Эмийн ховор ургамлуудаа хуруу шилэнд ургуулж байна

Үйлдвэрлэл

Нэрс, гүзээлзгэнэ гээд зэрлэг жимсээ биотехнологиор гаргаж авах бүрэн боломжтой

Монгол орны эмийн ховор ургамлуудыг биотехнологийн аргаар гарган авч таримал- жуулж байгаа тухай ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын био- технологийн лабораторийн эрхлэгч Ю.Оюунбилэгтэй ярилцлаа. Клонингийн аргаар хүүхэд, амьтан бий болгох хэмжээнд шинжлэх ухаан өндөр хөгжсөн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн хомсдол зэргээс болж устаж, ховордож буй эмийн ургамлуудаа авч үлдэх, түүнээс үүдсэн асуудлыг шийдвэрлэхэд ургамлын биотехнологи асар их үүрэг гүйцэтгэж байгааг тэрбээр онцолсон юм.


-Ургамлын биотехнологийн салбарын эх суурь манай улсад хэзээ тавигдсан бэ. Одоо хөгжлийнхөө ямар шатанд байгаа юм бол?

-Дэлхий дахинд 100 гаруй жилийн түүхтэй. Харин манай улсад 1980-аад оны сүүлчээс вирусгүй төмс гаргаж авах чиглэлээр анхны ургамлын биотехнологийн пионер ажлуудыг лабораторидоо эхлүүлж байлаа. 1990-ээд онд судалгаа, шинжилгээ нэлээд саарсан. Гэхдээ тун удалгүй Биотехнологийн болон Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний, ХААИС-ийн Ургамал хамгааллын хүрээлэнд лаборатори байгуулж, их, дээд сургуульд биотехнологийн хичээл орж эхэлсэн. Энэ үеэс бид улаан буудайнаас тоосны өсгөврөөр ургамал гаргаж авах, алтан хундага эмийн ургамлын эдийн өсгөвөр зэрэг судалгааны ажил эхлүүлсэн. Түүнээс хойш Монгол орны устаж байгаа, нэн ховор, ховор болон ашигт эмийн ургамлуудыг үргэлжлүүлэн судалж, суурь судалгаа болон шинжлэх ухааны төслүүдийг гүйцэтгэж байна.

-Эдгээр ажил хэр зэрэг ахицтай байгаа вэ?

-Судалгааны цар хүрээ тэлж, улам гүнзгийрч байгаа. Бид бүхний сайн мэдэх урал чихэр өвс, эгэл өмхий өвс, эмийн бамбай, үнэгэн сүүлхэй лидэр, нарийн навчит цахилдаг гэх мэт ургамлаас эсийн биомасс гаргаж авах, эсвэл бичил ургамлаа хүлэмж, цаашид талбайд шилжүүлэх ажлууд хийгдэж байна. Боловсон хүчний хүрэлцээ, лабораторийн хүчин чадал сайжирсан тул нарийн нандин олон ажил хийж байна. Тухайлбал, Хятадын эрдэмтний Нобелийн шагнал хүртсэн ургамал болох морин шарилж болон дэлхийн хэмжээний ховор ургамал гэж нэрлэгддэг чихэр өвсний голлох бодисыг генийн инженерчлэлийн аргаар нэмэгдүүлэх судалгааны ажил гүйцэтгэж байгаа.

Мөн МонголТөвөдийн уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг биологийн идэвхт 100 гаруй нэгдэл бүхий эгэл годил буюу ард түмний нэрлэдгээр шудгийг 2014 оноос эхлэн судалж, бичил ургамлаа гаргаж аваад, хүлэмжид шилжүүлэх, түүний голлох үйлчилгээтэй зарим нэгдлийг Энэтхэгийн судлаачидтай хамтран судалж, олон улсын өгүүлэл хэвлүүлээд байна. Бас үнэгэн сүүлхэй лидэр ургамлын элэгний хавдар, үрэвслийн эсрэг, дархлааг дэмждэг голлох үйлчилгээтэй нэгдлүүдийн шинж чанарыг тодорхойлох ажлууд хийж байгаа. Одоогоор хөрсөнд шилжүүлж дасгаад байна. Цаашид уламжлалт эмийн үйлдвэрлэлийн нөөцийг хангах, генофондыг хадгалах чиглэлийн суурь болон хэрэглээний судалгаанд нэвтэрсэн байна гэсэн үг юм.

-“Хуруу шилэн дэх ургамал” товхимлыг харахад ойн бүсийн ургамал зонхилж байна?

-Энэ цуврал гарын авлага бол манай ажилтнуудын ажлын үр дүнгийн нэг хэсэг юм. Ихэнх нь өвслөг, нэн ховор төрлийн ургамлууд багтсан. Шудаг бол усанд дуртай хагас усны ургамал. Төмсний улааны нэг төрөл болох ягаан цэцэгтэй нэн ховор ургамал Буржгар сарааны талаар бий. Эмийн бамбай гэхэд ойн болон ойн бүс дагасан голын эрэг дагуух хар шороон хөрсөнд ургадаг гэх мэт тус бүрийн онцлогтой.


-Биотехнологийн бүтээгдэхүүний худалдаа хүнсний салбарт маш амжилттай өрнөж байна. Танайх ургуулж буй ховор эмийн ургамлуудаа худалдааны чиглэлээр өргөжүүлэх боломж хэр вэ?
-Хамгийн сүүлд Энэтхэгт оролцсон эм зүйн олон улсын хуралд байгалийн гаралтай эмийн ургамлын хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгааг онцолсон. Тиймээс ч байгалийн зэрлэг ургамал руу их хошуурч байна. Үүнтэй зэрэгцэн үйлд­ вэрлэлийн нөөц бүрдүүлэх шаардлагатай болсон. Монголд л гэхэд доод ургамалтайгаа нийлээд 7000 гаруй зүйлийн ургамал байдаг гэх боловч үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах нөөц бараг байхгүй. Гэвч хууль болон хууль бусаар түүж, хил давуулсаар л байна. Тухайлбал, чихэр өвс гэхэд 2000 онд Хятадын үндэсний шинэтгэлийн хорооноос зэрлэг чихэр өвсийг гадаадад нийлүүлэх хэрэглээг зогсоосноос хойш Япон, Солонгос, Хятад зэрэг орнууд манай орноос ихэвчлэн хууль болон хууль бусаар авч хэрэглэх сонирхол нэмэгдсэн. Гэхдээ аль ч ургамлыг тари­ малжуулж байж хэрэглэх шаардлагатай. Чихэр өвс гэхэд үрээр тарьснаас хойш дөрвөн жилийн дараа глицирризиний хэмжээ нь фармакогнозийн шаардлага хангах зохист хэм­ жээнд хүрдэг.

-Тарималжуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хэр зэрэг хугацаа шаардагддаг вэ?

-Бидний судалгааны сүү­ лийн жилүүдийн үр дүн бол биотехнологийн аргаар гар­ гаж авсан “Эмийн бамбай” ургамал юм. Энэхүү ургамлыг бүтээгдэхүүн болгож байгаа хувийн хэвшлийн байгууллагын хүсэлт их байгаа хэрэглээ өндөртэй, бид бүхэн патентаа авсан учраас энэ жилээс инновацийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Бид Төв аймгийн Жаргалант сумын ойн захад буюу яг байгаль дээр нь тарималжуулсан. Амжилттай болсон тул “Их тайга” ХК биотехнологийн аргаар гаргасан ургамлын үндэс нь гарцын хувьд байгалийнхаас илүү байна гэж үзсэн учраас бидэнд захиалга өгсөн. Ирэх гурван жилд ойн захад “эмийн бамбай”-н үйлдвэрлэлийн зориулалттай тариалалт бий болох болов уу. Мөн чихэр өвс ч үрлээд ургаж байна. Үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах үндэс нь бүрэлдсэн гэсэн үг.

-Азийн өндөр хөгжилтэй орнууд Дорнын анагаах ухааны түүхий эдийг тарималжуулахад ер нь хэр зэрэг мөнгө хаядаг бол?

-Бид өнөөдөр эмийн ургам­ лын үйлдвэрлэлийг зөвхөн бичил ургамал буюу хөрсөнд шилжүүлэх хэмжээнд л ярьж байна. Гэтэл Солонгос зэрэг өндөр хөгжилтэй оронд зөвхөн эсийн биомасс буюу тухайн ургамлын гол найрлага бүхий эсийн биомассыг их хэмжээтэйгээр ургуулж, бүтээг­ дэхүүнээ хийгээд эхэлчихсэн. Өөрөөр хэлбэл, аль хэдийнэ нэвтэрчихсэн ажил. Мөн, гоёл чимэглэлийн цахирмаа гэх ургамлыг одоогоос 50-60 жилийн өмнө өнөөдөр манайд ашиглаж байгаа технологиор гарган авсан. Тайланд, Тайвань зэрэг оронд гоёл чимэглэлийн ургамлын биотехнологи хөгжиж, бизнес болчихсон байна. Манайд лабораторид ч гэсэн нил цэцгийг эдийн өсгөврийн аргаар ургуулсан. Зүгээр тарихад нэг жилийн дараа цэцэглэдэг бол бид навчных нь 0.5 см ам дөрвөлжин хэмжээтэйгээс 20-30 цэцэг гаргаад авчих боломжтой, эдийн өсгөврийн арга юм.

-Хүнсний биотехнологи өнөөдөр маргаантай салбар болж хувираад байна?

-Тийм ээ, алим, төмс бүхнийг генийн өөрчлөлттэй гээд “муучилж” байгаа нь хүмүүсийн өнөөдөр биотехнологийг харж байгаа өнцөг. Гэтэл ургамлын биотехнологийн хамгийн дэвшилттэй хэсэг нь генийн инженерчлэл. Хүйтэнд, ган гачиг, өвчинд тэсвэртэй гентэй ургамал гаргаж авдаг. Эмийн ургамлууд дээрээ ч гэсэн генийн инженерчлэлийг нэвтрүүлээд ажиллаж байна. Уг нь аюулгүй байдлыг нь хангах бүх дүрэм журмыг нь дагавал аюултай зүйл биш юм.

-Генийн өөрчлөлттэй бүтээг- дэхүүнийг олон жил хэрэглэхэд удам зүйн гажиг үүсгэдэг гэдэг. Ингэх магадлалтай юу?

-Нарийн шалгаж байж л тогтооно. Удам зүйн гажиг үүсгэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Өнөөдрийн энэ их пестицидийн хэрэглээ өндөр байгаа нь ч нөлөөлж магадгүй. Түүнээс биш трансген хүнснээс болсон гэж үзэх нь харьцангуй ойлголт. Хилээр орж ирж байгаа ургамал, жимс, хүнсний бүтээгдэхүүний гарын арван хуруунд тоологдох нь трансгентэй буюу хувиргасан организм байх магадлалтай.

-Биотехнологийн аргаар байгалийн зэрлэг жимсийг гаргаж авах нь ахисан түвшний ажил уу. Өнөөгийн чадавх хүрэх үү?

-Одоо бол ахисан түвшинд тооцогдохгүй. Гүзээлзгэнэ гээд ер нь ихэнх жимсийг эдийн өсгөврийн аргаар ургуулчихсан. Энэтхэгт гэхэд уг аргаар гадил жимсийг үйлдвэрлэлийн хэмжээнд ургуулж байна. Бид гүзээлзгэнэ гаргаж авахаар ажиллаж байсан. Арга зүй нь тодорхой учраас нэрс зэрэг зэрлэг жимсийг биотехнологийн аргаар ургуулах бүрэн боломжтой.

-Биотехнологийн ургамлын үр нэг удаа л ургац өгдөг. Үүнээс болж Энэтхэгт олон мянган тариачин амиа хорлож байсан?

-Ялгаж салгаж ойлгох хэрэг­ тэй. Харин эд, эсийн өсгөврийн арга, номонд бичигдсэн байгаа ургамлуудыг генийн өөрчлөлт байхгүй гэж үзэх хэрэгтэй. Ургамал өөрөө ердийн л үрлэнэ. Гэхдээ одоохондоо дэлхийн хэмжээнд өргөн хэрэглэгдэж байгаа хүнсний таримал ургамлаас шар буурцаг, улаан лооль зэрэг ургамал л трансген байх өндөр магадлалтай. Шар буурцгийн бараг 90 хувь нь генийн өөрчлөлттэй. Тухайн ургамалд шинэ ген суулгаж, ДНХ-ийн хувьд өөр бүтэцтэй болж байгаа тул цаашдаа үр удамд нь ямар өөрчлөлт үзүүлэхийг сайтар анхаарах нь чухал юм.

-Уур амьсгалын өөрчлөлт эрчтэй явагдаж байна. Ганд тэсвэртэй сорт, хүйтэнд тэсвэртэй мал үржүүлэх шаардлагатай байна. Манай биотехнологийн бодлого энэ чиглэлд явна уу?

-Уламжлалт буюу үржил селекцийн аргаар гаргаж байна уу, эсвэл генийн инженерчлэлийн аргаар үржүүлж байна уу гэдэг нь ялгаатай. Ер нь молекул, генийн түвшинд судалгаагаа үргэлжлүүлэх зайлшгүй шаард­ лагатай. Тэртээ тэргүй хүн төрөлхтний шинжлэх ухааны хөгжил энэ чиглэлд эргэлт буцалтгүй орчихсон.

-Герман зэрэг оронд уур амьсгалын өөрчлөлтөд зохицох ген бүхий мод гаргахаар олон жилийн цаадхыг харж судалгаагаа хийж байна. Биотехнологиор ургуулсан ой хэр их байдаг вэ?

-Би бол салбарынхаа өчүүхэн бага хэсгийг ярилаа. Гэтэл ургамлын стресс, ган, хүйтэн, давсанд тэсвэртэй ургамал гаргаж авахад нөлөөлөх олон хүчин зүйлүүдийг туршиж судлах шаардлагатай. Хятадад гэхэд аль хэдийн трансген бүхий улиасан ой бий болсон. Мөн хоёр Солонгос эх орны дайны дараа ойгүй болсон боловч биотехнологийн аргаар дахин ойжуулсан. Акаци гэх модыг хүртэл өсгөврийн аргаар үржүүлэн ой болгосон. Бид акацийг эдийн өсгөврийн аргаар гаргаж аваад, хүлэмжинд тариалсан боловч манай өвлийг даахгүй харамсалтай нь үхсэн. Тайланд, Тайваньд л гэхэд хулсыг биотехнологийн аргаар гаргаж авсан. Бид бас энэ амжилттай түүхийг давтах сонирхолтой.

-Биотехнологийн судалгаа модлог ургамал дээр хийгдсэн үү?

-2008-2010 онд олон цэцэгт сухай сөөг ургамлын судалгааг эхлүүлсэн. Бид бүхэн үе зайдмын өсгөврийн аргаар олон цэцэгт сухайг гарган авч, хүрээлэнгийн гадаа талбайд ургуулж байгаа. Энэ жилээс ботаник цэцэрлэг болон хүрээлэнгийнхээ гадаа тарималжууллаа. Хэдийгээр мөчрөөр үрждэг ч бид анх удаа биотехнологийн аргаар гаргаж авсан. Энэ аргадаа үндэслэн монгол бүйлс буюу сакура, олон навчит улиас гэх мэт ховордож буй модлог ургамлуудын хувьд энэхүү технологийг хэрэглэх үндсэн суурь нь тавигдсан. Гэхдээ модлог ургамлын био­ технологийн судалгаа өвслөг ургамалтай харьцуулахад хүндрэлтэй байдаг.

-Биотехнологийг энэ дэлхийг аврах технологи гэдэг. Манай улсад хөгжүүлэхэд хүндрэл хэр байна вэ?

-XXI зууныг биотехнологийнх гэдэг. Уур амьсгалын өөрч­ лөлттэй уялдуулан Монгол орны онцлогт тохирсон ган, хүйтэнд тэсвэртэй ургамлын ген, говийн эмийн ургамлуудын генийг гадаадын эрдэмтэд их сонирхдог. Тиймээс генофондыг авч үлдэх, цаашид ахисан түвшний туршилт судалгаа хийх шаардлагатай. Ер нь биотехнологийн судал­ гаа нарийсах тусам өндөр үнэтэй багаж, эм урвалж, тусгай мэргэшсэн боловсон хүчний тусламжтай урагшилдаг. Ингэж гэмээнэ дэлхийтэй хөл нийлүүлж, ахисан түвшний судалгаа хийх боломжтой. Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад хөрөнгө мөнгөний хувьд дутагдалтай. Бусад улс орон ДНБ-ийхээ 4-5 хувийг инновацийн хөгжилд зарцуулдаг байхад манайх шинжлэх ухаанд ДНБ-ий 0.12 хувийг зарцуулж байна. Үүнийг нэг хувьд хүргэчихэд л улс орондоо төдийгүй дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах мэдлэг үйлдвэрлэх бүрэн бололцоотой.

-Ургамлынх дэлхийн жишигтэй хэр ойрхон байна. Хэрэглээ бол асар хоцрогджээ?

-Нэг бодлын харьцуулшгүй доогуур, нөгөө бодлын боломжийн түвшинд байна гэж болох юм. Олон жил улсын төсвөөр туршилт судалгаа хийгдэж нэлээд үр дүнгүүд гарч байна. Эрдэм шинжилгээний зардал бага учраас хэдээр нь багаж, урвалжаа авч, томилолтонд явж ургамлынхаа дээжийг авах уу гээд хүндрэл их бий. Харин сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны, инновацийн төсөл бичээд санхүүжих боломж бүрдэж байгаа. Энэ жил Шинжлэх ухаан, технологийн сангаас авсан инновацийн төслийнхөө хүрээнд хүлэмжээ 20 жилийн дараа анх удаа засварлалаа. -Баярлалаа.











САНАЛ БОЛГОХ