АНУ ирэх онд ч бодлогын хүүгээ өсгөнө

Дэлхийн хандлага

Бодлогын хүүгээ 0.25 нэгжээр өсгөж, 1.5 хувьд хүргэлээ

АНУ-ын Холбооны нөөцийн банкны Нээлттэй зах зээлийн хороо бодлогын хүүгээ 0.25 нэгжээр өсгөж, 1.5 хувьд хүргэ­лээ. Ингэснээр он гарсаар тус улс мөнгөний бодлогын жишиг хүүгээ гурав дахь удаагаа өсгөв. Тус улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайжирч буй нь мөнгөний бодлогоо хумих боломж олгож буйг Холбооны нөөцийн банкны бодлого тодорхойлогчид онцолсон байна. Америкийн төв банкны тэргүүн Жанет Йеллен Вашингтонд хийсэн мэдэгдэлдээ тус улсын хөдөлмөрийн зах зээлд шинэ ажлын байр бий болгож, эдийн засгаа дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Тус улсын эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд саарсан ч сүүлийн хоёр улиралд 3.25 хувьд хүрч, өсөлт нь эрчимжсэн. Ялангуяа, тус улсын өрхийн зарцуулалт тогтвортой түвшинд нэмэгдэж байгаа нь макро эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж үзэж байна. Мөн бизнесийн салбарт хөрөнгө оруулалт дээ­шилж, олон улсын эдийн засаг таатай нөхцөлд байгаа нь экспор­тод эерэгээр нөлөөлж буй аж.

Тус улсын татварын бодлого ирэх жилүүдэд эдийн засгийн үйл ажиллагааг тодорхой түвшинд дэмжинэ. Гэхдээ татварын бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхой бус хэвээр байна гэж шийдвэр гаргаг­чид нь үзэж байна.

Холбооны нөөцийн банкны энэ шийдвэрийн дараа олон улсад ам.долларын ханш чангарч эхэллээ. Тухайлбал, Bloomberg-ээс тооцдог ам.долларын спот индекс гэхэд 0.1 хувиар өссөн байна. Харин ам.доллартай урвуу хамааралтай алтны ханш буурлаа.

Үүнээс гадна АНУ-ын төв банк тайлан тэнцлийн хэмжээгээ ирэх сараас сарын 10 тэрбум ам.доллараар бууруулахаар болсон аж. Бодлогын хүүг өсөхөд гол нөлөө үзүүлсэн эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн түвшинтэй уялдуулж энэ шийдвэрийг гаргасан гэж ажиглагчид тайл­барлаж байна. Гэхдээ инфляц төв банкны зорилтот түвшнээс доогуур байгаа нь бодлого тодорхойлогчдын өмнө томоохон сорилт болж буй аж. Одоогоор 1.7 хувьтай байгаа АНУ-ын инфляц ирэх онд 1.9 хувьд хүрнэ гэж Холбооны нөөцийн банк таамагласан байна. Энэ нь төв банкны хоёр хувийн зорилтот түвшинд дөхсөн үзүүлэлт аж. Гэхдээ сүүлийн таван жилд инфляфын зорилтот түвшнээс доогуур байсаар ирсэн юм.



Үүнээс гадна АНУ мөн­гөний бодлогоо хумьснаар хөрөнгө оруулагчид үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд хөрөнгөө АНУ-д байршуулах нь нэмэгдэнэ. Улмаар хөгжиж буй орнуудаас гадагшлах хөрөнгийн урсгал нэмэгдэхийг шинжээчид онцолж байгаа.

Тус улс 2018 онд бодлогын хүүгээ дахин гурван удаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Ингэснээр ирэх онд ам.долларын ханш чангарах төлөвтэй. Ялан­гуяа, олон улсаас бонд босгосон Монгол шиг хөгжиж буй орнуудын үнэт цаасны зардал, өр нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн долоон жилийн турш бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.25 хувьд хадгалсан АНУ өнгөрсөн хоёр жилд эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлснээр мөнгөний бодлогоо хумьж эхэлсэн юм.
САНАЛ БОЛГОХ