СЗХ: Давхар бүртгэлийн журмыг баталлаа

Мэдээ

Санхүүгийн зохицуулах хорооноос давхар бүртгэлийн журмыг өнгөрсөн баасан гарагт баталлаа. Ингэснээр гадаадын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монголд мөн Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаадад үнэт цаас гаргах боломжтой болж байгаа юм. Давхар бүртгэлийн журам ийнхүү батлагдсанаар Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны уул уурхайн компаниуд хамгийн түрүүнд бүртгүүлэх боломжтой болж байна. Одоогоор Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 компани бий. Ийнхүү дотоодын хөрөнгө оруулагчдад эдгээр компанийн үнэт цаасыг санал болгох шинэ нөхцөл бүрдэж байна. Мөн давхар бүртгэл хөрөнгийн зах зээлд шинэ хэмнэл авчирна гэж үзэж байгаагаа Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдэгдэж байсан юм.

Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчдын бүртгүүлсэн биржүүдийн түр жагсаалтыг энэ оны долдугаар сард баталсан. Жагсаалтад дэлхийд тэргүүлэгч 26 бирж багтсан юм. Эдгээр биржид бүртгэлтэй компаниудын Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд тавигдах бүртгэлийн шалгуур, шаардлагыг тодорхойлох, бүртгэлийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг харилцааг журмаар зохицуулах юм.



САНАЛ БОЛГОХ