Чөлөөт худалдааны хэлэлцээр олныг байгуулах нь эдийн засагт эрсдэлтэй

Мэдээ


Гадаад худалдааны салбарт баримтлах урт хугацааны бодлого алга

Монголын экспортлогчдын холбооны тэргүүн, гадаад худалдааны бодлого судлалын профессор, доктор Д.Галсандоржтой ярилцлаа.

-Япон улстай байгуулсан чөлөөт худалдааны гэрээ хоёр орны худалдааг хэд дахин нэмэгдүүлнэ, шууд хөрөнгө оруулалт өснө гэдэгт олон хүн эргэлзэж эхэллээ. Та үүний учир шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ?
-2016 оныг 2010 онтой харьцуулахад Монгол Улсын нийт экспортын худалдаа хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэж, 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ оны эхний 11 сарын байдлаар экспортын 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, эзэлж байна. Үлдсэн нь уул уурхайн бус экспорт. Монголын гадаад худалдааны тэнцэл томоохон түнш орнууд, тухайлбал, ОХУ, Япон, АНУ болон БНСУ-тай хийж буй худалдаанаас нэг тэрбум хүртэлх ам.долларын алдагдал хүлээж байна. Япон улс манай худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон түнш орон. Монгол Улсыг зах зээлд шилжихэд ихээхэн тусламж дэмжлэг үзүүлсэн. Монгол-Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийн олон салбарыг хамран дээд түвшинд хүрснийг харуулдаг.

Гэхдээ энэ оны статистик мэдээнээс харахад, манай улсаас Японд нийлүүлэх экспортын барааны хэмжээ 14 орчим сая ам.доллар байгаа бөгөөд экспортын нэр төрөл төдийлэн нэмэгдэж чадсангүй. Японтой хийж байгаа манай улсын худалдааны алдагдал өсөж, 320 сая ам.долларт хүрээд байна. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, энэ төрлийн өргөн хүрээг хамарсан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад хамгийн багадаа 5-10 жил зарцуулдаг.

-Японтой хийж буй худалдааг тэнцвэржүүлэхэд юунд түлхүү анхаарах ёстой вэ?
-Манай төрийн болон төрийн бус байгууллагууд Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаагүй тал бий. Үндэсний үйлдвэрлэгч болон экспортлогчид Японы зах зээлд гарах давуу талыг ашиглахад бэлэн үү, экспортын барааны нөөц боломж хэр их байна гэдгийг сайтар харгалзаж үзэх ёстой байсан. Цаашид үйлдвэрлэл нэмэгдэх дунд хугацааны нөхцөл байдлыг нухацтай тооцоогүй нь харагдаж байна. Японы шууд хөрөнгө оруулалтыг манай экспортын өндөр чадавхитай салбар, төслүүдэд оруулах гэрээ хэлэлцэл хийж амжаагүй л байгаа. Иймээс барааны худалдаанаас гадна банк санхүү, хөрөнгө оруулалт, ажиллах хүч, боловсон хүчин бэлтгэх зэрэг салбарын хамтын ажиллагааны үр дүнгээс дунд болон урт хугацаанд өгөөж хүлээх хэрэгтэй болоод байна.

-БНСУ, БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлцэл байгуулах асуудал яригдаад эхэллээ. Манай улс энэ том үйлдвэрлэгч орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээ хийхдээ юунд анхаарах ёстой вэ?
-Монгол Улсаас Өмнөд Солонгост нийлүүлж байгаа экспортын хэмжээ 10.7 сая ам.доллартай тэнцэж байхад тус орноос Монголыг чиглэсэн импорт 179 сая ам.доллар байна. Манай хоёр орны худалдааны өнөөгийн байдал, цаашдын төсөөллөөр экспорт өсөх магадлал бага байхад Өмнөд Солонгостой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх нь Монгол Улсын хувьд ихээхэн алдагдалтай алхам. Ядахдаа Японтой байгуулсан хэлэлцээрийн 2-3 жилийн үр дүнг харах, бэлтгэлээ сайтар хангах нь чухал. Өөрөөр хэлбэл, экспортод гарах бараагаа бий болгох, экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсон хүчин болон худалдаанд оролцогчдын чадавхыг сайжруулах зэрэг тулгамдсан асуудал цөөнгүй. Нөгөөтэйгүүр, уул уурхайн түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг Өмнөд Солонгост гаргахаар тооцоолж байгаа нь үндэслэл багатай. Монгол-Хятадын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар ТЭЗҮ хэдэн жилийн өмнө хийсэн. Тухайн үед Монголын хувьд эдийн засгийн өгөөж багатай гэсэн дүгнэлт гарсан. Манай хүнс болон хөнгөн үйлдвэрлэл ихээхэн эрсдэлд орох болгоомжлол байгаа.

• Японтой хийж байгаа манай улсын худалдааны алдагдал өсөж, 320 сая ам.долларт хүрээд байна.

• Монгол-Хятадын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хэдэн жилийн өмнө ТЭЗҮ хийгдсэн.

• Мах, сүүн бүтээгдэхүүн, чацарганы үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар уул уурхайн бус экспортын эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмж болно.

-Монголд гадаад худалдааг зохицуулсан урт хугацааны бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?
-Монгол Улс төрөөс гадаад худалдааны салбарт баримтлах урт хугацааны цогц бодлогогүй НҮБ-ын болон Дэлхийн худалдааны байгууллагын цорын ганц гишүүн орон. Гадаад худалдааны бие даасан хууль, төрөөс гадаад худалдааны салбарт баримтлах урт хугацааны бодлого батлагдаагүй байна. Гадаад харилцааны яам Монголын экспортыг дэмжих хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газарт оруулж батлуулахаар ажиллаж эхэлсэн. Уул уурхай, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарууд тус тусдаа худалдааны бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол Улсад шинээр худалдааны зохицуулалтын тухай хууль гаргах гэж хөөцөөлдөхийн оронд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, дэмпингийн асуудлыг зохицуулсан заалт, зохицуулалтыг одоо мөрдөж байгаа Өрсөлдөөний тухай хууль, Аж ахуйн нэгжийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь оновчтой.

-Хөдөө аж ахуйн бирж үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж шүүмжлэх болсон. Үүнтэй санал нийлэх үү. Уг нь гадаад худалдаа, уул уурхайн бус экспорт хөгжихөд түлхэц өгөх байгууллага шүү дээ.
-Тус бирж экспортын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үнэн. Биржээр дамжуулан дотоодын ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрүүд түүхий эд авдаггүй гэж байсан. Хөдөө аж ахуйн бирж дэд бүтэц бий болгоогүй, стандартын агуулах, шинжилгээний лаборатори, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ бүрдүүлээгүй байна. Биржийн зарчмаар бус компанийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд экспорт болон үйлдвэрлэлийг дэмжсэн үйлчилгээ алга. Хөдөө аж ахуйн бирж өнөөдөр экспортын үйлдвэрүүдээс хураамж авдаг байгууллага болж хувирсан төдийгүй үндэсний үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангах гэсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Экспортын худалдаанд оролцогч төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал.

-Гадаад худалдааны нэгдсэн цогц бодлого гэж байхгүй. Ийм нөхцөлд гадаад худалдаанд оролцогч салбар хоорондын уялдаа холбоог хэрхэн хангах вэ?
-Манай худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын бодлого, тэдгээрийн хэрэгжилт хоорондоо уялдахгүй явж ирлээ. Мөн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх экспорт, тээвэр ложистикийн нэгдсэн цогц бодлого алга. Ийм нөхцөлд уялдаа холбоог хангана гэж ярих нь бэрхшээлтэй. Эдгээрийн уялдаа холбоог сайжруулах замаар гадаад худалдаагаа илүү үр ашигтай түвшинд хүргэх боломжтой. Манайх БНХАУ болон ОХУ руу 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мах, махан бүтээгдэхүүн, 30.2 сая ам.долларын арьс шир, нэхий эдлэл экспортолж байна. Зах зээлийн үнийн савалгаа харьцангуй багатай. Экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогдох байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж, экспортын орлогыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх нөөц, боломж Монголд байгаа. Тухайлбал, мах, сүүн бүтээгдэхүүн, чацарганы үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар уул уурхайн бус экспортын эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмж болно.






САНАЛ БОЛГОХ