Английн "Premier League"-ийн клубүүд улирлын дундах солилцоо наймаайны цонхоор 419.5 сая фунт стерлинг зарцуулав

Мэдээ

Английн премьер лигийн клубүүд өнгөрсөн солилцоо наймааны цонхоор сүүлийн долоон жилд байгаагүйгээр хамгийн идэвхтэй ажилласныг "Sky Sports"-ийн шинжээчид онцолж байна. Тодруулбал, дэлхийд хамгийн олон үзэгчтэй гэгддэг Английн дээд лигийн 20 баг хоёрдугаар сарын нэгэнд өндөрлөсөн наймааны цонхоор нийт 419.5 сая фунт стерлинг зарцуулжээ. Энэ нь 2011 оныхоос хоёр дахин их дүн болсон байна. Ялангуяа “Arsenal”, “Liverpool”, “Manchester city”, “Southampton” клубүүд багийнхаа түүхэнд хамгийн өндөр мөнгөн дүнгээр багтаа тоглогч элсүүлжээ. “Liverpool” клуб 75.2 сая фунт стерлинг зарцуулж жагсаалтыг тэргүүлсэн бол “Arsenal” 61.8 сая фунт стерлинг, “Manchester city” 61 сая фунт стерлингээр шинэ тоглогч худалдан авсан байна. Харин тэдний араас “Chelsea”, “Everton”, “Leicester city”, “Tottenham Hotspur” клубүүд зарцуулалтаараа удаалжээ.

Үүний зэрэгцээ эдгээр клубүүд багийнхаа “од” тоглогчдыг өндөр үнээр худалдаж, төдий хэмжээгээр орлого олж чадсан байна. Тухайлбал, “Liverpool” клуб Бразил гаралтай, хагас хамгаалагч Филиппе Коутиньог Испанийн алдарт “Barselona” клубт 142 сая фунт стерлингээр худалдсанаар жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй тоглогчийн жагсаалтад нутаг нэгт Неймарын ард бичигдэх болжээ. Харин удаах байруудад Нидерланд гаралтай, төвийн хамгаалагч Виргил Ван Дейкийг өндөр үнэ хүргэсэн “Southampton”, гарааны шилдэг довтлогч Диего Костагаа явуулсан “Chelsea” клубүүд бичигджээ.



САНАЛ БОЛГОХ