ДОХ-ын халдвар зөвхөн Монголд нэмэгдэж байна

Мэдээ

Эрт илрүүлэх шинжилгээ хангалтгүй байгаагаас өвчлөл буурахгүй байна

Дэлхий дээр өдгөө ХДХВ/ДОХ- ын вирусаар нийт 36.7 сая хүн өвчилсөн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар уг өвчнөөр амиа алдсан хүний тоо 35 саяд хүрчээ. Харин Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар нийт 249 тохиолдол бүртгэгдээд буй. Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин бэлгийн цөөнхүүдийн дунд 12 хувьтай байна. Энэ нь гаднын бусад улсад бага үзүүлэлт мэт боловч эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд багтжээ. Харин энэ онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол Улсад халдвартай 575 хүн байгаа бол 2020 онд 648 болж нэмэгдэх магадлалтай аж.

Тэгэхээр халдвартай гэж бүртгэгдсэн хоёр хүний ард оношлогдоогүй гурван хүн байх эрсдэлтэй гэсэн үг. Учир нь халдварын вирус нь ердөө тарианы үзүүрт багтах хэмжээний цусны дусалд агуулагддаг байна. Гэхдээ одоогийн байдлаар цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой болон эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ХДХВ/ДОХ-ын Тандалт судалгааны албанаас өгсөн мэдээллээр халдвартай 14 эхээс төрсөн 20 хүүхдийг эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ авч, хяналтад оруулжээ. Тухайлбал, өнгөрсөн онд халдвартай нийт долоон эх хянагдаж байсан бол энэ онд есөн жирэмсэн эх хяналтад оржээ. Үүнээс харахад өвчлөл буурах биш, жил ирэх тутам нэмэгдэж байна. Дээрх тохиолдлуудын 98 хувь нь бэлгийн замаар халдвар авсан учир иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд анхаарал хандуулж, эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах шаардлагатай юм.

ӨВЧЛӨГСДИЙН ИХЭНХ ХУВИЙГ ЭРСДЭЛТ БҮЛГИЙНХЭН ЭЗЭЛЖ БАЙНА

Өвчлөл нэмэгдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн ХДРВ/ ДОХ-ын Тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Б.Жүгдэржав “Монгол Улсын хувьд төдийлэн буурсан үзүүлэлт харагдахгүй байгаа ч дэлхий дахинд шинэ халдварын тохиолдлын тархалт буураад байна. Энэ нь ретровирус буюу ДОХ-ын вирусыг дарангуйлах эмийн хүртээмж нэмэгдсэнтэй холбоотой. 2017 он гарснаас хойш шинээр 23 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл ДОХ-той хүмүүсийн 90 хувийг илрүүлж, илрүүлсэн хүмүүсийнхээ 90 хувийг ретровирусын эсрэг эмчилгээнд хамруулах зорилт тавьсан.

Өвчлөгсдийн ихэнх нь 25-34 насны залуучууд
Мөн эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90 хувийнх нь вирүсийн ачааллыг бууруулна. Уг зорилтын хүрээнд хийгдсэн судалгаагаар вирус дарангуйлах эмчилгээ үр дүнтэй байсан бол эрт илрүүлэг оношилгоо, шинжилгээ төдийлэн санасан хэмжээнд хийгдэхгүй байгаа нь ажиглагдсан. Иймээс идэвхтэй бэлгийн харилцаатай хүн амыг эрт илрүүлгийн оношилгоо, шинжилгээнд хамруулах шаардлагатай байна” гэв. Одоогийн байдлаар вирусын халдвар авсан тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд 99 хувь нь бэлгийн замаар халдварлажээ. Харин нас баралтын тохиолдол 35 хүрээд байгаа аж. Халдвар авсан хүмүүс эмчилгээнд хугацаа алдалгүй орох нь наслалтыг уртасгана.

Иймээс 15-49 насны нөхөн үржихүйн насны бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс жилд нэг удаа шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна. Энэ өвчин нь хүний дархлалын системийг устгаж, үхэлд хүргэдэг шинэ зууны хүч нь сулраагүй тахал. Иймээс хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, зүү тариур болон тарианы бусад багаж хэрэгслийг дахин хэрэглэхээс зайлсхийхийг эмч нар зөвлөж байна. Мөн ариутгаагүй багаж хэрэгсэл ашиглан шивээс болон цоолбор хийлгэх, сахлын хутга болон шүдний сойзоо солихгүй байхыг ХӨСҮТ-ийн эмч нар зөвлөж байна.




САНАЛ БОЛГОХ