Хүчирхийлэгчийн хоёр тавилан

ЗГМ: Цуврал


Хамгийн зөв зам бол гэртээ харих зам гэдэг. Гэхдээ хүчирхийлэлтэй гэр бүлд энэ үг тохирохгүй. Хамгийн найдвартай, аюулгүй байх ёстой гэр орондоо айдас хуруулдаг хүчирхийлэгчдийн заналхийлэл улам бүр догширсоор байгааг хэн хүнгүй ярьж байна. Ер нь хүн яагаад хүчирхийлэгч болж хувирдаг вэ. Хайрлана, жаргаана гээд гуйж суусан ханьдаа яагаад гар хүрдэг вэ. Өөдөсхөн үр хүүхдэдээ юуны учир харгис хэрцгий ханддаг вэ. Хүчирхийлэгч гэж “цоллуулаад” байгаа тэд хэн нэгний хүү, охин, аав, ах бас найз байдаг нь хамгийн гачлантай. Хүчирхийлэгчдийн ихэнх нь согтуу, хөлчүү үедээ өөрөөсөө сул дорой нэгэнд эр бяраа гаргадаг. Архинд туучсан амьдрал хэзээ ч өөдөлдөггүй. Харин ч унаж урууддагийн жишээ олон. “Дэлхийн III дайн гэр бүлд шилжлээ” гэсэн эмчийн үг оргүй хоосон биш гэдгийг олон тоо баримт харуулна. Архи уусан эр хүний гэр бүл ямар их зовлон үүрч амьдардгийг бид “Түр хамгаалах байр”-нд ирээд буй хоёр бүсгүйн ярилцлагаар хүргэсэн. Харин энэ удаа архинд донтож, амьдралын замаасаа хазайсан хүчирхийлэгчидтэй уулзуулъя.

ШШГЕГ-ын Баривчлах байранд саатуулагдаж буй С болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн өдрийн эмчилгээнд хамрагдаж, архины хамаарлаасаа салж чадсан Ж нар ийн ярив.

ИХЭР ХҮҮГЭЭ АРХИАР “СОЛЬСОН” НЬ

Бид хүмүүсийн хэлж заншсанаар хуучин Ганц худаг буюу Баривчлах байранд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр саатуулагдаад буй С-тэй уулзахаар цаг товлосон юм. Энд ирсэн хүмүүсийн талаас илүү нь Зөрчлийн тухай хуулийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг зүйл ангиар шийтгүүлдэг байна. Архи ууж орон гэртээ агсам тавьсан, эхнэр хүүхэд, ойр тойрныхондоо сэтгэл санаа болон бие махбодийн дарамт учруулсан тэднийг Зөрчлийн хуулийн дагуу 7-30 хүртэл хоногоор баривчилдаг. “Согтуу байсан болохоор тийм зүйл хийчихлээ” гэж бүх бурууг архи хэмээгч дэвтэй идээнд “тохож” мэдүүлдэг тэдний нэг нь иргэн С. Тэрбээр 46 настай, алгебр геометрийн багш мэргэжилтэй. Тэр МУИС-ийг улаан дипломтой төгсөж, сургуульдаа багшаар үлдэн ажиллаж байсан нэгэн. Цэл залуудаа гялалзсан сэхээтнүүдийн дунд алхаж явсан тэрбээр өдгөө ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн нь харамсалтай. Нүүр, гар гээд энд тэндээ олон жижиг шалбархайтай энэ залуу яриагаа тун нам дуугаар эхлэв. С жилийн дотор тус байранд гурав дахь удаагаа саатуулагдаад буй аж.

Дөрвөн жилийн өмнө гэр бүлээсээ салж, ээж, өрх толгойлсон эмэгтэй дүүгийнхээ хашаанд хаяа нийлэн амьдрах болжээ. Архи уусан үедээ ээж, дүү хоёртоо агсам тавьж, эцэстээ цагдаа сэргийлэхдээ тулдаг тул ийн Баривчлах байрны байнгын “зочин” шахуу болсон. “Намайг архи уухаар манай дүү их уурладаг. Тэгээд цагдаа дуудаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг зүйлээр баривчлуулчихдаг” хэмээн хоёрдугаар биеэс хүүрнэсэн нь өөртөө бүх бурууг тохохыг хүсэхгүй байгааг нь илтгэж байлаа. Төрсөн ахаа цагдаад баривчлуулах хэмжээнд арга мухардана гэдэг тухайн хүний гаргаж буй авирыг тэсэхийн аргагүй болсны илрэл болов уу. Тэгснээ “Эрхэлсэн ажилтай, тогтмол цалинтай байсан бол архийг ингэтлээ их ууж, амьдралаа алдахгүй байсан” гэв. Дүү нь мөн ажил хийдэггүй гэнэ. Тиймээс ах нь согтохоороо дүүдээ хандан “Ээжээр тэжээлгэлээ” гэсэн утгатай үг хаяж, гэр доторх хэрүүлийн эхлэлийг тавьдаг аж. Түүнээс “Та архи уухаараа ээж, дүү хоёртоо гар хүрдэг үү” хэмээн асуухад эрс үгүйсгэв.

-Та мэргэжлээрээ хэдэн жил ажилласан бэ?
-16 жил. Сүүлийн дөрвөн жил ажил хийгээгүй.

-Яагаад ажлаасаа гарах болов?
-Эхнэрийнхээ нутагт очиж суурьшсан ч амьдрал минь бүтээгүй. Тэгээд Багахангай дүүрэгт ирж хоёр дахь амьдралаа зохиосон. Хөдөөнөөс хот руу шилжиж ирээд л мэргэжлээрээ ажиллахаа больсон.

Архи уусан хүн сэтгэцийн өвчтэй хүнээс ч аюултай гэж үздэг
-Ажил хайж үзсэн үү?
-Ажил олдоогүй. Ажилгүй болохоор архи хааяа уудаг болж, яван явсаар архинд орчихсон.

-Яагаад гэр бүлээсээ салсан юм бэ?
-Би архи уугаад байхаар эхнэр уурладаг. Тэгээд л тусдаа амьдарцгаах болсон. Манай гэр бүлийнхэн Багахангайд амьдардаг. Бид хоёр ихэр хүүтэй. Тэдэнтэйгээ хааяа утсаар ярьдаг.

-Зөрчлийн хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл хатуу шийтгэлтэй болсон. Та архи ууж агсам тавиад байвал хатуу шийтгүүлнэ гэж болгоомжилдоггүй юу?
-Болгоомжилдог. Хамгийн гол нь архи уусныхаа дараа хяналтаа алдчих юм.

Архинаас гаръя гэж боддог уу?
-Боддог. Архи уугаад байхаар өнгө зүс ч алдаад, хамаг юм л уруу дорой боллоо. Энд олон сургалтад сууж, яриа хийдэг. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн болон Зөрчлийн хуулийг судалж байна. Гэсэн ч гараад л архи уучихаад байх юм.

-Эндээс гарахдаа их зүйл ухаарсан байдаг уу?
-Гарахдаа дахиж хэзээ ч архи уухгүй гэж боддог. Гэвч нөгөө л орчиндоо эргэж очдог тул хэсэг байснаа уучихдаг. Харин одоо гараад Германы “Help” гэж төвд очъё гэж бодож байгаа.

-Ямар учиртай төв вэ?
-Архинаас хамааралтай болсон хүмүүст сургалт хийдэг. Гэр орондоо таарч тохирохгүй хүмүүсийг өөрийн байранд байрлуулж, архинаас гаргах эмчилгээ, сургалт хийдэг гэж эндхийн нийгмийн ажилтан надад хэлсэн.

-Та ер нь архинаас гарах оролдлого хийж байсан уу?
-Байсан. Хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн л дээ.

-Хамгийн ихдээ архи уухгүй хэр удаж байв?
-Зургаан сар болсон. Гэхдээ тэр сургалтуудад суухаар эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй. Хий дэмий л өдөр бүр тэнд очдог ажилтай болсон.

-Багшийн ажил олдоогүй ч өөр ажил хийе гэж бодоогүй юу. 46 нас гэдэг харьцангуй залуу шүү дээ?
-Би барилга дээр туслахаар ажиллаж байсан. Барилгын ажил чинь цалин мөнгөө өгдөггүй. Хамгийн сүүлд 16 хоног барилга дээр ажилласан. Одоо ч цалингаа авч чадаагүй байна. Харин өнгөрсөн зун ногооны зоорь ухах ажил хийж, хэдэн төгрөг авсан. Хувь хүмүүс бол хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгчихдөг. Ийнхүү түүнтэй хэсэг ярилцахад гэмшиж буй шинж огт ажиглагдсангүй. Харин ч энэ харанхуй, хар амьдралын буруутан нь өөрийг нь ойлгодоггүй, хайрладаггүй гэр бүлийнхэн нь гэж тэр дотроо гомдож, тунисаар явдаг аж. Тэр гэртээ хариад өнөөх л дэвтэй идээндээ автах байх гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрөв. Хүчирхийлэгчдийн ихэнх нь түүн шиг өөрийгөө өмөөрдөг. Тэглээ гээд архинд бүх бурууг чихнэ гэдэг байж боломгүй. Өөрийнхөө тэвчээргүй, амин хувиа хичээсэн зангаас болж хоёр сайхан хүүгээ өнчрүүлж, хар бараан өдрүүдийг өнгөрөөж байгаагаа тэр ухаарсангүй.

ХҮЧИРХИЙЛЭГЧ ӨӨРИЙГӨӨ ТАНЬДАГГҮЙ

“Би хатаж, цангасан мод шиг болжээ. Тиймээс үндсээ цэвэрлэж, эрүүл мод болохыг хүсэж байна” гэсэн харуусал дүүрэн өгүүлбэр СЭМҮТ-д эмчлүүлэгсдийн ханан дээр бичсэн сэтгэгдэл дунд зурайна. Тус төвийн Донтох эмгэг судлалын тасгийн өдрийн эмчилгээний өрөөний хананд архинд донтсоноос болж амьдралаа сүйрүүлсэндээ харамссан хүмүүс ийн сэтгэгдлээ үлдээжээ. Тэдний ихэнх нь зөвхөн архичин төдийгүй гэр бүлээ хүчирхийлэгчид байсан. Учир нь эрэгтэй, эмэгтэй хэн ч бай архинд донтсон л бол гэр бүлийнхээ хүнийг бие махбодь, сэтгэл санаагаар нь ямар нэг хэмжээгээр хохироож байдаг гэдгийг тус төвийн эмч нар хэллээ. Эндхийн өдрийн эмчилгээнд сайн дураараа 40-50 хүн ирдэг. Харин 10 гаруй нь тогтмол эмчлүүлдэг аж. Тэдний зарим нь хүчирхийлэгч гэдгээ ч мэдэхгүй яваа. Харин тун цөөн нь өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэгч гэдгийг хожуу ухаарч, амьдралдаа эрс өөрчлөлт хийхийг хичээдэг. Тэдний нэг болох 18 наснаасаа л архитай толгой холбосон одоо 60 настай Ж нь СЭМҮТ-ийн өдрийн эмчилгээнд хамрагдаж, “хар ус”-наас өөрийгөө татаж чадсан.

Архичин байгаагүй бол хүүхдээ хоолны хордлогоор алдахгүй байсан

Тэрбээр архи уусан үедээ эхнэртээ хааяа гар хүрдэг байсан ч өөрийгөө бусдыг дарамталж, сэтгэл санаа, бие махбодиор хохироож байна гэдгээ ухаарахгүй явсаар энэ насныхаа ихэнх хугацааг өнгөрөөжээ. Ноолууран бор цамцны дотуур захтай цамц өмссөн Ж-гийн нүүрэнд насны үрчлээ сууснаас биш архичны дүр төрх ажиглагдсангүй. Брюкэн өмдөө толийтол нь индүүдэж өмссөн тэрбээр хүүхдүүдийнхээ бизнест тусалдаг. Мөн гаргасан алдааг нь бусад хүн битгий давтаасай гэсэндээ архинд донтож, хүчирхийлэл үйлдэхийн хор уршгийг ойлгуулахыг чин сэтгэлээсээ хичээдэг аж.

-Та яагаад архи уух болсон бэ. Уухаа болиод хэр удаж байна вэ?
-Би 18 настайгаасаа л архи ууж эхэлсэн. Тухайн үед архи ууж байгаа хөгшчүүл, томчуудыг хараад их л мундаг юм шиг санагддаг байлаа. Аавыг найзуудтайгаа архидахаар шилийг нь тушаана гээд их баярладаг байсан. Амттай юм авч идэхийн тулд аав олон шил архи уугаасай гэж хүсдэг байсан гээд бод доо. Ер нь архи ууна гэдэг томчуудын хувьд байдаг л зүйл гэсэн ойлголттой өссөн. Харин нас биед хүрээд архи уухаар хүнд хэлж чадахгүй үгээ хэлчихдэг зоригтой болчихдог учраас дурладаг болсон. Сүүлд гэр бүлтэй болоод нэг хүүхдээ алдсаны дараа сэтгэлээр унаж архинд нэлээд гүн орсон. 60 нас хүрээд л архинаас гарч, алдсан цаг хугацаандаа харамсаж сууна.

• Тэр МУИС-ийг улаан дипломтой төгсөж, сургуульдаа багшаар үлдэн ажиллаж байсан нэгэн.

• Эрэгтэй, эмэгтэй хэн ч бай архинд донтсон л бол гэр бүлийнхээ хүнийг бие мах бодь, сэтгэл санаагаар нь ямар нэг хэмжээгээр хохироож байдаг гэдгийг СЭМҮТ-ийн эмч нар хэллээ.

• Сэтгэлзүйчээс үнэгүй үйлчилгээ авах боломжийг улс тодорхой хэмжээгээр бүрдүүлж өгсөн.

-Эхнэр, хүүхдэдээ яагаад гар хүрдэг байсан бэ?
-Ер нь архи уусан хүн хувиа хичээсэн зантай болчихдог. Хөндлөнгийн хүнийг гомдоовол шоронд орно, миний ойр дотнынхон бол намайг хамгаална гэсэн үзэл бодол суучихдаг юм билээ. Тэдэнд юу хэлж, яаж ч байсан намайг шоронд хийхгүй гээд уураа гаргадаг байлаа. Би эхнэр лүүгээ архи авчирсангүй гэж данх шидэж байсан удаатай. Бас хүүхдээ энэ хорвоогоос алдсаныхаа дараа эхнэрээ буруутган алгадаж байсандаа одоо харамсдаг.

-Хамт архи уудаг хүмүүс дунд гэр бүлээ дарамталдаг, хүчирхийлдэг хүмүүс байв уу?
-Нэг танил маань архи уусан үедээ хутга бариад хүүхдийнхээ хойноос хөөдөг байсан гэсэн. Гэтэл хүүхэд нь өсвөр насанд хүрээд өөрийг нь яг тэгж элдэж хөөдөг болсон гэнэ лээ. Одоо архинаас гараад үүндээ маш их гэмшдэг. Ер нь гэр бүлийн хүчирхийлэгч болно гэдэг хувь хүний зан чанараас маш их шалтгаална. Харгис, хэрцгий зан дээр архийг нэмэхээр уур хилэн галнаас ч хүчтэй дүрэлзэж асдаг.

-Та ямар ажил хийдэг байсан бэ. Архинаас болж юу алдсан гэж боддог вэ?
-Одоо архинаас гарсан болохоор гэр бүл, орчин тойрныхноо огт өөрөөр харж эхэлсэн. Хэрэв архичин байгаагүй бол хүүхдээ хоолны хордлогоор алдахгүй байсан шүү дээ. Эхнэр маань надад чи бид хоёр илүү олон хүүхэдтэй болох байсан юм гэж хэлдэг. Би 1990-ээд онд савангийн үйлдвэр байгуулж, маш амжилттай ажиллаж байсан. Хэрэв архи уугаагүй бол бизнес маань нэлээн өргөжсөн, өөрийгөө том компанийн захирал болох байсан гэж боддог. Бас гэр бүлийнхэн минь надаас болж сэтгэл санаагаар хохирч, өсөж, дэвжих олон боломжоо алдахгүй байсан болов уу гэж дүгнэдэг гэв.

Өдрийн эмчилгээний хананд өнгийн цаасан дээр бичиж наасан олон сэтгэгдэл бол хүчирхийллийн харанхуй гудамжнаас өөрийгөө татаж гаргасан, гаргах гэж хичээж буй хүмүүсийнх. Даанч тэднээс дэндүү олон хүн хүчирхийлэгч гэдгээ мэдэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй яваа нь үнэхээр гачлантай. Хуучин тогтолцооноос улбаалсан хүчирхийлэл өнөө үед улам газар авч, бүр залуу үеийнхнийг хамарч байна. УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгчдийн дийлэнхийг 25-аас дээш насныхан буюу 1980-1990 оны залуучууд эзэлж байна. 1990-ээд онд хүмүүс хүүхдээ яаж хоолтой хонуулах вэ л гэж байснаас суурь боловсрол, хүмүүжлийг нь орхигдуулсан. Одоо тэр үеийнхэн 30 гарч, нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг болоод байна” гэв. Орхигдсон үеийнхэн гэж тодорхойлж болох тэд хүчирхийллийн чөтгөрийн тойргийн хүрд эргүүлэгчид болж, дараа үеэ бэлдэж яваа нь аймшигтай.


ТЭД ЮУ ХЭЛЭВ
Ж.Гижир: Хүүхдийн дэргэд архи уух нь ч хүчирхийлэл


СЭМҮТ-ийн өдрийн эмчилгээний Өөртөө туслах бүлгийн менежер Ж.Гижирээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Өөртөө туслах бүлэг”-т эмчлүүлж буй хүмүүсийн хэдэн хувь нь гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэгч байдаг бол?
-Архи гэдэг хүнийг олдмол зан чанартай болгодог. Гэхдээ тэр нь сайн биш, үргэлж муу тал руу давамгайлдаг. Харин архины хамааралтай болсон хүмүүс “Би уучихаад л унтаад өгдөг”, “Ажил бүтээхийн тулд архи уусан”, “Би эхнэрээ зоддоггүй, хүүхдээ айлгадаггүй” гэж хэлнэ. Чи хэдий алт шиг байлаа ч архи уусан л бол муухай харагдана. Архи уусан хүний эргэн тойронд арван хүн бухимдаж, тэр нь 50 хүнийг хамаардаг гэж хэлдэг. Тэгэхээр соёлтой, сайхан уух нь хамаагүй, гэртээ, хүүхдийнхээ дэргэж архи ууж байгаа л бол тэнд хүчирхийлэл явагдаж байна гэсэн үг.

-Тэгэхээр зөвхөн зодож, гэмтээхийг хүчирхийлэл гэж ойлгохгүй гэсэн үг үү?
-Тийм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буйгаа архи уусан хүн мэддэггүй. Архи ууснаас болж хүүхэд нойргүй хонохоос эхлээд давхар хамаарал үүснэ. Ер нь архи уусан хүн сэтгэцийн өвчтэй хүнээс ч аюултай гэж үздэг. Харин манайд эмчилгээ хийлгэн, архинаас гарсан хүмүүс гэр бүлээ ямар их хүчирхийлж, дарамталж байсан юм бэ гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлдэг.

-Архины эмчилгээ хийлгэснээс хойш хэдий хэрийн хугацааны дараа “Энэ хүн архины хамаарлаас бүрэн гарчээ” гэж үздэг юм бэ?
-Ер нь бол эдгэдэггүй өвчин гэж үздэг. Хүний донтох шинжтэй 30 гаруй төрлийн өвчин бий. Тэр дундаа архинд донтох өвчин эдгэхгүй. Тиймээс тогтворжуулахын тулд огт амсахгүй байх хэрэгтэй. Амслаа л бол дон нь сэдэрнэ. Гэхдээ уухгүй явах тусмаа донтох дадал хэвшлээсээ салж байна гэж ойлгодог. Аяндаа архийг уух хүсэлгүй болдог. -“Өөртөө туслах бүлэг”-т өнгөрсөн хугацаанд маш олон хүн эмчлүүлсэн байх. “Архинаас болж ингэж ч амьдралдаа алдах гэж дээ” гэмээр харамсалтай тохиолдол олныг л сонссон байх... -Харамсалтай жишээмаш олон байна. Гурван өдрийн турш архи уусан аав ээж рүүгээ охин нь “Битгий архи уугаад байгаач ээ” гээд орилсон байгаа юм. Гэтэл “эцэг эхийнхээ өөдөөс орилдог хэн юм” гэж хэлээд л аав нь охиноо хутгалж амийг нь хороочихсон байх жишээний. Өөр нэг эмгэнэлтэй явдал хэлэхэд шилжилтийн насны хөвгүүн “Та намайг бага байхад ална гээд хөөж, зоддог байсан. Одоо би таныг алаад өгье” гээд эцгээ гэр тойруулаад хөөсөн тохиолдол ч бий. Өөрөөр хэлбэл, аав нь архи байнга уудаг байсан учир хүү нь ч гэсэн архичны зам руу орж байна л даа.


Б.Ууганцэцэг: Тэр хүн яагаад ийм үйлдэл хийх болов гэдгийг бодолцож үзэх ёстой


Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэлзүйч Б.Ууганцэцэгтэй хүчирхийлэгч яагаад бий болдог, түүнээс сэргийлэх арга замын талаар ярилцлаа.

-Хүчирхийлэл үйлдээд буй этгээд яагаад ийм хүн болж төлөвшдөг юм бол. Үүнийг сэтгэл зүй талаас нь тайлбарлавал сонин байх?
-Гэмт хэргийг судалдаг криминологийн шинжлэх ухаанд хүнийг ямар нэг үйлдэл гаргахад нөлөөлдөг гол зүйл нь орчин, хүрээлэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүнийг эерэг болон сөрөг үйлдэл гаргахад орчны нөлөөлөл, авч байгаа мэдээлэл, эргэн тойрны харилцаа хамгийн чухал. Нүдээр харсан, чихээр сонссон, биеэр мэдэрсэн бүхэн мэдээлэл болж бидэнд шингэдэг. Үүнийг тархи боловсруулаад буцаагаад үйлдэл болгон гаргадаг. Бидний амьдрал дээр гаргаад байдаг үйлдэл бүхэн орчноос сурч, мэдэж авсан дадал хэвшлийн нэгдэл гэж ойлгож болно. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийг судлаад үзэхээр ихэвчлэн сөрөг муу мэдээлэл дунд өсөж, иймэрхүү орчныг мэдэрсэн байдаг. Нөгөө талаар, хүчирхийллийн тухай мэдээлэл их байх нь нийгэмд сөрөг нөлөөтэй гэж сэтгэл судлаачид үздэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчирхийлэл их байна, буурахгүй байна гэж мэдээлэх тусам хүний тархинд дохио болон очиж, энэ бол байдаг, энгийн зүйл гэсэн ойлголт төрүүлдэг. Сэтгэл сэрдхийм гэсэн ангилалд оруулдаг байсан мэдээлэл одоо хэвийн юм шиг ойлгогддог болж байна шүү дээ. Энэ нь мэдээлэл хүнд ямар хүчтэй нөлөөлдөг вэ гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс хүчирхийллийг бууруулах арга зам нь юу вэ гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл илүү дамжуулах ёстой.

-Хүчирхийлэл гэр бүл, орчноос хамааралтай гэдгийг та хэллээ. Тэгвэл гэр бүлийнхэн нь энэ байдлыг таслан зогсоохын тулд юун дээр анхаарах ёстой вэ?
-Нийгэм тэр чигээрээ хүчирхийлэлд өртсөн хүний талд байдаг. Гэхдээ нөгөө талдаа тэр хүн яагаад ийм үйлдэл хийх болов гэдгийг бодолцож үзэх ёстой. Өмнө хэлсэнчлэн хэрэг үйлдэхэд орчин, хүрээллээс гадна стресс, бухимдал, нийгэм, эдийн засгийн байдал нөлөөлнө. Эргэн тойронд нь бухимдах зүйл дэндүү их байдаг. Гэтэл тэр хүн сэтгэл зүйн дугуй циклээсээ гарч чадахгүй байх нь элбэг. Яаж гарахаа мэддэггүй, дэргэд нь байгаа хүмүүс ч ойлгодоггүй. Тиймээс стресс байгаа бол түүнийг лавлаж асуух, хамтдаа шийдэл хайх нь хамгийн чухал. Хэрэв гарц шийдэл олж чадахгүй бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Одоо дүүрэг бүрт сэтгэцийн кабинет ажиллаж байна. Сэтгэлзүйчээс үнэгүй үйлчилгээ авах боломжийг улс тодорхой хэмжээгээр бүрдүүлээд өглөө шүү дээ. Хоорондоо ярилцаж, ойлголцдоггүйгээс болоод гэр бүл салалт, хүчирхийлэл гээд олон асуудал үүсээд байна. Ялангуяа, монгол эрчүүд чимээгүй байж байгаад гэнэт уурладаг. Үүнд эмэгтэйчүүд яагаад санаачилгатай байж, эр нөхөртэйгөө ярилцаж болохгүй гэж. Эрчүүд өөрсдөө бас хичээл зүтгэл гаргах ёстой. Ер нь нээлттэй, асуудлаа бусадтай хуваалцдаг, бусдын сэтгэл санаа ямар байгааг сонирхдог хүн өөрийнхөө сэтгэлийг тэнцвэржүүлж чаддаг. Харин юмаа ярьдаггүй, хэт дотогшоо хүмүүс сэтгэл зүйн дарамтад өртөж, түүнийгээ сөрөг байдлаар гаргах магадлал өндөр.



САНАЛ БОЛГОХ