“Янаг цэцэг”-ийг хөгширтлөө дуулна

Хүмүүс


Миний дуулж, хөгжимдөхийг сонсооод надаар бахархаж байвал болох нь тэр

Тэд хамгийн сүүлд “Үүлэн үст” цомгоо гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Монголын рок, поп ертөнцийн амьд домог гэж хэлж болох “Никитон” хамтлаг зургаа дахь буюу “Чи минийх” цомгоо гаргах гэж буй таатай мэдээг хамтлагийн ахлагч, УГЗ Б.Батчулуун дуулгасан юм. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа урилаа. Тэрбээр “Хурд” хамтлагтай хамтран хийх “Нүргээн” тоглолтынхоо ид бэлтгэлийн үеэр бидний хүсэлтийг төвөгшөөлгүй хүлээн авч, Америк руу явах болсон шалтгаан хийгээд амьдрал, уран бүтээлийнхээ талаар ний нуугүй ярьсан юм.

-“Хурд”-тай хамтран “Нүргээн” нэртэй тоглолт хийх гэж байна. Эхлээд тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бодоод үзэхээр “Хурд”-ынхантай хамт олон удаа тоглож байсан ч энэ удаагийнх шиг хамтарсан тоглолт хийж байгаагүй юм билээ. Манайх 1993 онд “Хурд”-ынхантай хамт гарч ирсэн, нас чацуу хамтлаг. Тэр үед одоогийнх шиг олон хамтлаг байсангүй. Гэсэн ч “Харанга”, “Хурд”-тай бид өрсөлддөг байлаа. “Хурд”-д ард түмэн хайртай, “Никитон”-ыг ч мөн сонсох дуртай байсан үе.


Харин одоо өрсөлдөх нас, үе биш. Байр сууриа олж, хүмүүст хэн бэ гэдгээ мэдрүүлсэн уран бүтээлчид, бид. Тиймээс эв найрыг эрхэмлэж, “Хурд”-ынхны хамтарсан тоглолт хийх саналыг бид дуртай хүлээн авсан. Би Америкаас дөнгөж ирээд “Үүлэн үст” цомог гаргахаар бэлдэж байх тэр үед “Хурд”-ынхан бэлтгэл хийх байр гаргасан гээд олон зүйл дээр тусалсныг нь хэзээ ч мартдаггүй юм.

-Тоглолт ямар онцлогтой болох вэ. Нүргэж өгөх үү?
-Бид рок хамтлаг шүү дээ. Чи өөрөө биднийг бэлтгэлээ хэрхэн хийхийг харлаа. Түчигнэж, нүргэж өгч байгаа биз дээ. Хүмүүсийн сонсох дуртай олон хит дуу манай хамтлагуудад байдаг. Хитүүдээ дуулахад л тоглолтын уур амьсгал тасархай болох нь ойлгомжтой.

СУРГУУЛИА ОРХИСОН Ч УРЛАГААСАА ХАЗАЙСАНГҮЙ

-Хамгийн сүүлд 2013 онд “Үүлэн үст” цомгоос хойш шинэ цомог гаргаагүй юм билээ. Шинэ уран бүтээлийн сураг ажиг байна уу?
-Алдартай “Чи минийх” дуугаараа нэрлэсэн шинэ цомог удахгүй гарна. Мэдэх үү.
Чиний зүрх хаашаа ч бай
Ямар ч үнээр хамаагүй
Надад хариулт хэрэггүй,
Чи минийх гээд л.

-Таныг АНУ-д очоод хөгжмийн боловсролоо дээшлүүлж, мэргэжлийн түвшинд хүрсэн гэж хүмүүс ярьдаг. Өнөөдрийн амжилтад хүргэсэн зарчим тань юу байв?
-“Батчулуун их бэлтгэл хийдэг, тэгээд л амжилт олсон” гэж хүмүүс ярьдаг юм билээ. Ер нь мэргэжлийн түвшинд хүрч, шат ахихын тулд өдөр бүр бэлтгэл хийх ёстой гэж би боддог. Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн суурь мэдлэгээ олж авсан. Гэхдээ хичээлээ хийдэггүй учир багш нар надад дургүй байсныг санаж байна. Уг нь би хөгжимд дуртай, хайртай хүн шүү дээ. Шопен, Бах, Бетховен, Моцарт, Чайковскийг сонсох дуртай. Гэтэл тэр үед яагаад хичээлээ давтахгүй, багш нарын дургүйг хүргэдэг байв. Ингэж бодоод учрыг нь олсон л доо. Юу гэхээр, би зүгээр л ноот харж тоглох дургүй байж. Өөрт орж ирэх фантастик сэтгэхүйгээр тоглох дуртай байсан юм билээ. Үүнийг маань багш нарын хэн нь ч мэддэггүй байсан учир хувийн хэрэг дээр “авьяас дунд зэрэг” гэж бичсэн. Тэр үед онцгүй л санагдаж байлаа. Хүүхэд давтахгүй байж болно. Гэхдээ авьяастай хүүхэд авьяастай л байдаг байхгүй юу. Миний хувьд жоохон хүүхэд ч бай, ер нь хэн ч байсан хөгжимд хандах хандлага, дуугарч байгааг нь сонсоод л ямар авьяастай вэ гэдгийг нь мэдэрдэг.

-Сургуулиа орхиод “Хөх тэнгэр” хамтлагт орсон гэж сонссон. Харамсдаг уу?
-Хүний амьдрал олон салаа замтай. Энэ олон замаас өөрийгөө сонсож, олж мэднэ гэдэг туйлын чухал. Хүн болсны эцсийн зорилго юм. Намайг гуравдугаар дамжаанд байхад Буянгийн Жаргалсайхан манай сургууль дээр аймар том, авдар шиг хөгжим барьчихсан ирж байв. Монголд байхгүй хөгжмүүд харагдаж, үнэндээ тоглож үзэхсэн гэж хорхой хүрсэн. Төгөлдөр хуур нь энгийн Yamaha байсан. Би ганц хараад л шууд ухаан алдаж, тэр хөгжимд дурлаад сургуулиас гарчихсан юм. Хэдийгээр би Хөгжим бүжгийг орхисон ч өнөөдрийг хүртэл урлагаасаа хазайсангүй. Би хөгжимд хайртай, дуртай.

-Та дийлэнх дуугаа төгөлдөр хууртай тоглодог. Хэдэн настайдаа хөгжим тоглож сурсан бэ?
-Төгөлдөр хуурыг би найман настайгаасаа заалгаж, 11 жил сурсан. Яг үнэндээ тэр үед хөгжим давтдаггүй байлаа. Харин сүүлд хамтлагаа байгуулаад л өдөр шөнөгүй давтаж эхэлсэн шүү. Бид өдөрт хамгийн багадаа дөрөв, дээд тал нь найман цаг бэлтгэл хийдэг. Өнөөдөр л гэхэд хэдэн цаг бэлтгэл хийсэн бэ. Таван цаг байв уу. Би чамтай уулзаагүй бол хоол идчихээд л эргээд бэлтгэлдээ орох байлаа. Дуугаа давтаж, хөгжим тоглох нь надад амьдралаас авч болох таашаалыг мэдрүүлдэг. Тиймээс хүн бүр өөрийн дуртай зүйлээ мэдэж, үүнээсээ кайф авч амьдрах хэрэгтэй.

“ЯНАГ ЦЭЦЭГ” ХҮНЭЭР БОЛ 30 НАСТАЙ

-“Никитон” хамтлагийн ихэнх хит дууг та зохиосон. Ганцаараа уран бүтээл хийх тухай бодож байв уу?
-Миний урлагийн замналд дууны үг зохионо гэдэг хамгийн хэцүү хэсэг байсан. Учир нь хүмүүсийн зохиосон дууны үгэнд миний дуулахыг, илэрхийлэхийг хүссэн санаа гарч ирдэггүй байв. Дэлхийн жишгээр ихэнх рок хамтлаг өөрсдөө үгээ бичдэг. Тухайн уран бүтээлч юу хэлэх гэж байгаагаа дотоод ертөнц, дууны үг, ая, дуулалтаараа гаргаж тавьдаг юм. Нийтийн дуу бүх цаг үед л байдаг. Харин рок хамтлаг үзэл бодлоороо гарч ирдэг. “Никитон”-ы дийлэнх дууг би зохиосон. Тэгэхээр надад ганцаараа уран бүтээл туурвих шаардлага байхгүй л дээ.

-Яруу найрагчид сайхан бүсгүй хараад алдартай шүлгээ зохиосон байдаг. Дуу зохиох онгодоо та яаж хөглөдөг вэ?
-Би дуу зохиох дуртай. Миний онгод орой ордог шүү. Өглөө жаахан онцгүй талдаа. Гэхдээ хүн хараад онгод ордоггүй ээ. Тэгж зохиосон дуу бараг байхгүй. Дуу зохиомооргүй өдөр гэж байдаг. Эсрэгээрээ бариад авмаар өдөр ч тохионо. Тэр үед гурав, зургаа, 10 минутын дотор л зохиочихдог. Миний хамгийн анхны зохиосон дуу бол “Янаг цэцэг”. Энэ дууг 1987 онд зохиосон. Хүнээр бол 30 настай гэсэн үг. Зургаа бил үү долдугаар ангидаа зохиож байлаа. Энэ дуугаа одоо болтол дуулсаар л байна. Хүмүүс ч надаас байнга нэхдэг. Энэ янзаараа “Янаг цэцэг”-ийг хөгширтлөө дуулах юм шиг байна лээ. Би маш олон дуу зохиосон ч энэ дуунд хүмүүс дуртай байдаг. Тиймээс урт настай энэ дуундаа би ч маш их хайртай.

-Дөнгөж 14 настайдаа зохиожээ. Ямар сэдлээр зохиосон бэ гэдэг нь их сонирхол татаж байна?
-Тэр үед гэнэт л “Янаг цэцэг” гэдэг үг намайг хатгах шиг болсон. Ер нь маш этгээд нэр. Цэцэгийг янаг гэж хэлэх үү. Би дууныхаа үг, нэрэнд маш их ач холбогдол өгдөг. Этгээд, байнгын хэрэглээнийх биш байх ёстой гэсэн үзэлтэй. “Үүлэн үст”, “Ялгуун” гээд л. “Ялгуун”-ы үг бүр тасархай. Буурал Банзай гээд яруу найрагчийн зохиосон үг байгаа юм. Хүүтэй нь хамт уран бүтээл туурвидаг байлаа. Аав нь “Баачка би чамд ганц л гоё үг өгнө. Чи дуу болгоорой” гэж хэлээд нэг л өдөр “Ялгуун”-ыг надад өгсөн. Явж байгаа чинь нэг л ялгуун Ярьж байгаа чинь нэг л ялгуун гэсэн үгийг уншаад л миний толгойд ая нь шууд орж ирсэн. Гоё шүлгийн ая хэдийнэ тохогдсон, оноогдчихсон байдаг юм. Дуу зохионо гэдэг өгөгдөл. Дуу зохиох авьяасыг бурхан надад хайрласан. Надад маш гоё өгөгдөл байдаг. Миний хувьд дуу зохионо гэдэг үнэхээр амархан, ямар ч зовлонгүй. Өөрийн мэдэлгүй “тап” гээд л ороод ирнэ. Яг л миний чихэнд хэн нэг хүн аялж өгч байгаа мэт. Би өөрийгөө муу дуу зохиодог гэж боддоггүй. Өөрийнхөө зохиосон дуунуудаа их тоодог шүү.

СD-НИЙ ТООГ БИШ, УРАН БҮТЭЭЛИЙНХЭЭ ДААЦЫГ ЧУХАЛЧИЛДАГ

-Өнгөрсөн 24 жилийн хугацаанд танай хамтлаг хэчнээн цомог гаргаад байна вэ? -Манайхыг хүмүүс сонсоод “Никитон”-ыхон залхуу гэж хэлэхээр. 1993 оноос хойш “Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл”, “Ялгуун”, “Нандин шүтээн”, “Үүлэн үст”, одоо “Чи минийх” гээд нийт зургаан цомог л гаргасан байна. Гэтэл бусад уран бүтээлч маш олон цомог гаргасан байдаг. Тэдэнтэй харьцуулахад олон биш хэдий ч цомогт орсон дийлэнх дуу хит болсон гэдгээрээ ялгаатай. Бид гаргах гэж буй уран бүтээлээ удаан нухдаг гэх үү дээ. Би ер нь нэлээд бодох дуртай хүн. Хурдан хийсэн уран бүтээлд дараа нь олон засвар оруулах шаардлага гардаг. Цомог хийхдээ би олон дуугаа устгаж л байлаа. Удаан нухаад нэг л болохгүй бол орхихоос өөр аргагүй.

-Тэгвэл та аливаа зүйлийг төгс төгөлдөр рүү ойртуулж хийх дуртай хүн байх нь?
-Туйлын төгс төгөлдөр гэж байхгүй. Гэхдээ гоё л хийхийг эрмэлзэнэ. Би хувьдаа СD- ний тоог биш, гаргаж байгаа уран бүтээлийнхээ даацыг чухалчилдаг. Би өөрийгөө Монголын рок попын Феррари гэж бодож, дуудуулах дуртай. Энэ бол миний өөртөө оноосон нэр. Энэ нэрийг хэлэхдээ ч ичдэггүй. Улс надад Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хэргэм өгсөн.

Мөнгөний хойноос бусад шиг улайрч зүтгэдэггүй
-Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу. Таны урлагийн мэдрэмж тавдугаар ангиасаа л тодорчээ. Мөн өвөө, аав тань урлагийн хүмүүс байсан гэсэн?
-Тав, зургадугаар ангид байхдаа л дуулж эхэлсэн. Манай гэр бүл алдарт Г.Жамьян хуурчийн үр ач нар. Монгол Улсын хаан хуурч Г.Жамьяны ууган хүү, миний аав Ж.Батсайхан “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулсан. Харин Ж.Батсайханы ууган хүү нь би. Би аав ээжээс гурвуулаа, эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Найман настайдаа Хөгжим бүжгийн коллежид орж, классик хөгжмийн ангид гуравдугаар курс хүртлээ сураад орхисон. Түрүүн хэлсэнчлэн “Хөх тэнгэр” хамтлагт орохын тулд. Дараа нь “Соёл-Эрдэнэ”-д орж, тэгээд “Никитон” хамтлагаа байгуулсан. Ээж маань Ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин байсан хүн. Аав, ээж хоёр маань хоёулаа урлагийн хүн. Тиймээс л би ийм урлагийн авьяастай төрсөн байх. Харин хоёр дүү маань хөгжим хөөгөөгүй.

-“Микрийнхэн” гээд амьдардаг газрынхаа тухай дуу бүтээсэн байдаг. Та хотынх уу?
-Аав бид хоёр хотод төрсөн. Харин өвөө маань Дорнодын Булган сумынх. Багадаа Улаанбаатарт ирсэн юм билээ. Бага нас маань 15 дугаар хороолол буюу Сансарын тунель дээр өнгөрсөн. Тэнд 19 нас хүртлээ байв уу даа. Дараа нь Төмөр замд, харин эхнэртэйгээ суугаад 120-д амьдарч байгаад Америк явсан. “Микрийнхэн” бол миний өссөн Сансар хорооллын тухай дуу.

ХАР ТАМХИ БИТГИЙ ХЭЛ ТАМХИ Ч СОРЖ ҮЗЭЭГҮЙ

-Та амьдралыг хэрхэн ойлгодог вэ. Таны баримталдаг зарчим юу вэ?
-Би бусдын биш өөрийнхөө жимээр явах дуртай. Тэглээ гээд хууль ёсноос гажихын нэр биш. Баримталдаг зарчим маань хүндлэл. Олуулаа энэ дэлхийд амьдарч байгаагийн хувьд хамгийн эрхэмлэх зүйл бол нэг нэгнээ хүндлэх зарчим юм. Хүн хүнээ хүндэлж, нэг нэгнээ дорд үзэхгүй байх ёстой. Гэхдээ энэ нь хүнд дээрэлхүүлнэ гэсэн үг биш. Манайхан нэг нэгнээ хүндэлж сураагүй. Энэ бол бидний хөгжихгүй байгаа гол шалтгаан. Ядарсан нэгнээ дээрэлхэж, чинээлэг нэгэнд нь долигнох нь цээрлэж явах ёстой хүний араншин. Бид рок попынхон. Чөлөөт сэтгэхүйтэй хүмүүс. Гэхдээ тийм гээд ард түмнийг зөв зүйлд уриалах хэрэгтэй. Хүнд зааж сургахаар хүн би биш л дээ. Гэхдээ нэг нэгнээ хүндэлье гэж уриалмаар байна.

-Рок, попынхон, ялангуяа амьд хөгжим тоглодог уран бүтээлчдийг мансууруулах бодис хэрэглэдэг гэж сэрддэг. Энэ тал дээр ямар үзэл бодолтой байна вэ. Татаж үзсэн үү?
-Намайг зарим сонин дээр Батчулуун хар тамхи татдаг гэж бичсэн байна лээ. Яг үнэндээ хар тамхи битгий хэл зүгээр тамхи ч сорж үзээгүй хүн, би. Сүүлийн үед манай залуучууд хар тамхи хэрэглэх боллоо. Үүнд маш их эмзэглэдэг. Залуучууд мансууруулах бодисоос хол л явах хэрэгтэй. Дэмий юм дэмий шүү дээ.

-“Цамцаа тайл” тоглолтоо хийгээд тун удалгүй Америк явчихсан. Мөнгөний төлөө ийм шийдвэр гаргасан гэж хүмүүс ярьдаг юм билээ. Гэтэл тухайн үед танай хамтлаг ид мандаж байсан шүү дээ. Яагаад Монголоос явах шийдвэр гаргасан юм бэ?
-“Цамцаа тайл”, “Хос хунгийн дууль”-ийг гурван жилийн өмнө тоглоход эхний гурван эгнээ хоосон, хүмүүст хүрээгүй юм. Ингээд 1997 онд дахин тоглоход манай билет дуусчихсан, хүмүүс шагийн үнээр худалдан авч байлаа. Үнэхээр гоё тоглолт болсон. Маргааш нь нойр хүрэхгүй, өглөө эрт сэрчихлээ. Гараад таксинд суугаад явж байснаа санадаг юм. Тэр үед яагаад шавхсан мэт мэдрэмж төрсөн. “Цамцаа тайл” шиг, бүр үүнээс ч илүү дуу хиймээр санагдаж, дэлхийн одууд шиг уран бүтээл туурвихыг хүссэн. Тэгээд л гадагшаа явах хэрэгтэй юм байна гэж ойлгоод, АНУ руу явсан. Яахав, хүмүүс өнөөдрийг хүртэл Баачка мөнгө олохын тулд Америк явсан гэж боддог юм билээ. Үнэндээ доторх маань хоосорчихсон, гарц хайхын тулд явсан. Харин одоо чамд үнэнээ хэлж байна. Би мөнгө олох, арвижуулах тал дээр муу. Ер нь мөнгө бодох дургүй. Мөнгөний хойноос бусад шиг улайрч зүтгэдэг төрлийн хүн би биш.

Гэхдээ ийм гэдгээ тэр бүр хүнд хэлж, тайлбарлаад байхгүй. Би уран бүтээлч хүн. Олон улсад од болохын тулд өнөөдрийг хүртэл тэмцэж, уран бүтээлээ туурвисаар ирлээ. Хэдий надад боломж гараагүй ч өнөөдөр би дэлхийн оддын хэмжээнд дуулж чадна гэдгээ ам бардам хэлнэ. Дэлхийн томоохон одтой нэг тайзан дээр гарахад миний дуулалт, техник, өнгө яг л ижил түвшинд дуугарна. Энэ миний, манай хамтлагийн бахархал, Монголын урлагийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалт. Ямар үед урлаг зөв болдог гээч. Хүмүүс чамайг сонсдоггүй, мэддэггүй байлаа ч гэсэн бахархах ёстой хүний нэг мөн гэдгийг мэдэж байхад л өөрийгөө уран бүтээлч болсон гэж үзэх хэрэгтэй. Миний дуулж, хөгжимдөхийг сонсоод надаар бахархаж байвал болох нь тэр. Энэ л урлагийн гол дэнслүүр, шалгуур. АНУ-д би долоон жил болсон. Тэндээс олон зүйл сурч, амьдралын бодит байдлыг мэдэрсэн шүү.

-Таны хувцаслалт, үсний засалт, биеэ авч явж байгаа байдал бусад уран бүтээлчээс содон байдаг. Загвараа өөрөө тодорхойлдог уу?
-Би одоо 45 настай. Өөрийгөө хөгширсөн гэж боддоггүй. Загварт үнэхээр дуртай. Миний хоёр дахь хообий. Гоё хувцаслана, сонин байдлаар биеэ авч явна гэдэг бас нэг тусдаа урлагийн төрөл мэт санагддаг. Тиймээс дэлгүүрийн хувцас өмсөх дургүй. Дандаа захиалдаг. Хүмүүсийн явдаг жимээр явах дургүй гэсэн нөгөө л санаа юм. Түүнээс биш оддын өвчнөөр өвчилсөн юм биш шүү. Манай найзууд намайг шоолдог л юм. “Чи гаж хувцаслах юм аа. Базарваань” гээд л. Яахав дээ тээ.

-Та хувийн бизнес эрхэлдэг үү. Тэтгэвэрт гараад юу хийнэ гэж боддог вэ?
-Би хөгширч үхтлээ урлагтаа зүтгэх байх. Боддог л юм. Хүн хийж чаддаг зүйлээ л хийх ёстой гэж. Гэхдээ өөрийгөө хөгшин байна, хөгширнө гэж огт боддоггүй. Дуулж чадахаа боливол яана аа гэсэн айдас ч байдаггүй. Би ч хэнэггүй талдаа хүн дээ.

-Анхны эхнэрээсээ яагаад салсан юм бэ. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Манай эхнэр Америкт амьдрах сонирхолтой, харин би Монгол руу буцах хүсэлтэй байсан. Тэгээд л үзэл бодлын зөрүү, салаа замын эрхээр салсан. Нийт гурван хүүхэдтэй. Анхны эхнэрээсээ нэг хүүтэй, одоо 13 настай. Хүү маань энэ зун надтай байж байгаад явсан. Хөгжим хөөлгөдөггүй ч сүүлийн үед оролдоод байгаа бололтой. Харин одоо тав, зургаан настай хоёр хүүхэдтэй. АНУ-аас ирээд зургаан жил ганцаараа амьдарсан. Эхнэртэйгээ 2011 онд Баянгол ресторанд хүлээн авалтын үеэр танилцсан юм. Загвар өмсөгч, сайн бүсгүй бий.

Сэтгүүлч хүний сониуч зангаараа яагаад манай сонинд ярилцлага өгөхийг зөвшөөрснийг нь асуулаа. Тэрбээр “Би хэлсэн шүү дээ. Хүндлэл гэдэг зүйл хамгийн чухал гэж” хэмээн өгүүлснээр бидний ярилцлага дууссан юм.

-Ярилцсанд баярлалаа.





САНАЛ БОЛГОХ