Амлалтаар хахсан 100 хоногийн тайлан
Засгийн газар
Шаталсан татварын тогтолцоог хүчингүй болгов
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн кабинетын гишүүдийн хамт 100 хоногийн ажлаа тайлагналаа. Өөрсдийнх нь тодорхойлсноор нийгэм, эдийн засгийн амаргүй үед байгуулагдсан энэ Засгийн газар 100 хоногийн хугацаанд ямар ажлуудын ард гарав. Ерөнхий сайд хийснээсээ гадна хийх ажлуудаа ярина гэдгээ мэдээллийнхээ эхэнд илэрхийлсэн. Нэг цаг гаруй үргэлжилсэн түүний илтгэлд нэрлэгдсэн ажил, арга хэмжээнүүдийн үнэндээ талаас илүү хувь нь ирээдүй цаг дээр байв.
САЙН МЭДЭЭНЭЭС ЭХЭЛЬЕ
Нийгмийн анхаарлыг татсан, цаг үеийн зарим асуудал нааштайгаар шийдэгдэж буйг эхлээд онцолъё. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн улирал тутмын үнэлгээний баг эдгээр өдөр Монголд ажиллаж буй.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ахалсан Монголын Засгийн газрын төлөөлөл болон ОУВС-гийн багийн хооронд хийсэн хэлэлцээрийн хүрээнд энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн ХХОАТ-ын нэмэгдлийг цуцлахаар болжээ. Тодруулбал 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд тус татварт “боомилуулж” байсан нь нийгмийг багагүй бухимдуулаад байлаа. Тэгвэл татварын шаталсан бус өмнөх тогтолцоо хэрэгжихээр болсныг энэ үеэр дуулгалаа. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэдэг шиг хууль хэрэгжиж эхлээд нэг сар орчим хугацаа өнгөрч буй. Тиймээс энэ хугацаанд шаталсан тогтолцоогоор авсан бүх татварыг буцаан олгох аж. Түүнээс гадна иргэд өөрсдөө хүсвэл 55-60 насандаа тэтгэвэрт гарч болох эрхийг буцаагаад нээв. Энэ бол мөн л шинэ оноос хэрэгжиж эхэлсэн хуулийг буцаах шийдвэр. Өөр нэгэн сайн мэдээ нь энэ оны аравдугаар сараас эхлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмж, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоо амлалаа. Гэхдээ төсөвт тодотгол хийхгүй, давж биелэсэн орлогыг шилжүүлэх замаар дээрх нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх боломжтой гэж Засгийн газар харж байгаа юм.
ЭДИЙН ЗАСАГ & ЭНГИЙН ТАСАГ
100 хоногийн хүрээнд хийсэн ажлын гол цөм нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээнүүд. “Сэхээнд байсан Монголын эдийн засгийг манай кабинет энгийн тасаг руу шилжүүлсэн” хэмээн Ерөнхий сайд мэдэгдэв. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах талаарх түүний үргэлжлүүлэн хэлсэн үгэнд урам хугарч мэдэх юм. Энэ онд эдийн засгийн өсөлт хүлээх шаардлагагүй бололтой. Хүнээр төлөөлүүлбэл, Монголын эдийн засаг 2018 онд гэрийн эмчилгээ хийлгэж байгаад 2019 оноос ажилдаа орно. Харин 2020 он буюу ээлжит сонгуулийн жил орлоготой, мөнгөтэй болно гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүйрлэлийг “марзан” гэж хэлэхэд буруудахгүй.
МАЛ ТӨДИЙГҮЙ ЗЭРЛЭГ АМЬТАН Ч ХҮЙТНИЙГ ТЭСВЭРЛЭХГҮЙ БАЙНА
Монгол орны нутгийн ихэнх хэсэгт өвөлжилт хүндэрснийг Шадар сайд Ө.Энхтүвшин Баян- Өлгий аймгаас мэдээлэв. Тэрбээр баруун таван аймаг болон төвийн нутгийн зарим сумдад ажиллаж буй. Гэвч ихэнх хэсэгт өвөлжилт хүндэрчээ. Бүр онц хүнд хэмжээнд хүрсэн нь ч байна. Увс аймагт өдөртөө -40, шөнөдөө -50 хэм хүрч буй хүйтний эрчийг тарга тэвээрэг муутай мал даахгүй байна. Дөрвөн есийн хэдхэн өдрийн хүйтрэлээс болж нэг аймагт л малын хорогдол 20 гаруй мянгад хүрсэн нь өвөлжилт онц хүнд болсны нотолгоо. Тэр ч байтугай идэш тэжээл олж чадахгүй хээрийн зэрлэг амьтад ч хүйтний энэ өдрүүдэд хагас хөлдөлтийн байдалтай хүн, малын хөл бараадсан, зам дагуу зогсож байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн юм. Тиймээс улсын нөөцөөс тарааж өвс, тэжээлийг зөв хуваарилах, хоёр гуравдугаар сард өвөлжилтийг хэрхэн давах төлөвлөгөөг яаралтай гаргах шаардлагатай байгааг хэлж байлаа. Ерөнхий сайдын Ажлын алба 100 хоногийн хүрээнд хийсэн 30 ажлыг чухал хэмээн онцолжээ.
Эхэнд өгүүлсэнчлэн эдгээр ажлын ихэнх нь ирээдүй цаг дээр. Дулааны III, IV цахилгаан станцад хийх өргөтгөл, ипотекийн зээлийн үргэлжлэл, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, газрын тосны үйлдвэр, нийслэлийн цахилгаангүй иргэдийг төвлөрсөн сүлжээнд холбох ажил, шинээр барих сургууль цэцэрлэг... гэх мэт. Гэхдээ татварын нэмэгдлээс эхлээд нийгмийн шинжтэй олон шийдвэрээ Засгийн газар 100 хоногийнхоо төгсгөлд залруулсан нь хүлээлтэд нийцсэн арга хэмжээ байсныг онцлох хэрэгтэй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй