Монгол улс Aзийн шилдэг хөрөнгө босгогчоор шалгарчээ

UB Info

FinanceAsia-ийн 2017 оны Шилдэг хөрөнгө босгогчоор Монгол улс шалгарсан тухай таатай мэдээ ирлээ. Энэхүү шагнал нь Монгол улсын нэр хүнд олон улсын санхүүгийн зах зээлд эргэн сайжирч буйн тод дохио юм.

Энэ оны эхэнд Олон улсын валютын сангаас Монгол улсын нийт өрийг тогтвортой бус, өрийн зохицуулалт болон бусад үзүүлэлтүүд тааруу байгааг зарласнаар манай улс олон улсын зах зээлд тун чиг тааруухан нэр хүнтэйгээр онд орж билээ. Тухайн үэд хэн ч оны эцэс болоход Монгол улс FinanceAsia-ийн 2017 оны Шилдэг хөрөнгө босгогчоор шалгарна гэж зүүдлээгүй биз.

Тэгвэл Засгийн газар, нарийн тодруулбал Сангийн яамны чадварлаг залуусын өдөр шөнөгүй, уйгагүй хөдөлмөрийн ачаар Монгол улс хөрөнгө оруулагчдын сонирхлыг богино хугацаанд буцаан татаж чаджээ. Үүний илрэл болж энэ оны 3-р сард 476 сая ам. долларын “Хуралдай” бондыг, улмаар үргэлжлүүлэн 10-р сард 800 сая ам долларын “Гэрэг” бондыг тус тус амжилттай гаргаж чадсан нь Монгол улс шилдгээр шалгарахад хүргэсэн байна.

“Хуралдай” бондоор энэ жил төлөх байсан өмнөх бондын өрийг дарсан ба “Гэрэг” бондоор 2018 оны эхээр төлөх “Чингис” болон “Dim Sum” бондын өрийг бүрэн дарах юм. Хөрөнгө оруулагчдын итгэл унасан, улс төрийн шуургатай байсан энэ үед маш богино хугацаанд ухаалгаар ажиллаж төлөх ёстой байсан бүх өрийг төсөвт огт дарамт учруулахгүйгээр шийдэж чадсан нэр нь үл гарах Сангийн яамны залууст баяр хүргэе.