Соёлын төвөөс дорд үзэгдсэн инноваци

Төсөв


Шинжлэх ухаан, технологи үргэлж соёл урлагаас доогуур эрэмбэлэгддэг


“Гишүүндээ баярлалаа, соёлын шинэ төвтэй болоход хичээн зүтгэсэнд талархаж байна”... Дорнод аймгаас сонгогдсон нэгэн гишүүнд хаягласан талархлын ийм сэтгэгдлүүд ойрын хэдэн өдөр Дорнодоор овоглосон цахим хуудсаар хөвөрлөө. Тус аймгаас сонгогдсон төрийн түшээ чармайн, зүтгэсний хүчинд Дорнод аймгийн Матад суманд соёлын шинэ төв сүндэрлэх гэж байна. УИХ-аас батлаад удаагүй 2018 оны төсөвт соёлын төвийн зардлыг суулгаж чадсан байна. 2019 онд үүдээ нээх тус төв 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй. Дорнодоос сонгогдсон төрийн түшээ тэрбумаар хэмжигдсэн хөрөнгийг төсөвт тусгуулж, иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулж буй нь энэ. Магадгүй 2019 онд соёлын шинэхэн төвийн туузыг сүр жавхлантай хайчлах биз. Энэ үеэрээ “Миний ачаар шинэ төв үүдээ нээлээ”... хэмээн сайрхах нь дамжиггүй. Хууль тогтоох үндсэн чиг үүрэгтэй УИХ-ын зарим гишүүн сумын сургуулийн дээврээс эхлээд ширээ сандал, соёлын төвийн шинэчлэлд санаа тавиад удаж байна. Тэр тусмаа орон нутгаас сонгогдсон гишүүд ялангуяа төсөв хэлэлцэх үеэр тойргийнхоо санхүүжилт тусгуулахаар чармайдаг. Энэ санхүүжилтээрээ харин сургуулийн дээвэр, соёлын төв, хөшөө, дурсгал барьж, босгох нь олонтоо.

Ялангуяа, жил, жилийн төсвийг сөхвөл орон нутагт хийж буй бүтээн байгуулалтын жагсаалтад сум, аймгийн соёлын төвүүд жин дардаг. Дээгүүр өгүүлсэн жишээ шиг тэр сумын соёлын төвийн шинэчлэлд хэдэн төгрөг зарцуулна. Ийм зардал жил бүрийн төсөвт ямагт суусан байх ба цөөн саяар бус хэдэн тэрбумаар хэмжигдэж, төсвөөс хөрөнгө шаарддаг. Монголын төр ч энэ төрлийн зарлагад багагүй хэмжээний мөнгө зарцуулдгийг жил бүрийн төсвөөс түвэггүй харчихаж болно. Хамгийн сонирхолтой нь ийнхүү соёлын төвүүдэд гар татдаггүй атлаа шинжлэх ухаан, инновацийн бүтээн байгуулалтаас мөнгө харамлана. Үүнийг илтгэх ганцхан жишээ хэлье.

Өнгөрсөн долоо хоногт Монголын шинжлэх ухааны ажилчдын өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэв. Салбар бүрийн бүхий л эрдэмтэн, судлаачид инноваци шингэсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, хэрдээ л баяр хөөр болон тэмдэглэв. Харин энэ үеэр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Шинжлэх ухааны салбарын төсвийг сүүлийн хоёр жилийн хугацаанд бага боловч нэмж байна. 2017 онд 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин ирэх жил шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилд зориулан 2.5 тэрубм төгрөг суулгасан” хэмээн ярив. Соёлын төвтэй болсон сумын иргэн, салбар хариуцсан улсын хэмжээний мэргэжлийн байгууллагын Ерөнхийлөгчийн яриа хоёрын дунд дурдсан мөнгөний тоо яг ижил. Төсвөөс соёл урлагийн салбарын бүтээн байгуулалт, их засварыг чиглэж хөрөнгө оруулалт ихэнхдээ шинжлэх ухааныхаас дээгүүр байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн тооцоонд шинжлэх ухаан, технологи үргэлж соёл урлагаас доогуур байхыг дараах графикаас харж болно.

Монгол Улс технологийн салбарт дэлхийн жишгийн эсрэг зүгт алхсаар
Ингэхдээ бүр хэдэн дахин бага байгаа нь Монголын төр шинжлэх ухаан, технологийн салбарт хэр анхаарч буйг нэг талаар илтгэнэ. Тухайлбал, өнгөрсөн онд л гэхэд шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, их засварт 2.8 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулжээ. Харин соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалт, засварт үүнээс найм дахин их санхүүжилт олгосон байна. Ер нь та төсвийн хөрөнгөөр инноваци, технологийн төв байгуулж буй талаар хэр олон сонссон вэ. Ялангуяа, орон нутагт ийм төв байгуулж буй талаар мэдээ тун ховор. Тэгсэн атлаа урлаг соёлын төвийн талаар мэдээ цөөнгүй хөвөрдөг. Мэдээж, төрийн бодлогоор иргэдийнхээ соёлын боловсролд анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, технологийн боловсролдоо соёлынхоос дутахааргүй анхаарч байгаа. Ялангуяа, хөгжлийн түвшингээр тэргүүлэгч гүрнүүд инновацийн төлөөх бүтээн байгуулалтад гар татдаггүй.

Харин манайх 60-70 жилийн өмнө соёлын боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулж байсан соёлын төвөөсөө салахгүй бололтой. Үүнийгээ ч иргэдээ хөгжүүлэх бодлогын нэгээхэн хэсэг болгочихсон мөнгө зарцуулж байна. Төсвөөс урсаж буй мөнгөний чиглэлээс Монгол төрийн бодлогын үзүүр хааш зорьж буйг харчихаж болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс одоогоор дэлхийн жишгийн эсрэг зүгт алхсаар. Ер нь шинжлэх ухаан, технологиор овоглосон төслүүдэд манай төр, засаг гар татдаг. Ирэх оны төсвийн төсөлд гэхэд Аглаг бүтээлийн хийд хүрэх зам тавихад зургаан тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгажээ. Гэтэл шинжлэх ухаан, судалгааны лаборатори, био бэлдмэлийн үйлдвэрт зориулж 900 сая төгрөг суулгасан хэмээн тухайн үед шүүмжлэл дагуулж байсан. Нэгэн танил маань ийн ярьсан. Хятадын Шэньжэн хотод Хүүхдийн Шинжлэх ухааны ордонг хүүхдүүдээ үзүүлээд, урд хөрш яагаад ийм хурдтай хөгжиж буйг ойлгосон тухайгаа хуваалцсан. Манайд бол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг тэлэх, шинжлэх ухаан, технологийн боловсролыг нь тэтгэх сургалтын төв, ордонг тун ховор. Ялангуяа хөдөө, орон нутагт өдрийн од шиг.

• Төсөв төлөвлөгчид соёлын төвүүдэд гар татдаггүй атлаа шинжлэх ухаан, инновацийн бүтээн байгуулалтаас мөнгө харамлана.

• Хөгжлийн түвшнээр тэргүүлэгч гүрнүүд инновацийн төлөөх бүтээн байгуулалтад гар татдаггүй.

• Жил, жилийн төсвийг сөхвөл орон нутагт хийж буй бүтээн байгуулалтын жагсаалтад сум, аймгийн соёлын төвүүд жин дардаг.

Гэтэл улс орнууд ийм төрлийн ордон, төв, лабораторыг хот, хөдөөгүй барьж байгуулсаар байна. Урд хөрш л гэхэд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтаараа АНУ-ыг давах гэж байна. БНХАУ энэ чиглэлийн боловсролын төслүүдэд 2020 онд 15 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. Хэн технологийн жолоог атгаж, инновацын түлхүүрийг атгаж байна. Тэр улс эдийн засгийг тэргүүлж, дэлхийг засаглаж байгаа нь үнэн. Тиймээс шинжлэх ухаан, технологийн өрсөлдөөн улам ширүүссээр буй. Гэтэл бид эдгээр салбараас ийнхүү нүүр буруулдаг атлаа хөгжил, дэвшлийн талаар ярих дуртай. Тэр тусмаа инновацыг дэмжсэн бодлого монгол төрийн хөгжлийн зураглал болох төсвийн бодлогод ч тун бүрхэг байгаа нь дэндүү харамсмаар. Ер нь манай төрийн бодлого хэр хэмжээний алсын хараатай байгааг үүнээс харчихаж болно. Монгол Улсын хэтийн ирээдүй бус хэдхэн жилийн дараа болох сонгуулиа тооцон төсвийн хөрөнгийг ашигласаар. Улсын төсөв нь Монгол Улсын хөгжлийн зураглал бус хэдхэн гишүүний үзэмжээрээ хуваачихдаг бялуу төдий хэвээр.





САНАЛ БОЛГОХ