Оффшор бүсээс мөнгө татах аргыг суралцлаа

Мэдээ


Монголд 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэр байна. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4,1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид дунджаар 1,3 их наяд ам.доллар хэмээн үнэлжээ. Энэ бол “Ernst&Youmg” санхүүгийн компаниас нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15-хан эрдэс баялгийн түүхий эдэд саяхан хийсэн аудитын дүгнэлт аж. Өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болсон бөгөөд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Оффшор дансны эздийг сүүлийн хоёр жилд гурав дахь удаагаа зарлалаа. Түүнээс өмнө бид оффшор данстай хүмүүсийнхээ нэрийг мэддэггүй байсан. Одоо бол хэн гэдэг гишүүн, хэн гэдэг сайд, хэн гэдэг бизнесмэн хаана данстай байгааг мэдсэн. Гагцхүү дансанд нь хэд байгааг мэдэхгүй байгаа” гэв. Авлигатай тэмцэх байгууллагуудад албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, дотоодын болон олон улсын эрхзүйн боломжийг ашиглах чадавхи суулгах, авлигатай тэмцэх олон улсын сүлжээтэй харилцаа холбоо тогтоохын тулд олон улсын мэргэшсэн шинжээч, судлаачдын үнэтэй зөвлөгөө, практик туршлагыг солилцохоор Николас Женокопоулус, Никос Пассас нарыг урьж ирүүлсэн байв.


САНАЛ БОЛГОХ