21995
Нүдний өвчлөлийн шалтгаан нь гар утас
ЗГМ: Сэдэв
8000 хүнд болор шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ
Гар утас, таблет, компьютер, зурагтаас ялгардаг “цэнхэр гэрэл”-ийн талаар та мэдэх үү. Энэ бол технологийн дэвшлийн сөрөг тал. Ухаалаг гар утас ашигласнаар нүдний хараанд огцом өөрчлөлт орж, эмчилгээ хийлгэхгүй бол бүр хараагаа алдах аюулыг Их Британийн эмч нар судалсан байна. CCTV.com-н мэдээллийн сайтад бичсэнээр 22-40 насны хоёр англи эмэгтэй “15 минут орчим юу ч харахаа байчихлаа” хэмээн эмчид ханджээ. Эмч нарын тайлбарлаж буйгаар ийм байдалд орохыг “түр харалган болох” гэж нэрлэдэг байна. Дээрх эмэгтэйчүүд унтахаар хэвтэх үедээ үргэлж утсаа оролддог байсан бөгөөд, энэ үед нэг нүд нь илүү ачаалал авдаг байжээ. Өөрөөр хэлбэл, хажуу тийш харж хэвтсэн тохиолдолд нэг нүдийг нь дэр таглаж, зөвхөн нөгөө нүдээрээ утас хардаг аж. Харин утас унтарсны дараа хүний нүд харанхуйд дасан зохицох гэж тодорхой хугацаа зарцуулдаг ба үүнийг “Түр зуур харалган болох” шалтгаан болдог гэж Их Британийн эмч нар тайлбарлажээ.
П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэг нүдний өвчлөлтэй холбоотой нэгэн судалгаа хийжээ. Тус эмнэлэг өнгөрсөн онд 1075 хүнд нүдний мэс засал хийсэн талаарх судалгаанд дурдсан байв. Мөн дахин 8000 хүн болор шилжүүлэн суулгуулах шаардлагатай гэж оношлогджээ. Хэдийгээр бүгд ухаалаг төхөөрөмжөөс ялгарах цэнхэр гэрлээс үүдэлтэй гэж хэлэхгүй ч, бага насны хүүхдүүд, залуучуудын нүдний өвчлөлийн суурь шалтгаанд голлон нөлөөлдөг гэж эмч нар хэлж байна. Одоогоос 10 орчим жилийн өмнө нүдний өвчлөл 60-70 түүнээс дээш насны ахмадуудад ихэвчлэн тохиолддог хөгшрөлтөөс үүдэлтэй эмгэг гэгддэг байв. Гэтэл орчин үед гар утас, таблетын цэнхэр гэрлийн нөлөөгөөр бага насны хүүхэд, залуучуудын хараа эрс муудаж, нүдний өвчлөл эрс ихсэж байгаа нь анхаарах чухал асуудал боллоо. Цэнхэр гэрлийг удаан харвал нүдний болор наснаасаа эрт цайрах, өнгө ялгахаа байх, нүдний торлог бүрхэвч ховхрох эрсдэл үүсгэдэг байна. Ийн олдмолоор хараа муудах, нүдний хүнд өвчнөөр өвчлөхөөс гадна эдийн засгаараа их хэмжээний хохирол амсах муу талтай. Нүдний мэс заслууд ихэвчлэн өндөр өртөгтэй заримыг нь манай улс хийж чаддаггүй. Тухайлбал, торлог хуурах лазер мэс заслыг дотооддоо хийлгэхэд 4.5-5 сая төгрөг шаардагдах аж.
2017 онд 1075 хүн нүдний мэс засал хийлгэсэн
Гэхдээ хүндэрсэн тохиолдолд зайлшгүй гадаадад хийлгэхээс аргагүй болох бөгөөд БНХАУ, БНСУ-ыг зорих нь элбэг болжээ. Тухайлбал, Бээжинд торлогийн лазер мэс засалд 12-15 сая төгрөг зарцуулж, хараатай болно гээд бодохоор ухаалаг утастай зууралдаж мөнгө төгрөг, эрүүл мэндээрээ хохирох аюултайг анхаарууштай. П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Баттуяа “Нүд бусад эрхтний адил хэт их ачаалалтай, амралтгүй ажиллавал ядарч, цуцдаг. Гэтэл сүүлийн үед бага насны хүүхэд маш олон цагийг дэлгэцний өмнө өнгөрөөж байна. Дэлгэцийг нэг цагаас илүү ширтэж болохгүй. Харин эцэг эхчүүд үүнийг хайхардаггүй, балчир хүүхдэдээ хэдэн ч цаг хамаагүй утас бариулаад суулгачихдаг болжээ. Үүнээс болоод хараа муудах, торлог бүрхэвч гэмтэх, тэр ч бүү хэл хараагүй болох аюул тулгардаг. Мөн залуучуудын дунд харааны хугарлын гажиг зонхилон тохиолдох боллоо” гэв. Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт дөрөв болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг байна.
Харин “Орбита” эмнэлгийн эмч Б.Үен “ Залуу ээж, аав нар хоёр, гурван настай хүүхдийнхээ уйлахаас нь эмээж, гар утсаа өгдөг боллоо. Энэ хамгийн буруу үйлдэл. Хүүхэд 16-гаас дээш настай, зайлшгүй хэрэглэх шаардлагатай болсон үедээ гар утас хэрэглэж болно. Хэрвээ гар утас өгвөл заавал туяаны хамгаалалттай шил зүүлгэх ёстой. Ядаж ингэж хүүхдийнхээ нүдийг хорт туяанаас хамгаалахгүй бол хэдхэн жилийн дараа нүдний эмгэг үүснэ шүү дээ” гэлээ. Өнөөдөр АНУ-ын 10 хүн тутмын ес нь өдөр бүр цэнхэр дэлгэц хэрэглэдэг бөгөөд америкчуудын 77 хувьд нь нүдний ямар нэг эмгэг тохиолдож байгаа аж. Ердийн үед хүн нэг минутад 10-20 удаа нүдээ анивчиж, шаардлагатай тос ялгаруулж, чийгээ нөхөж, тэнцвэржүүлдэг. Гэтэл хүмүүс ном унших, гар утсаа ширтэх, зурагт үзсээр минутад ердөө 3-8 удаа л нүдээ анивчдаг байна. Энэ нь байх ёстой хэмжээнээс 60 хувиар бага үзүүлэлт. Эргээд нүд хуурайших, загатнах гол шалтгаан болдог. Нүд булчинлаг эрхтэн. Тиймээс нүдний дасгалыг тогтмол хийж байх ёстой. Харин нүдний хамгийн сайн дасгал нь алсын зүйлд хараагаа бэлчээх. Гэвч хотжилт, хүн амын бөөгнөрөл, суурин амьдралаас шалтгаалан нэг нэгнээ даган байрлах өндөр барилгууд нүдний хараа бэлчээх орон зайг хүн төрөлхтөнд олгохгүй болсон. Тиймээс ядаж нүдний өвчлөлд наснаасаа эрт дарлуулж, эдийн засаг болон эд эрхтэнээрээ хохирохгүй байх нөхцөлийг хүн өөрөө л бий болгох шаардлагатай болж. Үүний хамгийн эхний арга нь дэлгэцийн “цэнхэр гэрэл”-ээс өөрийгөө хамгаалах юм.
Дэлхийн утасны зах зээлд iPhone болон Samsung загварын гар утас ноёрхож буй. Нэмж зөвлөхөд гар утасны цэнхэр гэрэл хүний тархинд шууд нөлөөлдөг бөгөөд ой тогтоолт муудах, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болох, нойргүйдэлд хүргэдэг байна. Учир нь цэнхэр гэрэл байгалийн гэрэлтэй адил мэдрэмж төрүүлдэг тул хүнд “унтах болоогүй” гэсэн дохиог өгч, улам сэргэг болгодог аж. Ингэж удаан хугацаанд нойргүй явах нь мэдрэл саармагжуулагч нейротоксин хэмээх хорны хуримтлалыг бий болгодог юм байна. Энэ нь сэтгэцэд хүртэл нөлөөлөх сөрөг үр дагаварыг бий болгодгийг эмч нар нотолж буй. Иймээс энэ төрлийн утаснуудад гэрлийн тусгалыг бууруулан хэрэглэхэд энгийн, хялбар тохиргоог өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь чухал юм. Үүнийг заавал хэрэглэж дадвал нүдний өвчлөлөөс бага ч атугай сэргийлэх боломжтой.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй