Намайг уучил, би ахиж хэзээ ч гар хүрэхгүй

Мэдээ


Хадмууд, хамаатан садан, найз нөхөд гээд хэнд ч хэлсэн миний л буруу болдог

2017.12.16. Түр хамгаалах байр. Нэг давхар, хуучны энэ байшинд ормогц хүүхдүүдийн цовоо цолгиун дуу угтан авлаа. Төрсөн аав, хойд эцгийнх нь харгис авир, балмад үйлдлийг нь тэсэж дийлэхээ байгаад гэрээсээ аргагүйн эрхэнд дайжсан ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд төрийн хамгаалалтад ороод буй нь энэ аж. Хамгаалуулагчдын байранд гаднын хүн байтугай түр хамгаалах байрны захиргааны ажилтнууд ч орохыг хориглодог тул хүүхдүүдийн нас, төрх байдлыг харах боломж олдсонгүй. Энэ газрын талаарх анхны сэтгэгдлийг минь саяхан зассан сүлд мод, хар бараан үеэ түр ч атугай мартсан хүүхдийн инээд үлдэн хөөв. “Өнөөдрийн байдлаар манайд дөрвөн эмэгтэй, хүүхдүүдтэйгээ нийлээд арав гаруй хүн байна” хэмээн түр хамгаалах байрны алба хаагчид ярилаа.

 Нийгэмд хандан хүчирхийллийг зогсоох цуврал сурвалжилга бэлтгэх зорилгоор тус төвийн үйлчлүүлэгчидтэй уулзах хүсэлтээ урьдчилан мэдэгдсэн тул биднийг саатуулсангүй, шуудхан л уулзалтын өрөөнд оруулав. Саарал ханын цаастай, жижигхэн энэ өрөө хамгаалал хүссэн эмэгтэйчүүдийн өрөөний эсрэг талын жигүүрт байрладаг. Ширээ сандал, гурван хүнд зориулсан буйдангаас өөр хогшилгүй тэрхүү өрөөнд бид эрчүүдийн харгис хэрцгий авирын золиос болж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон бүсгүйчүүдийн нулимстай үг, гашуун түүхийг нь сонссон юм. Бидэнд дөрвөн бүсгүйн хоёр нь л ярилцлага өгөхийг зөвшөөрлөө. Харин нөгөө хоёр нь сэтгэлээ уудлахыг хэдий хүсэвч гэрийнхнээсээ айж байгаагаа хэлсэн. Бага насны хүүгээ хөтөлсөн 40 орчим настай болов уу гэмээр эмэгтэй “Хадмуудаасаа айгаад байна” хэмээн хэлэхэд хоолой нь чичирч байсан юм. Урд шөнө нь тус байранд ирсэн түүний талаар “Одоо хүртэл цочролоосоо гарч чадаагүй байгаа” гэж төвийн алба хаагчид нь тайлбарлав. Орон нутгаас ирсэн өөр нэг ахимаг насны эмэгтэй түүнтэй ижил шалтгаан хэлсэн юм. Бидэнд тэднийг албадах эрх байхгүй.

ТАРЧИЛЖ БАС ТЭВЧИЖ ӨНГӨРҮҮЛСЭН 13 ЖИЛ

Ярилцахыг зөвшөөрсөн эхний эмэгтэй “Би нөхөртэйгээ гэрлээд 13 жил болж байна. Анх гэр бүл болох үед нөхөр маань ааш зан сайтай, боловсролтой, төлөв даруу нэгэн байсан. Харин нэг гэрт орж, анхны хүүхдээ гэдсэндээ тээсэн цагаас л нөхрийн маань жинхэнэ төрх илэрч, би зодуулж эхэлсэн” хэмээн яриагаа эхлэв. 

Хэдэн мянган эмэгтэй энэ нийгэмд чимээгүйхэн зовж байгаа бол
-Танай нөхөр яагаад ийм авир гаргадаг юм бол. Ямар ч шалтгаангүйгээр танд гар хүрдэг үү?
-Удмын юм билээ. Мөн архидалт, гэр бүлээс гадуурх замбараагүй амьдрал, ажилгүй байсан нь ч нөлөөлсөн байх гэж боддог. Согтуу ирэх бүртээ гэр орныхоо тавилгыг эвдэлж хэмхлэн, биднийг зоддог. Маргааш өглөө нь хэлэхээр “Би тийм чанга цохиогүй биз дээ? Яалаа гэж би тэгж хэлэх вэ” гэж өөрийгөө өмөөрдөг. Үнэндээ надад яг тэнэг хүнтэй харьцаж байгаа юм шиг ханддаг байсан. Энэ бүхэн миний сэтгэцэд нөлөөлж, сэтгэл түгших, шалтгаангүй айх, сандрах эмгэгтэй болчихсон. Үүнээс болж саалийн үнээ шиг л сүүтэй байсан хөх маань нэг сарын дотор юу ч үгүй ширгэчихсэн. Хамгийн харамсалтай нь, хүүхдүүдэд минь нөхрийн талын догшин зан ааш ажиглагддаг болсон. Тэд маань энгийн үедээ их томоотой. Харин уурлахаараа танигдахын аргагүй болдог.

-Та энэ олон жил гэр бүлийн хүчирхийлэл дор амьдрахдаа хууль хяналтын байгууллага, үгүй ядаж өөрийнхөө талын төрөл төрөгсдөдөө хэлж байгаагүй гэж үү?
-Хадмууд, хамаатан садан, найз нөхөд, ураг төрөл гээд хэнд ч хэлсэн эцэстээ намайг л буруутгадаг. “Нөхрөө жаргааж чадаагүй, арчаагүй хүүхэн. Ийм сул дорой байж эртхэн салах чинь яасан юм” гэж намайг буруутгаж, доромжилдог. Зарим нь намайг хөдөө гэр рүүгээ яваач гэдэг л юм. Тэнд ядарсан хөгшин ээжээс өөр хүнгүй. Ядаж л намайг хамгаалах 102, 103 байхгүй шүү дээ. Би шөнийн цэнгээний газраар хэсэж, өөр хүнтэй харилцаа тогтоож эсвэл дагавар хүүхэд дагуулаад ирсэн бол намайг зодох шалтгаан юм байна гэж хэлэхсэн. Гэтэл би нэг ч удаа амьдралын замаас хазайсан үйлдэл хийж үзээгүй.

-Яагаад цагдаагийн байгууллагад ханддаггүй юм бэ?
-Үнэндээ цагдаад хэлвэл бүр их зануулж, алуулчих байх гэж айсаар яваад өдийг хүрлээ. Хоёр, гурван удаа л цагдаад өгсөн байх. Эрүүлжүүлэгдээд л гараад ирнэ. “Чи намайг түлхвэл би гудамжинд гарна. Чи л намайг авар. Ахиж зодохгүй. Хүн шиг амьдарна” гэж амлахад нь эхэндээ сэтгэл уярдаг байлаа. Хайрлаж, дурлаж суусан болохоор “Нээрээ ч тийм юм уу” гэж явсаар эцэст нь өөрөө аврал эрээд сууж байна. Бас хүүхдүүдээ шоронгийн хоригдлын хүүхдүүд гэж хэлүүлэхээс айдаг.

-Хамгаалах байранд ирье гэсэн бодол хэзээ төрсөн бэ?
-Өнгөрсөн жилийн яг өдийд. Нөхөр нэг шөнө “Очиж байна” гэж утсаар ярьсан юм. Зугтаах гэхээр дандаа зодуулснаас болоод энд тэнд очоод ухаан алддаг болчихсон байсан үе. Орж ирэнгүүтээ л миний хөмсгийг сэт цохиж, тэрүүгээр нэг цус болсон. Хүүхдүүд орилж байсан шиг санагддаг. Цус хараад улам бүр догширч, “Чамайг ална” гээд над руу дайрсан. Тэр үед “За ингээд л үхдэг юм байж” гэж бодогдсон. Мэддэг бурхандаа залбирсан. Аз болж түрхэн зуур унтсан хойгуур нь гурван хүүхдээ аваад гэрээсээ зугтаасан. Хүн цагаа тулахаар идэр есийн хүйтэнд ч амиа аврахын тулд хүүхдүүдээ шалдан нүцгэнээр нь хөнжилд ороогоод зугтдаг юм билээ. Ингэж гэрээсээ явснаас хойш бүтэн жилийн хугацаа өнгөрчээ.

-Сэтгэцийн өөрчлөлтөд орохоос гадна таны биед ямар гэмтэл учирсан бэ?
-Гурван жилийн өмнө нүдэндээ цохиулаад группт орсон. Баруун талын нүд маань дүрс ялгах төдий л хардаг. Хүний нүүр царай, төрхийг сайн ялгаж чаддаггүй. Нэг нүднийхээ булангаар л чиглүүлж харна. Баруун нүдний торлог бүрхэвчинд том хэмжээний цууралт үүссэн. Харин зүүн нүдний хамар нүдийг тусгаарладаг хананы яс нь гурван сантиметр хэртэй цөмөрсөн. Хагалгаанд орж, хиймэл ухархай суулгах талаар судалсан ч бүрмөсөн хараагүй болох магадлал өндөр байдаг гэнэ лээ. Тиймээс хувь заяандаа даатгаад л явж байна. Би гэрлэлтээ цуцлуулж, хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандсан байгаа.

Ирээдүйд миний амьдрал яах бол, үр хүүхдүүд маань өсч том болоод ямар хүн болох бол гэж айсандаа хүчирхийллийг тэвчиж явсаар эцэстээ сэтгэцийн эмгэгтэй болсон энэ эмэгтэйн амьдрал цаашид хэрхэх бол. Хөөрхий бүсгүйг хамгаалах байранд байгааг мэдсэн нөхөр нь “Мэдрэл нь муудчихсан байх аа. Тэнд юугаа хийдэг байна аа” хэмээн хамаатан садан, найз нөхөд, танилууддаа ярьж, эхнэрээ буруутгаж яваа гэх. Хүний охин үрийг хайрлан хамгаалж, жаргаана гэж суучихаад архинд толгойгоо мэдүүлж, амьдралд бууж өгсөн олон эрчүүдийн нэг төлөөлөл нь тэр. Сул дорой, арчаагүй байдлаа орон гэртээ, охид бүсгүйчүүдэд, нялх үрсдээ гаргаж байгаа нь үнэндээ жигшмээр. Эр нөхрийнхөө гарын шүүс болж, эргээд очих аав, ээжгүй тэдэнд бүлтгэр үрсээ хөтөлсөөр хамгаалах байранд очихоос өөр зам үгүй билээ.

ЗОДУУЛАХАД ЯМАР АЙМАР ӨВДДӨГ ГЭЭЧ

Бидэнд амьдралаа дэлгэж, сэтгэлээ уудалсан хоёр дахь эмэгтэй мөн л гурван хүүхэдтэй. 40 орчим насны тэрбээр сөөнгө хоолойгоор “Үүдэнд тамхи татчихаад оръё” гэв. “...Би ажил хийхээр 2001 онд хөдөөнөөс хотод ирж, барилга дээр ажиллах болсон. Тэр үед нөхөртэйгээ танилцсан. Гэр бүл болоод удаагүй байтал хадмууд надаас үргэлж өө хайн, үгээрээ дарамтлах болсон. Сүүлдээ нөхөр болон тэдний талын хамаатнууд архи уух бүртээ манай гэрт орж ирэн сандал, ширээ хүртэл над руу шиддэг болсон. Тэр битгий хэл нөхрийн хүргэн ах нь намайг хүчирхийлсэн. Бас нөхрийн ах, дүүгийн өсвөр насны хөвгүүд нь ч намайг зоддог боллоо. Тэгээд л би хүний гарт алуулснаас яаж ийгээд холдъё гээд хүүхдүүдээ аваад зугтсан юм. Зодуулахад ямар аймар өвддөг гээч” хэмээн нулимс дуслуулан ярилаа.

 Гэвч хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэг холдож, хичээлд нь явуулж чадахгүй байгаа аж. Нөхрийнх нь талын хамаатнууд түүнийг зодож дарамтлахаас гадна хүүхдүүдийг нь хүртэл ад үздэг байж. Том хүү нь ээжийгээ дагаж ирсэн учир хамгийн ихээр гадуурхагдана. Нялх байхаасаа аав ээжийгээ алдаж, авга эгчийндээ үрчлүүлэн мал дээр өссөн бүсгүйн амьдрал анхнаасаа л бартаа саад ихтэй байж. Өнчин үлдсэн түүнийг сургуульд сургаагүй тул одоо ч бичиг үсэг мэдэхгүй. Анхны нөхөр нь зуурдаар нас барж, балчир хүүгээ хөтөлсөөр хот газар бараадсан тэрбээр энэ нөхөртэйгээ анх учрахдаа “Одоо л нэг хүн шиг амьдаръя” хэмээн бодож байжээ.

Гэвч гэгээн сайхнаар төсөөлсөн амьдрал нь бүхэлдээ түнэр харанхуйгаас ч хар байх юм гэж мэдсэнгүй хэмээхдээ эхэр татан уйлсаар байлаа. Хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдэг. Аав нь ээжийг нь зодох бүрт айж хургадаг байсан хүү заримдаа ээжийгээ буруутгах болжээ. “Би хэний хүүхэд юм, намайг яах гэж төрүүлж байгаа юм гэж намайг буруутгаж, энгэрээс заамдсан тохиолдол ч бий. Ангийнхаа хүүхдүүдтэй муудалцахаараа ширээ цохиод босоод ирдэг гэж багш нь хэлсэн” гээд тэрбээр уртаар санаа алдав. Дөрөвдүгээр ангийн сурагч эл хүү нь өмссөн хувцаснаасаа эхлээд үеийнхэндээ шоолуулах үе зөндөө гэнэ. Гэртээ хоолгүйгээс гэдэс нь байнга хонхолзож, улсаас өгдөг үдийн хоолноос жаахан нэмээд идье гэхээр бас л хүүхдүүд өлөн зэлмүүн, өлсгөлөн гуйлгачин гэж шоолдог аж. Үүнээс болж хүү хичээлдээ дургүй болж, PC тоглоомд донтож эхэлжээ. “...Би хоёр удаа мэс засалд орсон. Намайг мэс засалд ороод, эмнэлэгт хэвтсэн хойгуур хүүхдүүд хоолгүй хоносон юм билээ. Өлссөнөөсөө болоод том хүү маань хоёр ч удаа дэлгүүрээс юм хулгайлсан байсан. Уг нь хүүхдүүдэд харж хандах эцэг, эх байх ёстой.

Гэтэл нөхөр өөрөө ажил хийхгүй, намайг ч хардаад хийлгэхгүй. Хичээлийн шинэ жилээр хүүхдэдээ ганц хоёр хувцас авъя гэсэн 200 мянган төгрөгөө архи ууж зодоон хийсэн нөхрийгөө эрүүлжүүлэхээс гаргаж, зодуулсан талд хохирлыг нь төлж байхдаа би хүүхдүүдээ маш их өрөвдсөн...” гээд хоолой нь дахин зангирав. Харин одоо сэтгэлийг нь зовоосон том хүүгийнх нь зан байдал дээрдэж байгаа аж. “Гэрээсээ явснаас хойш хүү минь надтай тайван ярьж, дүү нараа харж өгдөг болсон” гээд инээмсэглэх нь сайхан амьдрах найдвараа нэг мөр алдаагүйн илрэл болов уу гэмээр. Тэрбээр хамгаалах байранд өөртэй нь ижил зовлонтой нэгэн настай эмэгтэйтэй нийлж гоёл чимэглэл, ээмэг зүүлт урлаж, зарах болжээ. Олсон мөнгөөрөө хүүхдүүддээ амттан, хичээлийн хэрэглэл, хувцас авч өгдөг аж. “Гэр бүлээ цуцлуулсны дараа ХЭҮТ-өөс надад гэр, газар олгоно гэсэн. Би хүүхдүүдийнхээ сургуулийг сольж, өөрөө ажил хийгээд амар тайван амьдарна” гээд тэрбээр яриагаа дуусгалаа. Ердөө хоёрхон бүсгүйн амьдралыг сонсоход л дааж давшгүй их зовлон цээжинд хуралдаж, сэтгэл өвдөнө. Эр нөхөртөө зодуулж, дарамтлуулж, хадмууддаа ад үзэгдэж, хэн ч биш мэт амьдарч буй хэдэн мянган эмэгтэй энэ нийгэмд чимээгүйхэн зовж байгаа бол. Үхтэл үр харам хэмээн санаж, тэднийхээ төлөө өөрийгөө золиослож, дуслах нулимсаа чимээгүй арчиж, дуугарах амаа гараараа таглаж байгаа бүсгүйчүүдэд итгэлийн гэрэл хэрэгтэй байна. Ийн бодсоор бид Түр хамгаалах байрнаас гарах үед жихүүн салхитай ч, үдийн наран ээж байсан юм. Очиход хялмаалж байсан шинэхэн цас бударсаар гишгэсэн мөрийг хэдийнэ арилгажээ. Харин дотор үлдсэн хүүхэд эмэгтэйчүүдийн даарсан сэтгэлийг хэн дулаацуулж, зовлон шаналлыг нь яаж арилгана даа гэсэн бодол эрхгүй төрлөө.

ТЭД ЮУ ХЭЛЭВ

Г.Оюунболд: Хүчирхийлэлтэй холбоотой онц хүнд гэмт хэргийн гаралт 2.5 дахин ихэссэн

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэг­ жилтийн талаар прокурор Г.Оюунболдтой ярилцлаа. Тэрбээр энэхүү хуулийг боловс­ руулах Ажлын хэсгийн бүрэл­ дэхүүнд багтаж байсан юм.

-Шинээр батлаад удаагүй байгаа Гэр бүлийн хүчир- хийллийн эсрэг хууль үүргээ хэр гүйцэтгэж байна гэж үздэг вэ?
-Хэрэгжилт боломжийн гэж үзэж болох ч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаа- лах, хүчирхийлэл үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтууд бүрэн хэрэгжихгүй байна. Яагаад гэвэл энэ онд Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Гэхдээ хуульд заасан журмуудыг хэрэглэхгүй байх тохиолдол гарч байна. Энэ нь хуулийн хэрэгжих хугацаа давчуу байсан, зарим журмуудыг хэрэглэх талаар сургалт явуулж чадаагүй зэрэг олон шалтгаантай. Нөгөө талаар хууль хэрэгжүүлэх анхан шатны хэлбэр болох хамтарсан багийн үйл ажиллагаа орон нутагт бүрэн төлөвшиж амжаагүй, наад зах нь нийгмийн ажилтны орон тоо байхгүй, хуулийг хэрэгжүүлэх санхүүжилт төсөвлөгдөөгүй зэрэг бодит нөхцөлүүд ч нөлөөлж байгаа.

-Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийг хуулийн дагуу таслан зогсоох, урьдчилан сэргийлж бүрэн чадахгүй байна гэсэн үг үү?
-Шалгаж, шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээ зэргийг хавсаргасан байх ёсгүй. Гэвч энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчийн аюулгүй байдлыг хангах хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Мөрдөгч нарын ур чадварын тухайд хавтаст хэрэг бүрдүүлэх хуучин соёл нь хэвээрээ. Ядаж л хохирогчтой харьцах хэвшмэл хандлага нь өөрчлөгдөхгүй байгаа. Тухайлбал, хохирогчийг олон хүний дунд байцаах, буруутгаж харьцах зэрэг арга барилууд хэвээр байгаа нь гол бэрхшээл юм. Сургалт, сургалт дахин сургалт л гэмээр байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль маань өөрөө анхдагч болон хоёрдогч шатны урдьчилан сэргийлэх чиг үүрэгтэй. Гэтэл энэ чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байгаагаас хууль сахиулах байгууллага шууд гэмт хэрэг, зөрчил гэж үзэн шалгах тал руугаа хэлбийгээд байна уу даа гэж үздэг.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хуулийн дагуу төрөөс хэрхэн хамгаалж байгаа вэ?
-Хууль маань өөрөө энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт долдугаар сараас эхэлсэн. Тиймээс хууль хэрэгжүүлэх санхүүжилт энэ онд төсөвлөгдөөгүй. Үүнээс шалтгаалж хамгаалах байр нэмэгдээгүй, албадан сургалтуудын зарим нь хэрэгжих боломжгүйд хүрэх, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх боломжгүй нөхцөлүүд тулгарсан. Хэдий ийм ч олон улсын төрөлжсөн байгуул- лага, төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик үзүүлэлтээс харвал Хүнийг санаатай алах гэмт хэрэг өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 130 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 5.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой онц хүнд гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин ихэссэн нь анхаарал татаж байна. Нэг аймаг, дүүрэгт нэг жилд 1-2 удаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хүн амины хэрэг гарч байна. Энэ нь урьд байсан нөхцөл хэвээр гэдгийг харуулж байна. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хохи-рогчийг хамгаалах заалт бий. Энэ нь төрийн чиг үүрэг. Харин төрийн бус байгууллага хамгаалах, яллах чиг үүргийг гүйцэтгэж болохгүй л дээ. Харин хохирогчийг хамгаалах хуулийн заалтууд хэрэгжиж байна уу гэдэг нь өөрөө асуудал юм. Хуульд заасан боломжит заалтуудыг хэрэглэх талаар хууль сахиу- лагч, прокурор, шүүгчид мэдрэмжтэй, санаачилгатай хандах шаардлагатай юу гэвэл тийм гэж хэлнэ.

-Хүчирхийлэгчийг шийтгэхийн тулд хуулийн байгууллагын зүгээс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багаас нөхцөл байдлын үнэлгээ авчир гэж шаарддаг. Гэтэл хүчирхийлэгч хэрэгтэйгээ танилцаж байна гэсэн нэрээр хэн ямар мэдүүлэг өгснийг бүгдийг хардаг тул хүмүүс мэдүүлэг өгөхөөс айдаг, үнэн бодитоор хэлж чаддаггүй тал бий. Ийм зохицуулалттай тохиолдолд хүчирхийлэгчид бодит шийтгэл оноож чадах уу?
-Ер нь хохирогчийн аюул- гүй байдалд хамаарах баримт сэлтийг яллагдагч, шүүгдэгчид танилцуулах шаардлагагүй. Хуульд ч энэ талаар тодорхой заалтууд бий. Явж явж хуулийн хэрэгжилт маань хууль хэрэг- жүүлдэг хүнээсээ хамаараад байна.


Н.Арвинтариа: Амьд үлдье л гэж бодож байгаа бол гэрлэлтээ цуцлуулахаас өөр гарц байхгүй

Хүчирхийллийн эсрэг үндэс­ ний төвийн хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариагаас гэр бүлийн хүчирхийлэл давтагдахаас хэрхэн сэргийлэх талаар тодрууллаа.

-Танайх хохирогчдод бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг бараг цорын ганц иргэний нийгмийн байгууллага. Өдөрт хэр олон хүн ханддаг вэ?
-Одоогоор өдөр тутам 4-7 үйлчлүүлэгч ирж биечлэн зөвлөгөө авдаг. 1995 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 20772 хүнд хууль зүйн, сэтгэл зүйн болон итгэлтэй утасны, хамгаалах байрны гээд шууд үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээр хүний 23.5 хувийг түр хамгаалах байраар хангаж, 14.5 хувьд нь нийгэм болон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60 хувь нь ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж байгаа ч уг гэмт хэрэг багасахгүй байна. Ер нь давтан үйлдэхээс сэргийлэхийн тулд яах вэ?
-Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэхэд анхан шатны нэгжид ажиллаж буй хамтарсан багийн үүрэг оролцоо чухал гэдгийг шинэ хуульд тусгаж өгсөн. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, давтагдахаас сэргийлэхэд хамтарсан багийн чадавхыг сайжруулах нь хамгийн чухал байна. Нийгмийн ажилтнуудын хүрэлцээ, хохирогчтой ганцаарчилж уулздаг өрөө нээх, багийн хангамжийг сайжруулах зэрэгт анхаарч байж хүн төвтэй тогтолцооны өөрчлөлт хийнэ. Өнөөдөр 20 гаруй мянган хүн амтай хороонд нэг цагдаа, нэг нийгмийн ажилтан хүчирхийл- лээс сэргийлж чадахгүй шүү дээ.

-Хамгаалах байрнаас гараад эргээд очиход дахиад л хүчирхийлэл угтдаг. Хүчир- хийлэгчийн зан төлөвийг засах боломж бий юу?
-Бид хүчирхийлэл үйлдэгчийн зан төлөвийг засах сургалт туршилтын журмаар явуулсан. Хамрагдсан хүмүүс нь өөрийгөө ойлгож, хохирогчийн оронд өөрийгөө тавьж, хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэдний зан төлөвийг засах бол маш урт хугацааны ажил. Бусад орны жишээнээс харахад албадан сургалтын үр дүн тийм ч сайн биш.

-Архины гүн хамааралтай болсон нөхрийнхөө хүчирхийллээс ангижрах эцсийн арга юу вэ. Гэрлэлтээ цуцлуулах нь аюулгүй, зөв зам мөн үү?
-Өөрийнх нь сонголт шүү дээ. Ихэнх хохирогч гэрлэлтээ цуцлуулахыг сонгодог. Харамсалтай нь, хүүхдүүд өнчирч хоцордог. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллээс амьд үлдье л гэж бодож байгаа бол гэрлэлтээ цуцлуулахаас өөр гарц өнөөдөр харагдахгүй байна. Яагаад гэвэл, хүчирхийлэл үйлдэгч олон жил илэрсэн зан төлөвийг засна гэдэг амар биш. Баривчилж, хоригдож ял эдэлдэг ч эргээд өс санах, гэр бүлээ дарамтлах гээд гэр бүлийн хүчирхийлэл тасралтгүй үргэлжилдэг. Хэрэв зан төлөвийг засаж чадвал тухайн гэр бүл цаашаа явчихна шүү дээ. Засаж чадахгүй бол салахаас өөр арга байхгүй.

-Эмэгтэй хүн эдийн засгийн хувьд бие даах нь хүчирхийллээс өөрийгөө ангижруулах үр дүнтэй арга мөн үү?
-Манайд хандсан эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулж байж л бие даалгадаг. Хохирогчид хүчирхийллээс хурдан салахын тулд эд хөрөнгө бүү хэл хүүхдийн тэтгэмжээс ч татгалздаг. Ингэснээр шууд ядуучуудын эгнээнд ордог эрсдэлтэй. Тиймээс хөдөлмөр эрхлэх, мэргэжилтэй болоход нь дэмжлэг үзүүлэх маш чухал. Манайх хамгаалах байрандаа байрласан хүмүүсийг бизнес инкубатор төвөөр дамжуулж ажил, орлоготой болоход нь холбон зуучилдаг. Одоо шинэ хуулиар хамтарсан баг хохирогчдыг халамжид хамрагдах, сурах, ажил эрхлэхэд нь дэмжих, зуучлах үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй болсон.

-Танайх хаанаас санхүүждэг вэ?
-Төсөл бичиж, олон улсын байгууллагад хандах зэргээр өөрөө өөрсдийгөө санхүүжүүлдэг. Харин хамгаалах байрны үйлчилгээнийхээ санхүүжилтийг халамжийн хуулийн дагуу нэг хүний ор хоногийн 19 мянган төгрөгийн төлбөрөөр тооцож төрөөс авдаг.

-Түр хамгаалах байрны хүрэлцээ ер нь хэр вэ?
-Манайхаас өөр хамгаалах байраар хангадаг ТББ байхгүй. Харин улсад бол шүүх болон гэмтлийн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв гээд гурван газар хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг 72 цагийн хугацаатай байрлуулдаг. Мөн Зайсанд нэг байр бий. Манайх уг нь орон нутагт салбартай байсан ч санхүүжилтгүйн улмаас ихэнх нь хаагдсан. Одоо Улаанбаатар, Төв аймагт л түр хамгаалах байр бий.








САНАЛ БОЛГОХ