Банкны салбар тогтвортой байна

Мөнгө ба бизнес


Хагас жил үргэлжилсэн Активын чанарын үнэлгээг танилцууллаа

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, улмаар өсөлтийг сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- т хамрагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд дотоодод үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийхээр болсон юм. Тэгвэл тус үнэлгээний эцсийн үр дүнг төв банкнаас олон нийтэд танилцууллаа. Зургаан сар үргэлжилсэн банкны активын чанарын үнэлгээ эерэг гарч, төлбөрийн чадварын хувьд Монгол Улсын банкны салбар бүхэлдээ тогтвортой байна гэж олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага дүгнэжээ. Үнэлгээгээр банкуудын зээлийн эрсдэлийн удирдлага, барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нөхцөл, шаардлагыг сайжруулах шаардлагатай байгаа аж.

Активын чанар үнэлгээг БНЧУ-ын Pricewaterhouse Coopers Česká republika s.r.o. компани хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь олон улсад активын чанарын үнэлгээ хийж байсан туршлагатай. Үнэлгээг 2016 он буюу улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд амаргүй үеийн санхүүгийн тайлан тэнцэлд голлон үндэслэсэн. Тэрчлэн 2017 оны санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан гуравдугаар улирлын байдлаар нэмэлт засвар оруулсан байна. Активын чанарын энэхүү үнэлгээ нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээг тодорхойлох арга хэмжээний эхний үе шат. Цаашид банкууд өөрийн хөрөнгийн түвшинг 2021 он хүртэлх хугацаанд хангах талаар бизнес төлөвлөгөөг боловсруулан Монголбанкинд ирүүлэх юм байна. Ингэснээр төв банкнаас банкуудын санхүүгийн үзүүлэлтэд эрсдэлийн сорилын шинжилгээг хийх замаар өөрийн хөрөнгийн хүрэлцээний дутагдалыг энэ оны гуравдугаар сард багтаан эцэслэн тодорхойлох ажил хийгдэх аж.

Активын чанарын үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанарыг үнэлэхээс гадна тэдгээрийн үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, барьцаа хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгө зэргийг үнэлэх ажил хийгджээ. Активын чанарын үнэлгээ нь Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа бөгөөд үнэлгээний явцад урьдчилан таамаглаагүй зарим хүндрэл, бэрхшээл цөөнгүй гарч байсан ч Монголбанкнаас гүйцэтгэгч PwC компани болон ОУВС-тай тухай бүр нь шуурхай харилцан, шаардлагатай арга хэмжээг авч, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажилласны үр дүнд үнэлгээний ажил хийгдэж дуусчээ. Активын чанарын үнэлгээний гол зорилго нь зээлдэгч иргэн, аж ахуйн нэгж нь авсан зээлээ буцааж төлж чадахгүй бол банк алдагдлыг даах хангалттай өөрийн хөрөнгөтэй эсэхийг үнэлэх байсан юм.


САНАЛ БОЛГОХ