Монгол Улс FATF-ийн үнэлгээгээр эрчимтэй хяналтад байх шаардлагатай улс оронд тооцогдож байна

Мэдээ

Монгол Улс FATF буюу улс орнуудад мөнгө угаах терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох зөвлөмж өгч ажилладаг байгууллагын үнэлгээгээр эрчимтэй хяналтад байх шаардлагатай улс оронд тооцогдоод байна. Энэ нь хууль орчны зохицуулалт сул байгааг илтгэсэн үнэлгээ болж байна. Тиймээс 15 сарын эрчимжүүлсэн хяналтын хугацаанд эн тэргүүнд хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх товтой байна.

Ингэснээр Монгол Улсын ажиглалтын үе буюу 2018 оны аравдугаар сараас өмнө FATF-ийн 40 зөвлөмжид хууль, эрх зүйн орчныг нийцүүлж, хэрэгжүүлснээр эрчимтэй хяналтаас гарах боломж бүрдэнэ. Монгол Улс FATF-ийн “саарал жагсаалт”-д орох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсанаар санхүүгийн системийн гадаад харилцаанд шууд нөлөөлж, түншийн харилцаа зогсонги байдалд орох, хөрөнгө татах боломж буурах буюу хязгаарлагдах, банкнуудын гадаад гүйлгээ зогсох зэрэг эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд шууд нөлөөлөх сөрөг үр дагавраас сэргийлж чадах ач холбогдолтой гэж Төв банк үзэж байна.

Харин дотоодын банкнууд өөрсдөө мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг дүрэм гаргаж, дотоодод мөрдөж буй харилцагчдын мэдээллийг шинэчилдэг. Харилцагчдын анхан шатны мэдээлэл олон улсын жишигт нийцсэн тухай ХААН банкны удирдлага эдийн засгийн бодлогын чуулганы үеэр онцолж байсан юм.




САНАЛ БОЛГОХ