Малын вакцин үйлдвэрлэдэг 13 эмийн үйлдвэр эрэлтийн 30 хувийг хангаж байна

Мэдээ

Дотоодод малын вакцин үйлдвэрлэдэг 13 эмийн үйлдвэр нийт эрэлтийн 30 хувийг хангаж байна. Эдгээр компаниуд энэ онд малын 66 шинэ эмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь жилийн өмнөхөөс 10 хувиар буурсан дүн болжээ. Хэдий тийм боловч дотоодын компаниуд гоц халдварт шүлхийн вакциныг үйлдвэрлэхгүй байгаа ажээ. Тухайлбал, Биокомбинат үйлдвэр энэ оны эхний 11 сарын байдлаар 18-20 сая тун хуурай вакцин, 120-130 мянган литр шингэн вакцин үйлдвэрлэж, таван тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн “Малчин монгол”, “Шинэ эхлэл түм” компаниудын вакцины үйлдвэрлэл сүүлийн жилд 35 хувиар өссөн байна. Түүнчлэн 2017 он гарснаас хойш 70 гаруй сая тун вакциныг Энэтхэг, ОХУ, Франц, БНХАУ-аас импортолжээ. Үүнд ОХУ-aac 58.4 сая тун малын вакцин оруулж ирсэн нь импортын вакцины 70 хувийг эзэлж байгаа бөгөөд нэг тунг 55 төгрөгөөр буюу нийт 4.9 тэрбум төгрөгөөр импортолсон байна.

Үүнээс гадна малын вакцин импортлох тусгай зөвшөөрөлтэй 111 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, энэ онд "Глобал бизнес линк" компани долоон сая гаруй тун вакциныг Энэтхэг улсын “Бриллиант био фарма" компаниас, харин "Эмийн үйлдвэр импекс" компани “ОХУ-ын Щелковскийн Биокомбинатаас гурван сая тун шүлхийн вакцин импортолсон талаар мэдээллээ. Мөн БНСУ-ын "Дон Бан" эм ханган нийлүүлэх үйлдвэр Монголд тархаж байгаа шүлхийн төрөлд тусгайлан зориулж үйлдвэрлэсэн вакциныг санал болгож байна. Харин Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд “Зөвхөн нэг улсаас вакцин импортолно” гэж мэдээллээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлснээр 2017 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 41 цэгт малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар гурван аймагт шүлхийн хорио цээр тогтоох, ажиглан тусгаарлах арга хэмжээнүүд аваад байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ