Дэвид Дэвис: BREXIT-ийн дараах Их Британийн ирээдүй төсөөлснөөс илүү эерэг байх болно

Мэдээ

"BREXIT-ийн дараах Их Британийн ирээдүй хүмүүсийн төсөөлснөөс илүү эерэг байх болно" хэмээн тус улсын BREXIT-ийн асуудал хариуцсан сайд Дэвид Дэвис мэдэгдлээ. Мөн тэрбээр “2018 оны эцэс гэхэд Европын Холбоотой хэлцэлд хүрэх боломжтой” болохыг онцолж байгаа юм. Тереза Мэйн Засгийн газар Европын Холбоотой хамтран ажилласан хэвээр байна гэдгээ удаа дараа мэдэгдэж байжээ. Мөн талууд харилцан ашигтай худалдааны тогтолцоо байгуулаад зогсохгүй Ирландын хилийн асуудлыг шийдэх боломжтой гэдгийг Дэвид Дэвис тодруулсан байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон ч мөн "BREXIT-ийн дараа Европын Холбоотой худалдааны талд хамтран ажиллах нь ашигтай" гэж үзэж байгаа юм байна. Их Британийн BREXIT-ийн асуудал хариуцсан сайд Дэвид Дэвис "Европын Холбооноос гарсны дараа ч бид өндөр стандартаа барьж ажилласан хэвээр байх болно. Зарим нэг хүмүүс бидний хийж байгаа зүйлийн цаад шалтгаанд эргэлзэх болсныг би мэднэ. Тэд BREXIT-ийн дараа Их Британийн нийгэм зохиолд гардаг шиг тамын ертөнц болон хувирч, англи гаралтай хүмүүс бүрмөсөн хоосорно гэж айж байна.

Энэ бүх зүйл үгүй болно гэсэн айдас нь бидний түүх , бидний хүсэл зорилго, бидний үндэсний эрх ашгийг үл харгалзсан хоосон үзэлд тулгуурласан юм" гэж мэдэгдлээ. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон "Бид BREXIT-ийн дараа ч Европын Холбоотой худалдааны салбарт хамтран ажиллах шийдлийг хайн ажиллаж байна. Бидний хооронд байгаа одоогийн холбоо маань олон улсын тавцанд өрсөлдөхөд том дэмжлэг болсон. Европ дахь хамтрагчидтай ижил үнэт зүйл дээр тулгуурлан одоо байгаа харилцаагаа ахин сэргээх болно. Манай улс Европын Холбооны хил гаалийн болон нэгдмэл зах зээлийн тогтолцооноос гарсан ч өмнөд, умард Ирланд төдийгүй эх газрын Европтой ямар ч саадгүй худалдааны гэрээ байгуулахад болохгүй гэх газаргүй. Эдгээр саналыг удахгүй болох хэлэлцээрт манай засгийн газар тавих болно" гэж мэдэгджээ.

Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй энэ долоо хоногт өөрийн багийг хуралдуулж, Европын Холбоотой байгуулах худалдааны асуудлыг хэлэлцэх товтой байгаа юм. Их Британи 2019 оны гуравдугаар сар гэхэд Европын Холбооноос гарахаар төлөвлөөд байна. Хэдийгээр Их Британийн Засгийн газар Европын Холбоотой шинэ худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаа ч Европын Холбоо санхүүгийн өр төлбөрөө төлөхийг Их Британиас шаардаж байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ