Халуун бүлээрээ амьдрах боломжийг Монгол олгосон

ЗГМ: Зочин


Туркт эмэгтэйчүүдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж болохгүй шалтгаан бий

Эх орноо орхин, хань ижлээ дагаж Монголд ирсэн Элчин сайд нарын гэргий, гэр бүлтэй хийсэн цуврал ярилцлагыг хүргэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цувралын эхний зочноор Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалын гэргий, хатагтай Зэйнэп Кадире Сайим Язалыг урьж, ярилцлаа.

-Юуны өмнө цаг гарган, хүлээж авсанд баярлалаа. Та Монголын урт, хүйтэн өвлийг хэрхэн өнгөрүүлж байна. Хотоос ойрхон салхинд гардаг уу?
-Баярлалаа. Хотоос гарах дуртай. Гэхдээ хүүхдүүд маань амралтын өдрүүдээр дугуйлан, хичээлээс гадуурх сургалтдаа явдаг учир тэр бүр агаарт Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хүн бүрт зориулж сахар, гурил, хөөлгөгч, холестрин, нөөшлөгч, транс тосгүй гэдгээрээ онцлог таван төрлийн жигнэмэг үйлдвэрлэж буй Veg Art Naturals компанийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж гараад байж чаддаггүй. Хүү маань шатар, сагсан бөмбөгийн дугуйланд явдаг. Охин теннис, баллетаар хичээллэдэг. Гэхдээ цаг гарах бүрд аль болох цэвэр агаарт гарахыг хичээдэг. Цагаан сараар бид Тэрэлжийн UB2 амралтын газар очиж амарсан. Үнэхээр сайхан байсан шүү.

-Монголд очих тухай мэдээг анх сонсоод яаж хүлээж авсан бэ?
-Нөхрөөсөө анх сонсоход Монголын талаар Улаанбаатар, мөн хожим нь Анатолийн хойгт суурьшихаар шийдсэн өвөг дээдсийн маань ирсэн газар гэдгээс өөр юу ч мэдэхгүй байсан. Бас хоёр улсын харилцааны чухал илрэл болдог Түрэгийн үеийн дурсгалын Хөшөө цайдам гээд түүх дурсгалын алдартай олдворуудаас өөр зүйл яг үнэндээ мэдэхгүй байсан. Тиймээс Монголын талаар судалж эхэлсэн. Бас хүүхдүүдийн маань сургууль яах бол гэж их санаа зовсон. Гэхдээ нөхөр минь аль хэдийнэ судлаад, зохицуулсан байсан л даа. Тиймээс бид Монголд маш аз жаргалтай ирсэн.

-Аз жаргалтай байсан гэв үү. Яагаад?
-Яагаад гэвэл, бид энд ирэхээсээ өмнө тусдаа амьдарч байсан. Язал маань Иракт хоёр ч удаа томилогдон ажилласан.

-Элчин сайдаар уу?
-Үгүй ээ. Ерөнхий консулаар ажиллаж байсан юм. Бид ханьлаад 10 жил болсон ч цуг амьдарсан хугацаа нь дөрвөн жил. Иракт ажилладаг байхад нь би аюулгүй байдлын үүднээс хүүхдүүдтэйгээ Анкарад гэртээ үлдэхээс аргагүй болсон. Нөхөр маань тэнд хоёр жил болоод эргэж ирэхэд бид халуун бүлээрээ Голландын Амстердамд нэг жил амьдарсан. Гэвч хань минь Иракт дахин томилолтоор ажиллахаар болсон. Харамсалтай нь хүүхдүүд маань Голландад сургуульд орж, би шинэ ажлаа эхлүүлсэн байсан тул хамт буцаагүй. Ингээд бид дахиад л тусдаа амьдарсан.

-Тэгвэл Монгол үнэхээр хамаагүй дээр сонголт байжээ?
-Тэгэлгүй яах вэ. Хамт амьдрахад хамгийн тохиромжтой газар болж байна. Нөхцөл байдлаа судалсан. Одоо Элчин сайдын яам маань ийм сайхан байшинтай болж, ажилчид нь ч гэсэн сэтгэл сайтай хүмүүс. Бас бүгд туркээр ярьдаг. Тухайн улстай төрөлх хэлээрээ ойлголцоно гэдэг Элчин сайд нарт тэр бүр олдохгүй боломж. Нөхөр маань үүнд их сэтгэл хангалуун байдаг.

-Та ямар мэргэжилтэй вэ. Ажлынхаа тухай ярихгүй юу?
-Би Туркийн анхны хувийн их сургууль болох Билкентэд багшилдаг. Билкент гэдэг нь туркээр шинжлэх ухааны хот гэсэн үг. Бүх хичээл нь англи хэл дээр заагддаг, шилдэг сургуулиудын нэг. Би Билкентийн их сургуулийн Бизнесийн сургуульд хүний нөөцийн удирдлага заадаг байлаа. Бараг 14 жил тэнд ажилласан. Дараа нь Голландад 3-4 жил багшилсан. Их сургуульд багшлахаасаа өмнө хувийн компани, Турк дэх Их Британийн консулд ажиллаж байсан. 1990-2016 он хүртэл тасралтгүй ажилласан байна шүү. Харин Монголд ирснээсээ хойш багшлаагүй, жил хагас болж байна.

-Монголд ирэхийн тулд та ажлаа орхисон юм байна шүү дээ. Ийм шийдвэр гаргахад хүнд байсан уу?
-Үгүй ээ. Яагаад гэвэл надад хийхээр төлөвлөсөн маш олон зүйл байсан. Харамсалтай нь, ажлын хажуугаар хандивын арга хэмжээ зохион байгуулах, хүүхдүүдтэйгээ амрах цаг хугацаа илүүчлэхэд хэцүү. Амжуулах гэж хичээх тусам биеэ амраах, тайван бодох цаг хугацаа улам хумигддаг. Яг л зураг эвлүүлдэг тоглоом шиг энэ дүрс хаана тохирох бол гээд хайдагтай адил амьдрал маань эмх цэгц муутай байв. Хүүхдүүдийн сургууль, дугуйлан, сургуулиас гадуурх ажил, өөрийн ажил, найз нөхөд, хамаатан садантай холбоотой асуудал гээд бүгдийг нь зохицуулахын тулд би долоон бөмбөгтэй жонглёрчин шиг л тэвддэг байсан. Хүмүүс “Чи хэр байна” гэж асуухад нь “Ямар ч байсан эсэн мэнд л байна” гэж хариулдаг байв. Харин одоо үнэхээр амар тайван байна. Хэзээ, юу хийх нь тодорхой байна гэдэг бие, оюуны хувьд хамгийн амар амгалан зүйл шүү дээ. Монголд ирсэндээ огт харамсахгүй байна. Ажиллахад хэзээ ч оройтохгүй. Гэхдээ миний хувьд одоо биш.

-Монголд амьдрахад хэцүү зүйл их тулгардаг уу. Яаж шийдэж байна вэ?
-Хамгийн хэцүү нь хүйтэн цаг агаар, агаарын бохирдол юм даа. Ялангуяа, агаарын бохирдлын талаар бид огт мэдээгүй байсан. Хүйтэн цаг агаартай учраас дулаан хувцсаа сайн базаасан. Гэтэл биднийг ирсэн орой хасах 46 хэм хүрсэн. Охины маань төрсөн өдөр байсан юм. Энэ бүхнийг эс тооцвол одоо бүх зүйл сайхан болсон. Хүүхдүүд маань одоо Америк сургуульд явдаг, сайн багштай. Монголчууд бас их сайхан хүмүүс шүү. Гудамжинд хүртэл инээмсэглээд зөрдөг. Хүүхдүүд нь бас хөөрхөн. Туркээс дэндүү хол ч сэтгэл сэргээх олон зүйл байдаг. Бэрхшээл бол хаана ч бий, гэртээ буцаж харьсан ч. Тиймээс сайн сайхныг олж харахыг хичээх хэрэгтэй.

-Таныг эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн хандивын олон үйл ажиллагаа явуулдаг гэж сонссон. Энэ тухайгаа ярьж өгөөч?
-Дуртай зүйлээ идэвхтэй хийх боломж ховор байсан л даа. Харин одоо тэр бүгдийг амжуулж явна. Хүмүүст өглөг өгөх нь миний хүсдэг гол ажлуудын нэг. Би 11 настайдаа дотуур байранд амьдарч эхэлсэн ч амьдрал маань хүнд байгаагүй. Манайх энгийн л нэг айл байсан. Энэ хэрээр бэрхшээл ч бага. Гэхдээ л надад тусалсан, дэмжсэн хүмүүсийн ачийг би хариулах ёстой гэж боддог. Бусдад туслаж, дэмжих нь миний хийх дуртай ажил. Монголын олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн шугамаар хандивын үйл ажиллагаа эрхэлдэг болсон. Хүүхэд, эмэгтэйчүүдийг дэмжих төслүүдийг бид санхүүжүүлдэг юм. Нэг төсөлд ойролцоогоор гурван сая төгрөгийн санхүүжилт олгодог. Их санагдахгүй байж болно.

Гэхдээ миний хувьд энэ их чухал л даа. Бид өнгөрсөн жил 25 жилийн ойг нь тэмдэглэж, хандивын нэлээн том арга хэмжээ зохион байгуулдаг. Би энд Туркийн Элчин сайдын гэргийн хувиар биш хувиараа ажилладаг юм. Харин албан шугамаар бол Лотус хүүхдийн төвтэй хамтарч ажилладаг. Гала тоглолттой оройн зоог зохион байгуулж, цугласан мөнгийг нь Лотус хүүхдийн төвд хандивладаг. Амралтын өдрөөр бол Элчин сайдын яамны ажилчидтайгаа очиж хүүхдүүдтэй тоглож, хоол хийж, салхилдаг. Бас Монголын ширмэл оёдлын төвтэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийг борлуулах, захиалга авах ажилд нь оролцдог. Өнгөрсөн жил бид таван сая төгрөгийн борлуулалт хийсэн. Олсон орлогоороо ширмэл оёдлын сургалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд Архангай аймгийн Өгий нууранд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан гурван өдрийн сургалт хийсэн. Ихэнх нь мориор, мотоциклиэр ирж байсан. Мөн Мишель сантай хамтдаа ажиллаж байгаа. Герман найзын минь сан. Монголын өнчин хүүхдийн болон халамжийн төвүүд, эмзэг бүлгийн хүүхдүүдийн шүдний эрүүл ахуйг сайжруулах ажлууд хийдэг юм. Энэ мэт би буяны олон үйл ажиллагаанд оролцож байна даа. Хүүхдийн төлөө их ажил хийх юмсан гэж хүсдэг болохоор надад зорьсон ажил олон бий.

-Та ээж хүний хувьд хүүхдүүдийнхээ юунд санаа зовж , ямар захиас хэлдэг вэ?
-Хүүхдэд юу хэрэгтэй бол гээд л уншиж, судалснаа хэрэгжүүлдэг ээж би биш ээ. Зүгээр л туршлагаараа зөвлөдөг. Хүүхдүүд минь аль болох эрүүл хүнс хэрэглэдэг, чихэр, түргэн хоол, газтай ундаанаас татгалзаасай гэж хүсдэг. Бас үргэлж идэвхтэй хөдөлж байх хэрэгтэй. Мэдээж, сайн хүн болгож хүмүүжүүлэх нь чухал. Сайн хүн болж хүмүүжих ёстой гэдэг ойлголт миний хувьд шашны сургаалыг чанд дагахтай л адил. Миний хань ч адилхан. Тиймдээ ч өөрсдөө хүнлэг, бусдад энэрэнгүй байхыг хүүхдүүддээ үлгэрлэхийг хичээдэг. Хэр үр дүнтэйг нь мэдэхгүй юм. Хүүхдүүд маань хэтэрхий бие даасан, бусдад санаа тавьж мэддэггүй шинэ үеийнхний нэг болчихвол хэцүү шүү дээ.

-Ээжийн хувьд надад ч гэсэн шинэ үеийнхэнтэй дасан зохицоход хүндрэл их гардаг?
-Дэндүү технологижсон эрин. Хүүхдүүдээ ухаалаг утас, дэлгэцээс хол байлгахыг хичээдэг. Манай хоёр одоо хүртэл фэйсбүүкийн талаар огт мэддэггүй, олон нийтийн ямар ч сүлжээнд хаяггүй. Youtube-ийг саяхан л мэддэг боллоо. Харин iPad-аар амралтын өдрүүдэд багахан тоглуулдаг. Голландад гадаа их тоглодог байсан. Энд харин хэцүү байна. Ямар ч байсан хүмүүстэй харилцаж, хүүхдүүдтэй тоглох хэрэгтэй гэдгийг сайн захидаг. Амралтын өдрүүдээр бид Бүргэдийн баярт очсон. Морь унаж, монгол гэрт амарч, цагийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн. Ер нь өөрсдөө яаж өссөн яг тэрэн шигээ хүүхдүүдээ өсгөхийг хичээдэг.

-Та хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэлтэй юм. Олон улсад зургадугаар сарын 1-нийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж тэмдэглэдэг. Харин Туркчүүд дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг нь ямар учиртай юм бэ?
-Бид анхны жил нэг их өргөн тэмдэглэж чадаагүй. Гэхдээ маш сайхан арга хэмжээ зохион байгуулсан. Энэ жил ч гэсэн зургаан сургуулийн сурагчдыг урьж, “Дэлхий бол зөвхөн биднийх биш” гэдэг сэдвийн хүрээнд зургийн болон зохион бичлэгийн уралдаан зарлана. Хүүхдүүд ан амьтан, ургамал, байгаль дэлхийгээ хамгаалахын тулд юу хийх тухайгаа харуулна гэсэн үг юм. Ер нь яг л Туркдээ байгаа шиг маш их баяр хөөртэй тэмдэглэхээр төлөвлөж байгаа. Дөрөвдүгээр сарын 23 бол Туркийн парламентын чуулганы анхны өдөр. Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Мустафа Кемаль Ататюрк төрсөн хүүхэдгүй байсан ч олон хүүхэд өргөж авсан хүн. Эрүүл, аз жаргалтай хүүхдүүд улс орны хөгжлийн ирээдүй гэдэг учраас парламентын чуулганы анхны өдрийг хүүхдүүдэд зориулсан, тэдний төлөө гэсэн чин сэтгэлтэй нэгэн байсан. Тиймээс энэ өдөр улс даяараа амарч, төрийн дээд шатны бүхий л байгууллагаас эхлээд хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлдэг маш чухал өдөр.

Одоо үеийнхний бэрхшээл бол өндөр албан тушаалд маш хурдан очихсон гэх хүсэл
-Та нөхөртэйгээ анх учирсан сэтгэлд хоногшсон дурсамжаанаас хуваалцаж болох уу. Юунд нь татагдсан бэ?
-Маш урт түүх л дээ. Бид Истанбулын нэгэн их сургуулийн нэг факультетэд сурдаг байсан. Гэхдээ өөр өөр мэргэжлээр. Их сургуульд байхдаа Язалтай огт уулзаж байгаагүй. Сургуулиа төгсөөд би оюутан үеэсээ үерхсэн залуутайгаа гэрлэж, Анкара руу буцаж эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байв. Гурван жилийн дараа Истанбулд оюутан цагийн найз нартайгаа уулзахдаа л нөхөртэйгээ танилцсан. Сайн найзууд боллоо. Удаан ч найзаллаа. Гэтэл энэ бүх хугацаанд тэр надад дурлачихсан байсныг хожим мэдсэн. Би өөр хүний эхнэр байсан тул Язал энэ тухайгаа хэлдэггүй байж. 1994-2007 онд болсон үйл явдал л даа. Энэ хугацаанд би эхний амьдралаа орхисон. Дараа нь Язал надаас гэрлэхийг уйгагүй гуйсан ч би бараг мянган удаа татгалзсан байх. Би хоёр дахь амьдралд яараагүй. Гэхдээ ингэж явсаар 2007 онд гэр бүл болгоосон. Амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн шүү дээ. Эргээд бодоход хөгжилтэй занд нь татагдсан байх. Найзын хувиар бол тэр зан нь үнэхээр сайхан. Харин гэр бүл болчихоод чухал асуудал ярих гэхээр өөдөөс тоглоом хийхэд заримдаа хэцүү (инээв). Битгий тоглоод бай гэж заримдаа би хэлдэг юм. Гэхдээ л миний мэддэг хамгийн хүнлэг хүн.

-Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог гэж та боддог вэ?
-Гэр бүл бол амьдралын утга учир шүү дээ. Илүү өргөн хүрээнд гэр бүлийг харах хэрэгтэй болов уу. Хүүхдүүд, ээж аав гээд цусан төрлийн хүмүүсээс гадна хүсвэл найз нөхдөө ч оролцуулж өнөр өтгөн гэр бүлтэй болж болно шүү дээ. Цусан төрлийнх атлаа бие биенээ огт хараагүй, мэддэггүй хамаатнууд бий. Үүний эсрэгээр цусан төрлийн холбоогүй ч бие биенээ дэмжиж явдаг найзууд байдаг. Тэднийг яагаад гэр бүл гэж тооцож болохгүй гэж. Миний яг ийм найз Англид бий.

-Бидний ярилцлага Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийтлэгдэж байгаа. Энэ өдрийг турк эмэгтэйчүүд хэрхэн тэмдэглэдэг тухай манай уншигчдад ярьж өгөөч?
-Монголтой харьцуулахад тийм ч өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Энд бол улс даяар амардаг юм байна. Туркт Засгийн газар, ТББ, хандивын байгууллагууд гээд тэмдэглэдэг газар бий. Харамсалтай нь, нэг өдөр гэдэг маш богино хугацаа юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад гаргасан санал санаачилгууд маргааш нь л мартагдчихдаг. Эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх, ажлын нөхцлийг сайжруулах, хүүхдээ найдвартай газар үлдээгээд ажиллах боломжоор хангах гэх мэт хийх зүйл бидэнд маш их бий. Нөгөөтэйгүүр, Туркт энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэхэд болгоомжлох шалтгаан бий. Эмэгтэйчүүд амиа хорлох, хайртай хүнтэйгээ гэрлэхэд эсэргүүцэлтэй тулгардаг, охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртдөг зэрэг шалтгааны улмаас ийм төрлийн арга хэмжээ дотоодын үймээн самуун болж хувирах эрсдэлтэй. Эмэгтэйчүүдийн нөхцлийг сайжруулах нь бидний шийдэх ёстой өөр нэг асуудал юм.

-Туркийн залуу үеийнхний мөрөөдөл юу вэ?
-Мэдээж сайхан амьдрах нь бүхий л үеийнхний залуу насны мөрөөдөл. Гэхдээ миний бодлоор одоо үеийнхэнд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл нь өндөр албан тушаалд маш хурдан оччих юмсан гэсэн хүсэл. Үүнд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгохгүй байна. Сайн их сургууль төгсчихсөн бол бүх юм болно гэж боддог. Сургуулиа төгсөнө, мэргэжил дээшлүүлнэ, ажилд орно гэдэг ойлголт байхгүй. Анх ажилд орохдоо л ерөнхий менежер, профессор гээд өндөр албан тушаалд очихыг илүүд үзэж байна. Гэтэл хүн бүр өндөр албан тушаалд очиж чадахгүй. Тэгэх ч шаардлагагүй. Бүгд ерөнхий менежер, профессор болвол хэнийгээ удирдаж, хэнд хичээл заах болж байна. Амжилтад хүрэхэд их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Мөн амьдрал бол аялал, түүнээс биш хатуу тогтоосон зорилт биш шүү дээ. Хүмүүс зорилгодоо хүрчихвэл аз жаргалтай болох юм шиг санадаг. Энэ янзаараа бол 50 нас хүрсэн ч аз жаргалыг хүлээсээр байна. Түүний оронд аяллын турш аз жаргалыг мэдрэхийг хичээх хэрэгтэй.

-Таны яриа их ойрхон санагдаж байна. Монголд ч гэсэн ийм хандлага нийтлэг болсон. Яагаад ийм болов гэдгийг нь мэдэхгүй юм?
-Шинэ үеийнхэн шүү дээ. Бидний өмнөх үед хувийн амьдралаа умартаад хөдөлмөрлөдөг байсан. Харин шинэ үеийнхэн бол ажлынхаа төлөө үхтлээ хөдөлмөрлөнө гэдгийг ойлгоход дэндүү балчирдана. Энэ хоёр туйлын дунд байгаа бид л тэнцвэртэй амьдрах ухааныг үлгэрлэх ёстой гэж боддог шүү.

-Та Монгол бүсгүйчүүдтэй хэр үерхэж байна вэ?
-Монгол найзууд бий. Монголын ширмэл хийцийн нийгэмлэгийн тэргүүн Сэлэнгэ миний ойр дотно нөхөрлөдөг бүсгүйчүүдийн нэг. Бид хамтдаа нэхмэлийн клубт явдаг. Мөн Монголын олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн удирдлагуудтай найзалдаг. Бас Элчин сайдын яамны ажилчид бий. Гэхдээ тийм ч олон биш л дээ, тоолбол 15-д багтах байх.

-Та монгол хэл сурч байна уу?
-Тэгэлгүй яах вэ, өнгөрсөн зунаас эхэлсэн. Кирилл цагаан толгой сурахад үнэхээр хүнд байлаа. Ялангуяа, ө, ү үсгийн дуудлага. Одоо ч гэсэн дуудахад амаргүй. Түүнээс биш аль аль нь Алтай язгуурын хэл учраас өгүүлбэрийн бүтэц, асуух өгүүлбэр нь төстэй. Ямар ч байсан одоо чөлөөтэй уншдаг болсон, бас тоолж чадна. Дэлгүүрт худалдаа түвэггүй хийнэ. Бас сайн байна уу, баяртай, баярлалаа, сайхан амарсан уу, сайхан амраарай гэдэг хэдэн үгтэй. Хэлний мэдлэгээ улам сайжруулна аа. Энд ажиллахад монголчуудтай монгол хэлээр ойлголцох хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч би орчуулагчтай биш шууд харилцах дуртай.

-Та маш цэвэрхэн дуудлагатай юм байна?
-Баярлалаа. Олон хүнээс сонсож байсан. Утсаар ярихдаа байна уу, сайн байна уу гээд авахад монгол хүн л гэж андуурна. Туркийн Элчингийн нарийн бичгийн дарга хүртэл намайг олон удаа андуурч байсан шүү.

-Цаг гарган ярилцсанд тань баярлалаа.



САНАЛ БОЛГОХ