Зөрчлийн хууль татварын орчинд маргаан дагуулж байна

ЗГМ: Сэдэв


Татвараа хугацаандаа төлөөгүй бол 50 хүртэл хувиар торгодог

Шүүхийн байгууллагад гомдол гаргасан иргэн Г.Гэрэл “Манай байгууллагын нягтлан компанийн татварын тайланг хуульд заасан хугацаанаас хожимдож илгээсэн учир компанид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, нэлээд хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан. Уг нь Зөрчлийн тухай хуулиар иргэн зөрчил гаргасан бол тухайн хүнийг торгох ёстой.

Гэтэл компанийн нэр дээр их хэмжээний торгууль тавьж байгаа нь хууль бус үйлдэл” хэмээн өнгөрсөн баасан гарагт Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан Зөрчлийн тухай хууль болон татварын хууль тогтоомжийн уялдаа, хэрэглээ хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Түүнтэй ижил асуудалтай маш олон иргэн болон аж ахуйн нэгж, байгууллага шүүхэд гомдол мэдүүлээд байгаа нь Зөрчлийн тухай хууль, түүний хэрэгжилт, зүйл заалтыг эргэн харах шаардлага үүссэн байгааг илтгэж байна. Саяхан Монголын толгой компаниудыг эгнээндээ нэгтгэсэн CEO клубээс сар тутам зохион байгуулдаг уулзалтад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар оролцохдоо мөн энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. Зөрчлийн тухай хууль компаниудад халтай болсон, бизнесийн орчинд муугаар нөлөөлж байна гэж Гүйцэтгэх захирлууд ХЭГ-ын даргад гомдоллосон. Тэр тусмаа татвартай холбоотой зүйл заалт бизнесийнхэнд багагүй хүндрэл, түвэг удаж байгааг тодорхой зүйл заалтаар тайлбарлан, уламжилсан билээ. Засгийн газар уг хуулийг эргэн харах байр суурьтай байгааг ЗГХЭГ-ын дарга илэрхийлсэн юм.

Мөн татвартай холбоотой аж ахуйн нэгжүүдээс ирж буй гомдлыг Сангийн яаман дээр нэгтгэж буй бөгөөд, удахгүй тус хуулийн талаарх байр сууриа Хууль зүйн яаманд хүргүүлнэ гэж Сангийн дэд сайд Х.Булгантуяа мөн хэлсэн. Зөрчлийн тухай хууль бизнес эрхлэгчдэд татварын дарамт үүсгэж байгааг тэд дуу нэгтэй хэлж байна. Өмнө нь Татварын ерөнхий хууль болон Захиргааны тухай хуульд татварын тайланг хоцроох, мэдүүлэхгүй байх тохиолдолд илүү уян хатан байж, эхний ээлжинд сануулах, дараа нь багахан хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байжээ. Харин шинээр хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар татвараа цаг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй албан татварын 50 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр торгохоор заасан нь бизнес эрхлэгчдэд хэт хатуудсан шийдвэр болсон гэж үзэж буй. Үүний улмаас аж ахуйн нэгжийн чадамж буурч, татварын хүнд орчинд ажиллаж, улмаар дөнгөж эхэлж байгаа бизнесүүд дампуурлын ирмэгт ирж байгаа юм. Стратегийн бизнес регистрийн санд 2017 оны эцсийн байдлаар 155.1 мянган аж ахуй нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 78.6 мянга буюу 50 хувь нь үйл ажиллагаа хэвийн явуулж байна гэсэн судалгааг гаргаад байна. Үйл ажиллагаа явуулаагүй 76.5 мянган аж ахуй нэгж, байгууллагын 38.1 мянга нь үйл ажиллагаа эрхлээгүй, 34.2 мянга нь түр зогссон, 1.6 мянга нь бүрэн зогссон, үлдсэн нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай гэж гарчээ. Эндээс харахад хөрөнгө санхүүгийн боломжгүй байдал, эдийн засгийн хямрал болон татварын дарамт, татварын таагүй орчин зэрэг олон шалтгааны улмаас өнөөдрийн байдлаар 35.8 мянган компани үйл ажиллагаагаа түр болон бүрмөсөн зогсооход хүрчээ.

Зөрчлийн тухай хууль нь татварын дарамт үүсгэх боллоо
Монгол Улс үйлдвэрлэгч орон байж, гаднын хөрөнгө оруулагчдыг татаж, бизнесийн таатай орчин бүрдүүлж, татварын уян хатан бодлого хэрэгжүүлнэ гэж ярьдаг атлаа үнэн хэрэгтээ баялаг бүтээгчид, татвар төлөгчдөө ийн хуулиар дарамталж, Монголын хөрсөнд буухгүй хууль боловсруулж, хуулийн нэрээр татвар төлөгчдийг шахаж байгаад асуудлын гол байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга “Өнгөрсөн оны долдугаар сараас хойш татварын асуудалтай холбоотой маш олон хэрэг шүүх дээр маргаан таслах зорилгоор ирсэн. Ойлголт өгөх үүднээс товч тайлбарлая. Үндсэндээ санхүүгийн асуудалтай холбоотой хэргийг ямар нотлох баримттай хэрэг, хэн үйлдсэн бэ гэдгээс нь шалтгаалан гурван өөр хуульд хамааруулан шийдвэрлэдэг.


Татварын ерөнхий хуульд татварын маргаантай холбоотой асуудлыг байцаагч өөрөө шийдвэрлэж болно гэж заасан байгаа. Үүнд мэдээж тайлангаа буруу илгээх гэх мэт иргэний гаргасан жижиг асуудлууд багтана. Харин хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг Зөрчлийн тухай хуулиар хянан шалгаж, шийдвэрлэдэг бол татвараас зайлсхийх, их хэмжээний мөнгө угаах гэх мэт том асуудалд Эрүүгийн тухай хуулиар хариуцлага ногдуулдаг хуультай. Тиймээс энэ хэргийг хувь хүн үйлдээд байна уу, эсвэл хувь хүн хуулийн этгээдийн өмнөөс үйлдээд байна уу гэдгийг прокурор нотлох баримтаар тогтоож, иргэн үү, байгууллага уу гэдгийг ялгаж салган шүүхэд шилжүүлдэг юм. Хамгийн гол нь хуулийн хэрэгжүүлэх үйл явц нь өөрөө ойлгомжгүй, давхардсан байгаагаас бизнес эрхлэгчдэд асуудал үүсгэж байна. Татвар төлөөгүйтэй холбоотой хэргийн 98 хувь нь Эрүү, үлдсэн хоёр хувь нь Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэж байгаа. Энэ нь татварын маргаан дээр процетурын маш том алдаа байгааг харуулж байна. Иймд Зөрчлийн хуулийг эргэн харах л ёстой болов уу” гэсэн юм. Уг нь аль ч улсад татварын орчин нь бизнес эрхлэгчдэд дарамтгүй, тэдний үйл ажиллагааг дэмжсэн, татварын хэм хэмжээ нь уян хатан байх ёстой байдаг. Иргэн, байгууллага дарамтлуулж татвар төлөх биш, татвар төлөгчид өөрсдөө сайн дураараа төлдөг байх нь хамгийн зөв механизм. Хэтэрхий албадлагын шинж чанартай байвал эргээд эдийн засгийн болон бизнесийн сөрөг нөлөө авчирдаг гэдгийг судлаачид хэлдэг.

БАЙР СУУРЬ:

ТАТВАРЫН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ НЭГ УТГА АГУУЛГАТАЙ

Хуулийн зөвлөх Д.Амарбаясгалан:
-Татварын ерөнхий хууль дахь зөрчлийн хэм хэмжээ, үүнд тооцох хариуцлагатай холбоотой хэсгийг Зөрчлийн тухай хуульд шилжүүлсэн юм. Гэхдээ татварын маргааныг хянан шийдвэрлэх үйл явцыг Татварын ерөнхий хуульд хэвээр үлдээсэн нь нэг асуудал дагуулж байгаа. Зөрчлийн тухай хуулийг мөрдөхөөс өмнө нь татварын зөрчил, үүнд хүлээлгэх хариуцлагыг санхүүгийн болон захиргааны хэмээн тусад нь ангилж, хоёр тогтолцоог зэрэг мөрддөг байсан. Өөрөөр хэлбэл, 2008 оны Татварын ерөнхий хуульд санхүүгийн хариуцлагыг татварын хуульд, энэ хуулийн хэрэгжилтийг зөрчвөл Захиргааны тухай хуулийн 75 дугаар зүйл заалтын дагуу хуулийн этгээдэд хариуцлага тооцдог механизм үйлчилдэг байв. Энэ механизмаар хувь хүн болон хуулийн этгээдэд татвар, албан тушаалтанд захиргааны хуулиар хариуцлага хүлээлгэдэг байлаа. Харин одоо үйлчилж байгаа зохицуулалтаар татвар нөхөн төлүүлэх, алданги болон торгууль ногдуулах асуудал нь Татварын болон Зөрчлийн тухай хуульд зэрэг тусгасан байгаад асуудлын гол оршиж байна. Ингэснээр хэнд нь санхүү, хэнд нь захиргааны хариуцлага ногдуулах вэ гэдэг асуулт ургаж, иргэн болон аж ахуй нэгж, хуулийн этгээд хооронд маргаан дагуулж байна. Нэг үгээр хэлбэл, Татварын болон Зөрчлийн хуулийн зөрчил нэг утга агуулгатай байгаа нь бизнес эрхлэгчдэд төөрөгдөл үүсгэж, бухимдал төрүүлж байна.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Чулуунцэцэг:
-Зөрчлийн тухай хуулийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргээс буюу Эрүүгийн хуулиас хэрхэн ялгаж салгаж ойлгох вэ гэдэг асуудал өнөөдөр анхаарал татаж байна. Тэгэхээр санхүүгийн тайлангийн мэдээллийг буруу тайлагнавал энэ гэмт хэрэг болох уу. Эсвэл Зөрчлийн тухай хуулийг мэдсээр байж татварын зөрчил гаргавал Зөрчлийн хуулиар торгуулах уу гэх мэтчилэн. Судлаач хүний хувьд надад Эрүүгийн тухай хуулиар хариуцлага тооцох зүйл заалтыг зөрчилд тооцоод байна уу гэсэн хардлага тээж байна. Монгол Улсад татварын тав дахь удаагийн шинэчлэл хийгдлээ. Анхны суурь нь Японы татварын эрх зүйн суурь дээр тулгуурласан байдаг. Олон улсын туршлагаас харахад тайлангаа гаргаагүй этгээд, бүртгүүлээгүй татвар төлөгч, хугацаа хожимдож төлбөр төлсөн иргэн, аж ахуй нэгжид, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог хуультай. Харин манай хуульд торгуулийн хэм хэмжээ нь Эрүүгийн хуулиар шийтгэгдэж байгаа хуулиас юугаараа ялгаатай байна вэ. Жишээлбэл, 100 сая төгрөгийн татварыг төлөөгүй байвал тухайн татварыг нөхөн төлүүлэхээс гадна нэмж 30 саяын торгууль ногдуулж байна. Тэгвэл Эрүүгийн хуулийн зүйл ангиар энэ хэргийг авч үзвэл татвар төлөхөөс зайлсхийвэл 450-5100 нэгж буюу 350 мянгаас 5.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулдаг. Тэгэхээр Зөрчлийн хуулиар 130 сая төгрөг төлөх үү, Эрүүгийн хуулиар таван саяыг өгөх үү гэсэн асуулт гарч байгаа биз. Энэ бол хуулийн гажуудал юм. Тиймээс энэ мэт хуулийн санкцийг дахин сайтар нягталж, Зөрчлийн тухай хуулийг сайжруулах шаардлагатай.



САНАЛ БОЛГОХ