Эмнэлэгт үзүүлэхийн тулд үүрээр босож цаг авч байна

Мэдээ


Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ бүтэн нэг зуунаар хоцрогдсон

Техник технологийн эрэн зуунд амьдарч байгаа атал манай улсын эрүүл мэндийн салбар, ялангуяа улсын эмнэлгийн тусламж үйлчилгээ бүтэн нэг зуунаар хоцрогдсон хэвээр олон жилийг үдлээ. Өнөөдөр улсын эмнэлэгт үзүүлэх цахим цаг авахын тулд мянгуужингийн адал явдал лугаа ээдрээтэй зам туулах шаардлагатай болов. Өвчин хүн бүрт хэлж биш хийсч ирдэг гэдэг. Тиймээс аливаа өвчнийг эрт үед нь илрүүлж, оношлох нь хамгаас чухал. Үүний тулд жил бүр шинжилгээ өгч байхыг эмч, мэргэжилтнүүд байнга зөвлөдөг. Гэсэн ч өнөөдөр улсын эмнэлэгт урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх нь бүү хэл, яаралтай эмчид үзүүлэх цаг авахад ч тун бэрх боллоо. Нэг үеэ бодвол эрт босож, цаг авч чадвал басхүү учиртай болсон гэж ахмадууд ярьж байна. Нээрэн л тийм.


Шүд үзүүлэх цаг авах нь нэлээд хүндхэн бэрхшээл дагуулдаг болжээ
Одоогоос 10 гаруй жилийн өмнө ердөө нэгхэн эмчид үзүүлэхэд бүтэн нэг өдрийн ажлаа алдсанаа тод санаж байна. Эмнэлэг онгойхоос нэг цагийн өмнө амьхандаа л эрт гарлаа гэж санан 07.00 цагийн үед очиход 10 гаруй хүн хэдийнэ ирсэн байлаа. Ихэнх нь тэтгэврийн насныхан. Ингээд эмч ч ирж, миний өмнөх 10 гаруй хүнийг ирсэн дарааллаар нь үзсээр цайны цаг хүргэсэн. Цайны цаг дуусаж, яг эмчийн өрөөнд орохын даваан дээр танил нь гэсээр хэдэн хүн дараалал дайрах гэж оролдов. Өчнөөн цаг хүлээсэн хүмүүс бухимдах нь ойлгомжтой. Энэ мэтээр монголчууд эмнэлгийн үйлчилгээ авч, эмчид үзүүлдэг байсан цаг саяхных. Тиймээс эмнэлгийн ачаалал, хүнд суртлыг үгүй болгоно хэмээн эрүүл мэндийн салбарын “том” дарга нар цахимаар цаг олгох систем нэвтрүүлсэн. Харамсалтай нь, нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийн адилаар их мөнгө зарцуулан байж хийсэн өнөөх ажил амьдрал дээр төдийлэн үр дүнгээ өгсөнгүй. Иргэд дүүргийн эмнэлгээс үйлчилгээ авахын тулд үүрийн таван цагт босож, хөхөө өвлийн хүйтэнд үүдээ нээгээгүй эмнэлгийн хаалга сахиж сууна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн шүдний өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор шүд үзүүлэх цаг авах нь нэлээд том асуудал дагуулдаг болсон. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Бат-Эрдэнэ “Он гарсаар хүүхдийнхээ цоорсон гурван шүдийг эмчлүүлэх гэж гурван удаа хонож дугаарласан. Нэг шүдийг гурав хоног эмчилдэг юм байна. Дараагийн шүдийг нь үзүүлэхийн тулд дахиад заавал цаг авах ёстой. Уг нь шүдний гурван эмчтэй. Саяхнаас нэг эмч нь амралтаа авчихсан. Ариутгасан багаж нь хэмжээ хязгаартай учир өдөрт 30 хүнд л үзлэг, эмчилгээ хийдэг гэсэн. Тиймээс боловсон хүчин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ нэмчихвэл асуудал шийдэгдэнэ. Миний мэдэхээр гурван жилийн турш манай дүүргийн иргэд хонон өнжин дугаарлан байж эмнэлгийн үйлчилгээ авч байна” гэв. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд кабинетээс шалтгаалан өдөрт 30-50 хүнд эмчилгээний цаг тараадаг аж.

Харин өдөрт нэг эмчид хамгийн багаар тооцоход 100 хүн үзүүлэхээр ханддаг байна. Тиймээс иргэд 30 хүнийх нь тоонд багтахын төлөө “Хэн хамгийн эрт босох вэ” хэмээх “марафонд” оролцож, өглөө эртлэн босохоос аргагүй байдалд хүрдэг. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйлчилгээ иргэдээ чирэгдүүлсэн, төөрөгдүүлсэн, бүр залхмаар байхад хүн бүр анхан шатны, наад захын эмчилгээ, үйлчилгээ, шинжилгээ өгдөг “эрүүл монгол” болох мөрөөдөл дэндүү хол санагдана. Техник технологийн үсрэнгүй хөгжилд хүрсэн өнөө үед иргэдийг залхаан цээрлүүлж буй мэт дундад зууны үеийнх шиг ийм үйлчилгээг шийдчихэж болмоор л санагдах юм. Байр цахилгааны төлбөр, торгууль гэх мэт төрийн үйлчилгээг цахимаар төлж болоод байхад эмнэлгийн цаг олгох үйлчилгээг яагаад цахим хэлбэрт шилжүүлж болохгүй гэж.

• Эмнэлгийн ачаалал, хүнд суртлыг үгүй болгохын тулд цахимаар цаг олгох системийг нэвтрүүлсэн.

• Гэсэн ч нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийн адилаар төдийлэн үр дүнд хүрсэнгүй.

• Иргэд дүүргийн эмнэлгээс үйлчилгээ авахын тулд үүрийн таван цагт босож, хөхөө өвлийн хүйтэнд үүдээ нээгээгүй эмнэлгийн хаалга сахиж байна.

Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний тасагт үзүүлэх гэж байгаа иргэн тус эмнэлгийн цахим хуудаст регистр эсвэл эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаараар нэвтэрч ороод, цаг захиалчихдаг байж болно шүү дээ. Мөн тухайн хүний шинжилгээний хариу, оношийг и-мэйл хаягаар нь эсвэл гар утсанд нь илгээдэг байх шийдлийг ч бас давхар нэвтрүүлж болно. Ядахдаа л бүх дүүргийн нэгдсэн эмнэлэг, амбулатори, төвүүдээ цахим хэлбэрт шилжүүлмээр байна. Зөвхөн үзүүлэх өдөр нь заавал цаг авдаг бус даваа гарагт очсон хүнд хоёр, гурав хоногийн дараах цаг олгодог байх зохицуулалтыг хэрэгжүүлж болмоор. Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүд яг ийм шийдлийг нэвтрүүлж, цаг олголтоо цахим хэлбэрт оруулсан. Энэ нь сайн болон саар талтай байгааг иргэд хэлж байна. Учир нь цаг авах гэхээр бараг нэг, хоёр сарын дараах цаг байгааг хэлдэг. Ямар л өвчтэй хүн нэг, хоёр сар хүлээх билээ. Мөнгө төгрөг, бэл бэлчин муутай нэгэн нь таарсан цагийг нь авахаас өөр боломжгүй л байдаг. Тиймээс яаралтай үзүүлэх ёстой өвчтөн, хэд хоногийн дараа үзэж болох өвчтөнийг ялгаж салгаж, эмнэлгийн цаг олгох үйлчилгээг улам илүү боловсронгуй болгох шаардлага байна. Талхны мөнгөө бүтэн өгчихөөд дэлгүүрээс тал хагас талх авч байгаатай л адил эрүүл мэндийн даатгал төлж байж эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй байна гэдэг үнэндээ эмгэнэл юм. Тэртээ тэргүй дүүргийн эмнэлгүүд бүгд цахимд холбогдож, цаг тараадаг болсон учир технологийн шийдлийг төрийн үйлчилгээтэй хослуулж, хүнд суртлыг ор үндсээр нь арилгах шаардлагатай байна.


САНАЛ БОЛГОХ