11945
Хоолны чанар муугаас хүүхдийн өсөлт саарч байна
Мэдээ
Хүүхдийн өсөлт 15 наснаас хойш удааширдаг болжээ
Сургуулийн насны хүүхдүүдийн 13 хувь нь жингийн илүүдэлтэй гэсэн судалгааг НЭМҮТ-өөс гаргажээ. Мөн өсөлтийн хоцрогдолтой буюу намхан хүүхдийн тоо ч нэмэгдэж буй. Үүний гол шалтгаан нь хүүхдүүд өдөр тутмын хоолноосоо хангалттай тэжээл авч чадахгүй байгаагийн илрэл гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээрээ өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг. Гэвч сургууль, цэцэрлэгийн хоолны шим тэжээл, агуулагдаж буй амин дэм хангалтгүй байгаа нь хоол тэжээлийн дутагдалд хүргэж байгаа гол шалтгаан аж. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл гарсан нийт хоолны хордлогын 40.7 хувь нь сургууль, цэцэрлэгийн орчинд гарсан байдаг. Эндээс сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдэд өгч буй хоол хүнсний чанар, аюулгүй байдлын асуудал бүрэн хангагдаагүй гэдэг нь харагдаж байна. Мөн хамгийн сүүлд буюу 2010 онд ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар охид, хөвгүүд есөн насандаа жилд жин нэмэлт хамгийн бага буюу 1.8 кг, дээд тал нь 14 насанд 5.3 кг гэж гарсан байна. Харин өндрийн хувьд охид 15-16 насанд 1.1 см, 11-12 насанд 6.1 см өссөн бол хөвүүд 9-11 насанд 4.2 см, хамгийн их өсөлт 14-15 насанд 7.5 см байна. Эндээс харахад 15 нас хүртлээ хүүхэд эрчимтэй өсдөг бол үүнээс хойш өсөлт удааширч, хэвийн хэмжээнд тогтдог аж. Харин эмч нарын хэлж буйгаар стандартад тухайн бүтээгдэхүүнд агуулагдах натрийн хэмжээг 200 граммаас ихгүй гэж тогтоосноор давсны хэмжээг багасгадаг.
Хоолны хордлогын 40.7 хувь нь сургууль, цэцэрлэгийн орчинд гарчээ
Гэтэл өнөөдөр уг стандартыг баримталдаг хүн тун ховор. Иймээс өдгөө 21 нас хүртлээ өсөлт нь хэвийн үргэлжлэх ёстой хүүхдийн хэрэглэж буй хоол хүнс амин дэм, эрдэс бодисоор баялаг байж чадахгүй байна. Энэ талаар НЭМҮТ-ийн Өсвөр үеийн хоол тэжээл, эрүүл мэнд хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар “Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнүүд чихэр, давс ихтэй байгаа нь судалгаагаар батлагдсан. Үүнээс болоод хүүхдүүд жингийн илүүдэл болон дутагдалд орж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж байгаа дохио юм. Тэгэхээр хүүхдийг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэхийн тулд сургууль, цэцэрлэгийн орчинд эрүүл хоол хүнс бэлтгэх болон худалдаалах орчныг бүрдүүлэх шаардлагатай болоод байна” гэв. Мөн тэрбээр жингийн дутагдлаас гадна илүүдэл жинтэй болсноор
хүүхэд амин дэм, эрдэс бодисын дутагдалд орж буйг онцолсон юм. Энэ нь хэвийн үзэгдэл биш.
Харин хоол тэжээлийн дутагдалд орж буйн илрэл аж. Учир нь дэлхий дахинд таргалалтыг хоол тэжээлийн дутагдлын нэг үзүүлэлт гэж үздэг болсон байна. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10 хувиас хэтэрвэл хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд ордог байна. Хоол тэжээлийн дутагдал нь хүүхэд 18 нас хүрсэн буюу нас бие гүйцсэн хойно нь тод илэрдэг аж. Тухайлбал, цэрэг татлагын үзлэгт хамрагдсан залуусын 40 хувь нь жин болон өндрийн стандартаа хангадаггүй байна. Жингийн илүүдэлтэй болон дутагдалтай хүүхдийг хамтад нь цусны шинжилгээнд хамруулж үзвэл нөөц амин дэм, эрдэс бодисын дутагдал адил хэмжээнд гардаг аж. Эндээс харахад хүүхдүүдэд амьдралын зөв хэвшил, хоол сонголтын талаарх мэдлэг хомс гэдгийг баталж болно. Уг нь ЭМЯ-наас хүүхдийн хоногт авах хоол тэжээлийн илчлэгийн хэмжээг 1-3 насанд 980-1060, 4-6 насанд 1330-1470 ккал гэж тогтоосон юм билээ. Энэ талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны мэргэжилтэн Д.Оюундэлгэр “Сүүлийн жилүүдэд энэ асуудлаар хийгдсэн судалгаа баримт огт байхгүй байгаа. Нэг үгээр 2010 оноос хойших баримт алга. Мөн таван жил хүртэлх хугацаагаар мөрддөг дээрх журам одоогийн нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа. Иймээс манай улс хэдийнэ таван жил болсон учир өдөр тутмын хооллолт, хүнсний хэрэглээнээс шалтгаалаад уг илчлэгийн хэмжээг илүү чанартай болгох үүднээс шинэчлэх шаардлагатай байгаа гэлээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй