сарын байдлаар ганцхан тээврийн хэрэгсэл дээр даатгалын нийт есөн тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Албан журмын даатгагчдын холбоо (АЖДХ)-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав ярив. Сар бүр осол үйлдэж, тухай бүрд учирсан хохирлыг нь даатгалаас барагдуулж, толгойг нь илдэг байна. Энэ шударга уу. Энэ бол овтой нэгэнд элбэгхэн шургах боломж олгосон томоос том нүх. Азаар АЖДХ нь жолооны хүрд хариуцлагагүй эргүүлдэг, ойворгон зантай нөхдийн балгийг бүртгэдэг маш том мэдээллийн баазтай аж. Эднийхээс хуулийн цоорхой, даатгалын тогтолцооны дутагдал, зам тээврийн осол буурахгүй байгаа шалтгааны талаар сэртхиймээр мэдээлэл, тоо баримт олныг үзэж болно. Даатгалын хураамжийн сангаас гарч буй дийлэнх нөхөн төлбөр нь бусдын тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд зарцуулагддаг юм байна. 2015 онд ийм 29916 тохиолдолд 13.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон бол 2016 онд 13.6 тэрбум төгрөгийг 29762 тохиолдлын хохирол барагдуулахад зарцуулжээ.

“Тэнгэр даатгал” компанийн Хэрэглээний даатгалын хэлтсийн захирал С.Сайнбаяр “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бол хариуцлагын даатгал. Өөрөөр хэлбэл, жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ хариуцлагатай байх ёстой гэсэн үг. Гэтэл хууль болон даатгалын гэрээнд жолоочийн хариуцлагын талаар ямар ч зохицуулалт байдаггүй. Даатгалд хамрагдчихвал хэдэн ч удаа осол гаргасан арыг нь даатгалын компани зохицуулдаг. Харин осол гаргасан жолоочийг дараа жил нь даатгалын суурь хураамж дээр багахан хувь л тооцож төлүүлдэг” гэв. Хуульд нэг удаа авах нөхөн төлбөрийн дээд хэмжээг л зааж өгснөөс бус хэдэн удаа авч болох нь зохицуулалтгүй орхигдсон нь хуулийн цоорхой. Тиймээс өнөөдөр осол гаргаж гурван сая төгрөгийн нөхөн төлбөр даатгалаас гаргуулсан жолооч дараа сард дахиад нэг осол гаргах “эрх” нээлттэй гэсэн үг юм. Энэ мэтээр бүтэн жил ч тойрч мэдэх хар мөчлөг Жолоочийн даатгалын тухай хуулийн цоорхойд нуугдаж байна. Уг нь, жолоочийн албан журмын даатгал нь манай улсад хуулийн дор зохицуулагдаж, хамгийн сайн хэрэгждэг цорын ганц даатгал. Тэр ч утгаараа жолооч, хохирогч, даатгалын зах зээлийн оролцогчдын хүлээх үүрэг, эдлэх эрх нь тов тодорхой байх учиртай. Үр дүнд нь зам тээврийн ослын тоо буурч, хохирлын хэмжээ багасаж, жолоочийн хариуцлага сайжрах ёстой. Гэтэл тэгсэнгүй.

Энэ онд нэг тээврийн хэрэгсэл дээр даатгалын есөн тохиолдол бүртгэгдсэн
Харин ч даатгалын байгууллагуудад ачаалал нэмж, зам тээврийн ослоор нас барж, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн тоо буурахгүй байна. Цагдаагийн байгууллагаас жолооч нарт торгууль ногдуулах ч нүдээ олсон шийдвэр байж чадсангүй.

Мөн даатгалын зах зээлийн тоглогчдод ч эрс тэс хууль үйлчилж байна. Жолоочийн хариуцлагын даатгал бол зах зээлийн нийт хураамжийн орлогын 22 хувийг эзэлдэг. Жолооч болон даатгагчдын дунд зуучлах үйлчилгээ үзүүлдэг тоглогчид ч үүнээс овоо дориун хувь хүртдэг. Гэвч зуучлагчдын хийдэг ажил нь авдаг шан харамжийнхаа хаана нь ч хүрэхгүй өчүүхэн гэдгийг даатгагчид хэлж байгаа юм. Гэрээний бэлэн загварт жолоочийн мэдээллийг оруулж, гарын үсэг зуруулсныхаа төлөө хураамжийн 15-20 хувийг авдаг аж. Тэгсэн атлаа нөхөн төлбөрийг нь даатгалын компани бүрэн барагдуулдаг. Тиймээс зуучлагчдыг санхүүгийн хариуцлагад татан оролцуулах шаардлагатайгэв. Нөгөөтэйгүүр, даатгалын зах зээлийн бас нэгэн тоглогч болох үнэлгээчдийн үйл ажиллагаа бодит амьдрал дээр хүндрэл учруулж буй. Үнэлгээний дүн засварын газрын хөлстэй уялдахгүй байгаа нь хохирогчдын эрх ашгийг шууд хөнддөг. Ийм л зохицуулалтгүй хийгээд муухан зохицуулалттай эдийн засгийн шударга бус тогтолцооны золиос нь даатгагч, даатгуулагчид болж хувираад байна.


САНАЛ БОЛГОХ