Сая давсан хүнд хамаатай хотын төсөв
Төсөв
Хотын “парламент” төсвийн төслийг ирэх сарын 5 гэхэд батлахаар хуульчилсан
Төсвийн сарууд шувтрах дөхлөө. Айл өрх, албан байгууллага, улс орон бүр орлого, зарлагаа тооцож, төсвөө хэмжээд дуусч байна. Ирэх оны улсын төсвийг хуулийн хугацаатай нь уралдан, өнгөрсөн долоо хоногт баталж амжлаа. Одоо харин сая давсан хүнтэй хотын төсвийг хэлэлцэх гэж байна. Нийслэлийн ЗДТГ-аас ирэх оны төсвийн төслөө Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ойрын үед өргөн барих хүлээлттэй байна. Үнэнийг хэлэхэд, улсын төсвийн араас залгадаг нийслэлийн төсөв тэр бүр олон хүний анхаарал татдаггүй. Улсын төсөв хэмээх уулын дэргэд дов төдий харагдаж, үүрэг, ач холбогдол нь ч тэр хэрээр бүдгэрч орхидог нь нууц биш. Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч улсын төсвийн хойноос хошуурахаас бус нийслэлийн төсвийг үл ойшоох байдал ч ажиглагддаг.
Гэтэл энэ төсөл нь 1.3 сая иргэнтэй нийслэл хэмээх их айлын нэг жилийн хөгжлийн зураглал. Нийслэлийн иргэн бүрт хамаатай бодлогын баримт бичиг юм. Дээрээс нь улсын төсвийн хөрөнгө оруулалт буурч буйгаас дийлэнх бүтээн байгуулалт нийслэлд ногдох болсон нь хотын төсвийн ач холбогдлыг улам ч нэмээд буй. Ийм чухал баримт бичгийг ирэх өдрүүдэд НИТХ хэлэлцэх гэж байна. Хуулийн дагуу хотын 2018 оны төсвийн төслийг энэ оны арваннэгдүгээр сарын 25-ны дотор Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барих учиртай. Улмаар иргэдийн төлөөллөөс бүрдсэн хотын “парламент” ирэх сарын 5 гэхэд батлахаар хуульд заасан. Тэгвэл ирэх оны хотын хөгжлийг нийслэлийн ЗДТГ хэрхэн зурагласныг хамтдаа сонирхъё. Улсынхтай харьцуулахад нийслэлийн төсвийн тоон үзүүлэлтүүд бага байж болох ч чамлахааргүй мөнгө хотод эргэлддэг. Гэхдээ төсөв тойрсон том тоонуудыг дурдахаас өмнө эхлээд хотын төсвийг юу бүрдүүлдгийг харцгаая.
• Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг энэ сарын 25-ны дотор өргөн барих учиртай.
• Нийт орлогын 60 гаруй хувь буюу дийлэнхийг Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) дангаар бүрдүүлдэг байна.
• Улаанбаатар хот нь Монголын эдийн засгийн зүрх, хөдөлмөрийн зах зээлийн цөмийг бүрдүүлдэг гэдэг утгаар хотын иргэдийн цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ орлогын багагүй эх үүсвэр болдог байна.
Нийслэлийн төсвийн орлого 23 нэр төрлийн татвар, татварын бус орлогоос бүрддэг. Энэ дундаас нийт орлогын 60 гаруй хувь буюу дийлэнхийг Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) дангаар бүрдүүлдэг байна. Улаанбаатар хот нь Монголын эдийн засгийн зүрх, хөдөлмөрийн зах зээлийн цөмийг бүрдүүлдэг гэдэг утгаар хотын иргэдийн цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ нь орлогын багагүй эх үүсвэр болдог. Товчхондоо, нийслэлчүүд бол хотын төсвийн гол санхүүжүүлэгчид. Ингэж нийслэлчүүдийн татвараар “амьдардаг” хот эргээд иргэдээс хурааж авсан мөнгөө тэдний төлөө зарцуулах учиртай. Албаны тооцоогоор Улаанбаатар хотын төсөвт жилд 2-2.5 их наяд төгрөг шаардлагатай аж.
Гэсэн хэдий ч хотын төсөв 600-700 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа нь хэмнэлтийн горимоор ажиллахаас өөр аргагүйд хүргэж буй. Нийслэлийн төсвийн орлого үргэлж хэрэгцээт хэмжээнээс дутагдаж байдаг. Дээрээс нь шаардлагатай мөнгөний талд нь ч хүрдэггүй орлогын 30- 40 хувийг улсын төсөв рүү татчихдаг. Ингэхээр нийслэлд захиран зарцуулах боломжтой 400-500 тэрбум төгрөг л үлдэж байгаа юм. Энэ мөнгөний 100 орчим тэрбум төгрөгийг нь халамжид зарцуулна. Мөн төдий хэмжээний мөнгийг нийтийн тээврийн татаасанд олгодог. Үлдсэнээр хот хэмээх их айлын “амьдрал”-ыг авч авдаг. Өөрөөр хэлбэл, зам талбайг засах, ногоон байгууламж арчлах, цас мөсөө цэвэрлэх гээд урсгал ажлуудыг энэ мөнгөөр урагшлуулдаг байна. Ийнхүү дийлэнх мөнгөө урсгал зардалд тавиад туучихаар цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нэн шаардлагатай бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломж хумигдаж байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-ын Сангийн яаманд танилцуулсан төслийг сөхвөл ирэх онд хот төсвийн нийт орлого 729.9 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа. Ингэхдээ суурь орлогыг нь 660.9, зарлагыг нь 323.2 тэрбум төгрөгөөр төсөөлжээ.
Улмаар суурь орлого, зарлагын зөрүүнээс 208.5 тэрбум төгрөг “илүүчилж”, улсын төсөвт нэмэрлэхээр тооцсон байгаа юм. 2018 онд нийслэлийн төсвийн орлогыг 63.7 тэрбумаар нэмэгдүүлж, урсгал зардлыг 203.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсөвт тусгасан нь ирэх оны төсвийн хамгийн ололттой тал. Мөн улсад төвлөрүүлэх орлогыг энэ оныхоос 57.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боловсруулсан байна. Харин нийслэлийн хамгийн том толгойны өвчин болсон агаарын бохирдлыг бууруулахад 3.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь дэндүү чамлалттай үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын утаатай тэмцэхэд нийслэлийн удирдлагууд цагаан туг өргөж, нөхцөл байдалтай эвлэрсний шинж ч байж мэднэ. Үүнээс гадна нийслэлийн нийтлэг сорилтын нэг болох цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэр анхаарсныг харвал ирэх онд 100 цэцэрлэг, сургууль барих төлөвтэй. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 47 цэцэрлэг, 36 сургууль нийслэлд барихаар болсон. Ингэснээр сурагчид гурван ээлжээр хичээллэж, балчир үрсээ азын сугалаагаар цэцэрлэгт явуулдаг байдал өөрчлөгдөх төлөвтэй. Мөн улсын төсвийн хөрөнгөөр, Төв цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийг шийдэхээр болоод буйг дуулгая. Товчхондоо, ирэх онд нийслэлийн удирдлагууд урсгал ажлуудаа урагшлуулаад л дуусах нь. Томоохон бүтээн байгуулалтын чимээ тун бүүдгэр байгааг харж болохоор байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй