Сүү, цагаан идээн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, зах зээл тэлж байна

Монголдоо Бүтээцгээе

Техник, технологи эрчимтэй хөгжихийн хэрээр иргэдийн хэрэгцээ ч мөн өөрчлөгдөж байна. Тухайлбал ааруул хийх технологи улам боловсронгуй болж, цэвэр сүү болон байгалийн зэрлэг жимсийг багтаасан бүтээгдэхүүний тоо, нэр төрөл олширч байна. Бага насны хүүхдийн чихрийн хэрэглээг багасгаж, импортын хараат байдлыг бууруулахын тулд байгалийн гаралтай ааруулан бүтээгдэхүүнээ жимс болон витаминаар баяжуулахыг зорьдог талаар үйлдвэрлэгчид онцоллоо. Энэ чиглэлд "Монос", "Кальцима", "Бөбүнэ", "DG Монгол" зэрэг хэд, хэдэн компани үйл ажиллагаа явуулж байна. "Монос хүнс" компани өнгөрсөн оноос эхлэн дөрвөн төрлийн ааруултай үрэл үйлдвэрлэж байгаа юм. Одоогоор 390 мянган ширхэг нэгж бүтээгдэхүүн худалдаалжээ. Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд өдөрт нэг сая ширхэг үрэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин "Кальцима" компани зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаснаас хойших хоёр сарын хугацаанд есөн сая төгрөгийн борлуулалт хийжээ. Одоогоор сүлжээ дэлгүүрээр борлуулж байгаа бөгөөд хүргэлтийн үйлчилгээтэй аж. Тус компани энэхүү гарааны бизнесээ анх 10 сая төгрөгөөр эхлүүлсэн байна. 100-1000 гр хүртэл савлагаатай ааруул кг нь 20 мянган төгрөгийн үнэтэй. Ааруулаас гадна шар сүүгээ хоёр литрээр нь савлан борлуулдаг байна. Одоогоор хоногт 100 кг ааруул үйлдвэрлэж байгаа юм. Зах зээлээ бүрэн хангахын тулд үйлдвэрлэлээ 3-4 дахин томруулах шаардлагатай байгааг үйлдвэрлэгчид онцолсон.

Харин гадна "DG Монгол" компани таван төрлийн ааруулыг мөхөөлдөс хэлбэрийн савлагаатайгаар өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн худалдаанд гаргажээ. Хоногт 100 грамм савлагаа бүхий 1000-2000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сард 2-3 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа талаараа мэдээлсэн. Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор захиалга нэмэгдэж байгаа талаар онцолсон юм. “Бөбүн трейд ” ХХК 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор дөрвөн төрлийн ааруулан чихэр үйлдвэрлэж байгаа тус компани сүү, сүүн бүтээгдэхүүн болон аарцаар импортын чихрийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна. Мөн 2017 онд Өвөр Монгол руу 4-5 тонн бүтээгдэхүүн экспортолсон аж. Цаашлаад Япон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зорилготой ажиллаж байна.



САНАЛ БОЛГОХ