Шатахууны үнээс илүү чанарт анхааръя

Мэдээ


Монгол Улс хоцрогдсон технологиор үйлдвэрлэсэн түлшнээс салаагүй л байна

Шатахууны чанар… Энэ үгийг та хэр олон сонсож байсан бэ. Магадгүй Монголд мартагдсан цөөн хэдэн үгийн нэг нь энэ гэхэд хилсдэхгүй. Хэн хүнгүй л түлшний үнийг ажиглаж, өсчихвий хэмээн эмээдэг атлаа чанар, стандартыг нь төдий л тоолгүй өнгөрөх нь бий. Тэгвэл биднийг үнэ рүү ширтсээр суух зуур түлшний чанар хэдийнэ хөсөр хаягджээ.

ТЭД УРАГШИЛЖ,БИД ХОЦРОВ

Газрын тосны бүтээгдэхүүнийг зориулалт, хэрэглээнээс нь гадна байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөөр нь Евро 1-6 хүртэл ангилдаг. Европын орнууд 1990 оны эхээр түлшээ экологийн үзүүлэлтээр хэмжиж, Евро 1 ангиллыг нэвтрүүлсэн нь өдгөө олон улсын нийтлэг стандарт болчихоод байна. Шатахуун, түлшний байгаль орчин үзүүлэх сөрөг нөлөө жилээс жилд улам буурч буй. Энэ хэрээр экологийн ангилал нь шинэчлэгдэж, өдгөө олон орон байгаль орчинд хал балгүй Евро 6 ангиллын бүтээгдэхүүн хэрэглэхээр зорих болжээ. Европын холбоо, АНУ, Япон, БНХАУ, ОХУ зэрэг улс хүрээлэн буй орчин, хүнийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд дэвшилтэт стандартыг үе шаттай нэвтрүүлж байна. Европын холбооны орнууд гэхэд 2009 онд Евро 4, 2014 оноос Евро 6 стандартад бүрэн шилжжээ. Тэгвэл Монгол Улс одоогоор хоцрогдсон технологиор үйлдвэрлэсэн түлшнээс салаагүй л байна. Бидний хэрэглэж буй газрын тосны бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь Евро 2-4 ангиллынх. Харин арав хүрэхгүй буюу 7.7 хувь нь дэлхий нийтийн нийтлэг хэрэглээ болоод буй Евро 5 стандартын түлш, шатахуун бүтээгдэхүүн бүрдүүлж буйг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Тэгвэл олон улс даяар татгалзаж буй түлшээр манай тээврийн хэрэгслийн дийлэнх нь “хооллож”, хорт бодисыг агаарт цацсаар байна.

Автомашины яндангаас гарч буй утаанд тээврийн хэрэгслийн насжилт, түлшний чанар, техникийн бүрэн бүтэн байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээрээс шатахуун, түлш хамгийн гол нөлөө үзүүлдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Тэгвэл бид байгаль орчинд халтай, хорт бодисын агууламж өндөр шатахууныг өнөөг хүртэл хэрэглэж, агаарын бохирдлыг улам нэмсээр байна. Уг нь газрын тосны бүтээгдэхүүний экологийн чанарыг сайжруулбал агаарын бохирдол, ялангуяа, Улаанбаатарын утааг мэдэгдэхүйц бууруулах боломжтой гэж албаныхан тооцоолжээ. Чанар сайтай түлш хэрэглэснээр автомашины хорт хий, утааг 21- 98 хувь хүртэл бууруулна гэсэн тооцоо ч гарсан байна. Японы ЖАЙКА байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 орчим хувийг 450 мянган өөрөө явагч авто тээврийн хэрэгсэл “үйлдвэрлэдэг” нь тогтоогджээ. Магадгүй энэ тоо гэр хорооллынхтой харьцуулахад бага сонсогдож болох хэдий ч автомашины утааy дахь хорт бодисын агууламж өндөр байгаа нь харин ч аюулын харанга. Тухайлбал, агаар дахь нүүрсхүчлийн давхар ислийн 30 хувь автомашинаас гардаг. Мөн азотын давхар ислийн 32 хувийг үүсгэгч нь тээврийн хэрэгслүүд.

Тэгвэл автомашинаас ялгарч буй утааг бууруулснаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах боломжтой гэсэн үг. Улс орнууд ч энэ жишгийг дагаж байна. Сүүлийн үед агаарын бохирдол нь мэдэгдэхүйц буурсан хэмээн сайшаагдаж буй Бээжин хотод гэхэд хэдийнэ Евро 5 ангилал руу шилжсэн. Зөвхөн Бээжин гэлтгүй Хятадын хүн ам олноор суурьшсан хотуудад чанар муутай түлшний хэрэглээг хязгаарлажээ. Урд хөрштэй зэрэгцээд хойд хөрш ч зүгээр суусангүй. ОХУ Евро 5-аас доош үзүүлэлттэй дизелийн хэрэглээг 2016 оны эхээр хориглосон. Мөн оныхоо долдугаар сараас евро 1-4 ангиллын шатахууны хэрэглээг зогсоосон байна. Ийнхүү улс орнууд хүрээлэн буй орчин, хүнийхээ эрүүл мэндийн төлөө дэвшилтэт бүтээгдэхүүний хэрэглээ рүү шилжсээр байна. Харин бид өнөөх л хоцрогдсон, хор хөнөөл ихтэй сонголтоосоо салаагүй хэвээр. Хэрэв бид сонголтоо өөрчлөхгүй бол энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч хумигдаж байна. Монгол Улс нийт шатахууны хэрэглээнийхээ 97 хувийг ОХУ-аас импортолдог. Хойд хөршийн нийт импортын 80 гаруй хувийг “Роснефть” компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс авдаг байна.

Тэгвэл Монгол Улсын гол нийлүүлэгч болох тус үйлдвэр тоног төхөөрөмжөө саяхнаас Евро 5 стандартад бүрэн шилжүүлжээ. Өдгөө зөвхөн Монгол болон дотоодын зарим тоног төхөөрөмжид зориулан, бага хэмжээгээр Евро 2-4 стандартын түлш үйлдвэрлэж байгаа аж. Ийнхүү нийлүүлэгчдийн маань хэрэглээ, сонголт хол илүү түрүүлж байхад биднийх харин хоцорсоор. Уг нь хэрэгжилт нь манайд хоцорч буй ч Монгол Улс Евро 5-ын хэрэглээг дэмжих талаар цаасан дээр тусгасан. 2017 оны эхээр Засгийн газар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталж, Евро 5 стандарттай дүйх бүтээгдэхүүний импорт, хэрэглээг дэмжихээр тусгасан байдаг. Тодруулбал, өдгөө 10 хувьд ч хүрэхгүй байгаа Евро 5 ангиллын шатахууныг 2019 он гэхэд нийт хэрэглээнийхээ 50 хувьд хүргэнэ.

Байгальд хал багатай Евро 5 түлш нийт хэрэглээний 7.7 хувийг бүрдүүлж байна
Улмаар 2025 он гэхэд 80 хувьд хүргэхээр зорьж байгаа. Тэрчлэн Евро 5 болон түүнтэй дүйх экологийн ангилал бүхий бүтээгдэхүүний стандарт, журмыг энэ оны дөрөвдүгээр сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нефть импортлогч компани, мэргэжлийн холбоод хамтран баталжээ. Гэхдээ ахисан хэрэглээнд шууд шилжихэд шийдлээ хүлээж буй зарим сорилт байна. Чанар дагаж үнэ өсдөгийн жишгээр энэ төрлийн шатахуун, түлш нь Евро 2-4 ангиллынхаас харьцангуй өндөр үнэтэй. Өдгөө манайд борлуулж буй Евро 5 ангиллын дизелийн түлш гэхэд 1850 төгрөгийн үнэ байхад бусад ангиллынх нь үүнээс 130 төгрөгөөр хямд байна. Тиймээс ч хэрэглэгчид үнэ хямдыг нь бодолцон Евро 2-4 ангиллын бүтээгдэхүүнийг илүүд үзэх элбэг байгааг салбарын яамнаас мэдээлсэн. Тиймээс дэвшилтэт ангиллын бүтээгдэхүүний хэрэглээг дэмжихийн тулд үнийн зөрүүг арилгах нь чухал байгаа аж. Үүний тулд Евро 5 ангиллын автобензин, дизель түлшний онцгой албан татварыг бууруулж, үнийн зөрүүг арилгах боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Гэхдээ улсад багагүй орлого авчирдаг онцгой албан татварыг бууруулахаар төсвийг чиглэх мөнгөний хэмжээ буурах эрсдэл бий. Тэгвэл төсөвт үүсч болзошгүй орлогын “цоорхой”- г нөхөхийн тулд татварын бааз суурийг тэлэх гаргалгааг албаныхан боловсруулжээ. Тодруулбал, шатахуун, дизель түлшний онцгой албан татвар сүүлийн жилүүдэд өссөнөөс үүдэн газрын тосны бүтээгдэхүүний завсрын түүхий эдийг импортлох нь нэмэгджээ. Керосин, хийн конденсатын нэрмэл, дистиллят зэрэг завсрын бүтээгдэхүүний импорт татваргүй, тусгай зөвшөөрөл шаарддагүй. Тиймээс зохицуулалтын цоорхой дахь орон зайг ашиглан нэмэлт түүхий эд импортолж, зарим бүтээгдэхүүнтэй холин хуурамч шатахуун үйлдвэрлэж буйг салбарын яамныхан үгүйсгэсэнгүй. Тэгвэл эдгээр завсрын бүтээгдэхүүнд импортын онцгой албан татвар ногдуулбал татварын орлого зузаарна. Цаашлаад хуурамч шатахуун, түлшийг хумих боломж нээгдэнэ гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат ярилаа.

Ийнхүү бодлогын зарим зохицуулалт хийн, шатахууны чанараа ч, Улаанбаатарын утааг ч тэр багасгах боломж байна. Нэгэнт нийслэлийн гэр хорооллын иргэдийг ойрын хугацаанд бүрэн орон сууцжуулж чадахгүй нь тодорхой болсон. Гэлээ гээд зүгээр суух бус утаатай тэмцэх боломж бидэнд байна. Тэр тусмаа төсөвт ачаалал үүсгэж, олон тэрбум төгрөг урсгахгүйгээр агаарын чанараа, автомашины түлшний ангиллаа сайжруулах нь нэг сумаар хоёр туулай буудах бодитой хувилбар биш гэж үү.







САНАЛ БОЛГОХ