Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх буудлыг Японтой хамтарч удирдана
Мэдээ
Дунд хугацаанд 30 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьсан
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Халуун сэдвээс яриагаа эхэлье. Гашуунсухайт боомт руу нүүрс тээвэрлэдэг автомашинуудын цуваа буурсан гэх мэдээллийг өгч байна. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Цувааг багасгахад чиглэсэн Ажлын хэсэг байгуулагдаад 20 гаруй хонож байна. Нэг хэсэг 120 км хүрээд байсан цуваа одоогийн байдлаар 40 км болж буурсан. Уг нь бараа бүтээгдэхүүнийг ямар хэрэгсэл, стандартаар хэдий хугацаанд, хэр зэрэг хэмжээтэй тээвэрлэх вэ, эргэлтийн давтамж хэд байх вэ гэх мэт эдийн засгийн тооцоо хийсний үндсэн дээр тээвэрлэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ бүх ажлыг төр хариуцах ёстой гэсэн хандлагаар явсаар нөхцөл байдлыг ийм болтол нь хүндрүүллээ.
Бид газар дээр нь ажиллахдаа тээвэрлэлт хийлгэж байгаа компаниуд жолооч нарт хэдэн төгрөгийн цалин өгдөг, нийгмийн даатгалыг нь төлж байгаа эсэх, амрах бололцоог нь хэр хангаж байгаа зэрийг нь анхаарлаа. Нөгөө талаар, нүүрс ачуулж байгаа компаниудын хариуцлагыг ч мөн хөндлөө. 100 гаруй км үргэлжилж байгаа цувааг тодорхой хэмжээнд барьж, жолооч нарын эргэлтийг зохицуулах гарц эрэлхийлсэн. Өөрөөр хэлбэл, ачилтыг нь тодорхой хугацаанд зогсоосон. Тэгж байж ачааллыг буурууллаа. Цаашид компаниуд ачилтын горимоо нарийн баримтлах хэрэгтэй байна.
-Тэгэхээр боомтын нэвтрүүлэх чадвартай уялдуулж зохицуулалт хийсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Боомтоор нэвтрэх машины бололцоонд тулгуурлаж өдөрт хэдэн машин, хэчнээн тонн нүүрс тээвэрлэх вэ гэдэгт нь уялдаагүй байснаас л дээрх байдал үүссэн. -Цагаанхадаар дамжсан шинэ маршрутаар нүүрс тээвэрлэх тухай яригдаж байсан. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ. Өмнөх маршрутаас эдийн засгийн үр ашиг нь хэр зэрэг илүү вэ? -Өмнө нь Засгийн газрын шийдвэрээр зогсоосон байсан. Гэвч орон нутгийн удирдлага болон жолооч нарын хүсэлтийг харгалзан Цагаанхад дээр ачилт, буулгалтын боомт ажиллуулах шийдвэр гаргасан. Гол нь богино эргэлтийг нь хурдасгаж, урт эргэлтийг нь Цагаан хад уурхай хооронд хийх шийдвэр гарсан.
-Энэ шийдвэрийг нүүрсний компаниуд хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Өөрсдийнх нь хүссэн шийдвэр шүү дээ. Биднийг очиход үүнээс өөр бодит шийдэл байхгүй гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх.
-Гэхдээ ачилтыг зогсоосонд шүүмжлэлтэй хандаж байсан?
-Ачилт зогсоох шаардлага үнэхээр байна. Аливаа ачаа тээвэр тооцоотой байх ёстой гэж өмнө хэлсэн. Анхнаасаа энэ тооцоогоо бариагүй л явсан. Нүүрс олборлогчид төдий хэмжээний нүүрс ачсан гэх том тоо төв рүү өгдөг. Гэтэл хил дээр тэр нь гарахгүй гацаа үүсдэг. Өөрөөр хэлбэл, хоорондын уялдаа холбоо сул байна.
-Гашуунсухайт гэлтгүй нийслэлийн авто замын ачааллыг бууруулахад та бүхэн юу хийх вэ?
-2050 он хүртэл нийслэл хотын авто замын сүлжээ ямар байх тухай дүгнэлт япончуудтай хамтарч гаргасан байдаг. Дүгнэлтээр хэд хэдэн авто замын уулзварыг засаж, өргөтгөхөөр болсон. Энэ дагуу сүүлийн 2-3 жил уулзваруудаа идэвхтэй засварлалаа. Үүнээс гадна ирэх жилүүдэд баруун болон зүүн дөрвөн зам, Саппорогийн уулзвар гэх мэт хэд хэдэн уулзварыг гүүрэн гарц, давхар замтай болгоно. Гэхдээ энэ бүхний санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх шаардлага бий.
-Энэ жил ачаа тээврийн эргэлт нэмэгдсэн. Нүүрсний экспортоос гадна төмөр замын ачаа тээврийн орлого өссөн. Эх үүсвэр нь юу вэ?
-Дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хоёр хөрштэйгээ нэлээд ярилцлаа. “Нэг бүс, нэг зам”, “Талын зам” гэх мэт бүс нутгийн санаачилга, бодлогод нэгдэж буй тул ачаа тээврийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх тал дээр санаачилгатай ажиллаж байна. Хоёр хөршийн ачаа эргэлт 200-гаад тэрбум ам.доллараар хэмжигддэг. Үүний далайгаар явж байгаа хэсгээс тодорхой хэсгийг өөрийн нутаг дэвсгэртээ татах ажил идэвхтэй хийж байгаагийн эхний үр дүн болов уу. Ер нь дунд хугацаандаа 30 сая тонн ачаа тээвэр хийх зорилт тавьсан.
-Энэ жил эхлүүлсэн газрын тосны транзит тээвэр энэхүү ажлын эхлэл үү?
-ОХУ-аас урагш чиглэлтэй тээвэр зонхилж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийг эх нутагтаа татахын тулд ОХУ-тай сайтар ярилцах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, тээвэрлэлтээ ахиулна гэж байгаа бол төмөр замын босоо тэнхлэгийн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгж байж урдуур эсвэл Владивостокоор дамжиж байгаа тээврийн урсгалыг өөр дээрээ татна.
-Эдийн засгийн коридортой холбоотойгоор Aspire Mining Noble групптэй хамтран хэрэгжүүлэх төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ажлын явц ямархуу байна вэ?
-Монгол Улсын төмөр замын гол шугам болох Овоотоос Эрдэнэт чиглэлийн замыг Хөвсгөл хүртэл сунгах төслийг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр Aspire Mining-д өгсөн. Нөгөөтэйгүүр, Овоотоос цаашаа Арц суурь чиглэлийн зам Кызыл рүү татах бололцоо харагдаж байгаа юм. Кызылын том нүүрсний орд ашиглалтад орчихсон байгаа. ОХУ төмөр замын гол магистрал шугамтайгаа Кызылыг холбох шийдвэр гаргасан. Энэ нүүрсний ордын хамгийн ойрын зах зээл Хятад гэж тооцвол манай Арц суурь-Овоот чиглэлийн төмөр зам тэдний хувьд зах зээлд гарах боломж юм.
-Манай нүүрсний компаниудын өрсөлдөгч биш үү?
-Нэг талаас харвал өрсөлдөгч. Нөгөө талаар, Оросын нүүрс үнийн хувьд манайхтай өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг. Үүнийг дагаад бидний нүүрсний экспорт нэмэгдэх хандлага байгаа. Мэдээж ОХУ бол дамжин өнгөрөх тээврийн шугамдаа энэ бүхнийг тооцоолсон.
-“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Өмнөд хөрштэй хамтарсан төслүүд тээврийн салбарт хэрэгжих болов уу?
-Саяхан Москвад болсон тээврийн долоо хоногийн арга хэмжээнд оролцлоо. Тэнд өмнөд хөршийн төлөөлөгчид ч мөн ирсэн. Энэ арга хэмжээ Зүүн өмнөд Азийн бүс нутгийн тээвэрт ихээхэн төвлөрсөн. Тиймээс Монгол Улс Ази тивийн томоохон орон зайг эзэлж байгаагийн хувьд Зүүн өмнөд Ази руу чиглэх тээврийн урсгалыг нутаг дэвсгэртээ татахад санаачилгатай ажиллах хэрэгтэй байгаа юм. Манай нутаг дэвсгэрээр дамжих ёстой гэдэгт хүссэн, хүсээгүй өөрсдөө анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл, аль аль талд нь сонирхол байна. Хамгийн гол нь хоёр хөрштэй бодлогын түвшинд харьцах ёстой юм. Цаана нь “Торгоны замын сан” гэх мэт банк, санхүүгийн байгууллагууд ч хамтарч ажиллах бололцоог нээгээд өгсөн гээд уур амьсгал зөв чиглэлд өрнөж байна.
-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд хэдхэн хоногийн өмнө туршилтын нислэг үйлдсэн. Буудал хэзээ ашиглалтад орох вэ?
-2018 ондоо багтаж оруулна. Ерөнхийдөө нисэх буудлаа хүлээгээд авчихсан. Гэхдээ хийх ажил багагүй байна. Японтой хамтарсан менежментийн баг бий болгох Засгийн газрын шийдвэр гарсан.
-Ашиглалтад орчихвол тийзний үнэ буурах уу?
Ер нь аялал жуулчлалын салбарыг дэмжихэд шинэ нисэх буудлын хувь нэмэр хэр их вэ?
-Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор төрөл бүрийн төлбөр багахан хэмжээгээр нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, буудал маань олон улсын түвшинд буюу нэлээд өндөр зэрэглэлд ажиллах шаардлагатай. Тиймээс бид бодлогоо либералчлах төлөвлөгөөтэй байгаа. Тийзний үнийг хямдруулахын тулд зорчигч тээврийн урсгалаа нэмэгдүүлэх, агаарын замаа өргөжүүлэх, нислэгийн цэг, тоог олшруулах гэх мэт дүр зургийг томоор харж байж Монголыг зорьсон жуулчдад нээлттэй болно. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд хувийн компаниудтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай болж байгаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй